sonin.mn
6.2-ийн талаар судлаачийн санал
.
МОНГОЛ ТӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭ ХУУЛЬЧИЛСАН УЛАМЖЛАЛААС...
 
Түлхүүр үг: төрийн нийтийн өмч,  хэл сэтгэлгээ, төрт ёс, түүхэн уламжлал, төрийн шинж, хүн ам, ард түмний өмч
Товч агуулга: Монгол Улсын үндсэн хуулийн 6.2 зүйл заалтыг монгол хэл, сэтгэлгээ төрт ёсний түүхэн уламжлалаас мөшгин үзвэл нэр томьёоны хувьд анхааран үзэх үндэслэл байна. 
 
Төр эрхзүйн онолын хувьд төрийн нийтийн гэх томьёолол нь төрийн нийт хүн амыг багтаасан ойлголт бөгөөд өргөн дэлгэр утгыг агуулдаг. Монгол төрт ёсны түүхэн уламжлалд газар нутгийг улсын үндэс гэж үзэн, хатуу хуулиар хамгаалж, ард иргэдийнхээ эзэмшилд дээдлэн сахиж иржээ. Үндсэн хуулийн тус зүйл заалтын талаарх олон түмний маргаан нь монголчууд бидэнд түүхэн уламжлал, баримт туршлагаасаа суралцан, засаг хуулиа зөв зүйтэй боловсруулах явдал тулгамдаж байгааг хөндөж өгч байна. Энэ асуудалд салбарын эрдэмтэдийн зүгээс шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо баримтыг мөшгин үзэж тайлбарлах нь зүйтэй юм. 
Монгол улсын Үндсэн хуулинд 2019 оны 11-р сарын 14-ний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2020 оны 5-р сарын 25-нд мөрдөж эхэлсэн. Үндсэн хууль бол “Нийгэм төрийн байгууллын үндэс, төрийн байгууллагуудын систем, зохион байгуулалт үйл ажиллагааны зарчим, иргэдийн үндсэн эрх, үүргийг бататган бэхжүүлсэн улсын тулгуур засаг хууль”[https://mongoltoli.mn/dictionary/detail/100488] билээ. Шинээр батлагдсан Үндсэн  хуулийн 6.2.т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”  гэж заажээ. 
Энэхүү зүйл заалтын талаар ард иргэд, судлаачид, хуульчдын дунд маш их маргаан өрнөж байгаатай холбогдуулан хэд хэдэн судалгааны үндэслэл бүхий тайлбар хийхийг зорив. 
 
Монгол хэл, сэтгэлгээний үүднээс “төрийн нийтийн” гэх нэр томьёог шинжилбэл хэд хэдэн тайлбарыг хийж болохоор харагдаж байна. 
 
Улс \Төр\ гэдэг  үгийг  Монгол хэлний тайлбар тольд “Нэгэн орны ноёрхох ангийн эрх ашгийг хамгаалсан зохион байгуулалт бүхий орон гүрэн”. [Я.Ц: 1966., 591] “Нэгэн орны ноёрхох ангийн эрхэм ашгийг хамгаалсан, зохион байгуулалт бүхий орон, тусгаар тогтносон төрийн эрхт ёс бүхий гүрэн: гүр их улс (хамаг улс, бүх ард түмэн), улсын аюулгүй байдал (улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, уг улс үндэстний үндсэн хуулиар бататгасан төр, нийгмийн байгууллагын аюулгүй оршин тогтнох нөхцөл)” [https://mongoltoli.mn/dictionary/detail/95614] гэх зэргээр тайлбарлажээ. 
“Нийт” хэмээх үгийг Я.Цэвэлийн тайлбар тольд “Бүгд” [Я.Ц., 1966., :  37] гэсэн утгатай, ., Монгол хэлний их тайлбар тольд“Нэг төрлийн олон юмыг хамран заах төлөөний үг, бүгд: нийтийн аж ахуй (олон түмний өмч болсон аж ахуй), нийтийн санал бодол (олон түмний бодол санаа), нийт мал (бүх мал), нийтийн бүжиг (а. Олон үндэстний ардын бүжгийн эх сурвалжтай нийтээр бүжих бүжиг; б. Олон хүн хөгжмийн аянд цэнгэн бүжиглэх бүжиг), нийтэд ойлгомжтой (олон түмэнд ойлгомжтой) Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө гэсэн уриан дор ажиллацгаана.”https://mongoltoli.mn/dictionary/detail/62365 гэх мэтчилэн тайлбарлажээ. 
 
Төр улсын гол шинж бол нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэг эрх мэдлээс бүрдэнэ. Тиймээс “төрийн нийтийн” гэх ойлголтод тухайн улсын нийт хүн ам хамааралтай гэх утга гарч ирж байна. Тухайн төр улсын хүн ам гэдэг ойлголт маш өргөн дэлгэр утгатай. “Хүн амын бүрэлдэхүүнд тухайн улсын харьяат болон харьяат бус\ гадаадын байнга, түр оршин суугч, цагаач гэх мэт\ хүмүүс багтана.” Хүн ам ийм өргөн бүрэлдэхүүнтэй учраас ард түмэн гэсэн ойлголтоос өргөн агуулгатай бөгөөд Монголын ард түмэн”-д монгол улсын иргэний харьяалал бүхий хүмүүсийг, тухайн төрийн гишүүдийг ойлгодог. Эдгээрээс харахад гадаадын байнга болоод түр оршин суугч цагаач иргэд ч Монгол улсын газар нутгийг өмчлөх эрхтэй болсон мэт логик харагдаж байгаа нь нэр томьёоны хувьд тохирсон зүйл заалт болж чадаагүйг илтгэж байна.
Түүхэн уламжлалт төрт ёсны сэтгэлгээний үүднээс хэд хэдэн тайлбар хийх нь зүйтэй. 
 
Газар нутаг бол тухайн улс орон оршин тогтнохын амин чухал үндэс болохын хувьд тухайн улсын бие даасан байдлыг илэрхийлж байдаг.  Иймээс Монгол улс төр тулгар төрийг байгуулж ирсэн түүхэн үеэсээ эхлэн газрыг улсын өмчөөр хуульчилж ирсэн түүхэн уламжлалтай. Аль дээр цагаас монголчуудын өвөг Хүннүгийн төрт улсын үеэс газрыг улсын үндэс хэмээн үзэж байв. Хүннүгийн шаньюй сөөм газрын төлөө ч үхэн хатан тэмцэж байжээ. Дорно зүгийн орнуудын нэгэн адил Монголын бүх газар нутаг нь улсын өмчинд байсан бөгөөд Монголчуудын өвөг дээдэс Хүннү улсын Модун хаан дорнод Ху нарыг хэрхэн эрхэндээ оруулсан тухай "Ши цзи" зохиолд " Маодунь ширээнд суух үед дорнод Ху нар хүчирхэг болон мандаж байв. Дорнод Ху нарын эзэн улам бардамнан, өрнөд талдаа байгаа нутгийг эзлэн эхэлжээ. Тэдний хооронд хүн нутагладаггүй 1000 гаруй газар эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто (хилийн хэрмийг нэрлэх үг) болон нутаглана. Дорнод Ху нараас элчин ирж: "Танай, манай хоёрын хил болох оутогийн цаад талд эзэнгүй нутаг байна. Та нар түүнд хүршгүй, бид авъя" гэж хэлэхэд Маодунь түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь: "Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно" гэхэд Маодунь маш хилэгнэн: "Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно" гээд, дорно зүг хөдлөн, дорнод Ху нарыг гэнэт довтолж эзэлсэн тухай дээрх түүхэн тэмдэглэлд үлджээ. 
Монгол төрт ёсны түүхэнд тусгаар тогтнолоороо газар нутгийнхаа хил хязгаарыг баталгаажуулж байсанбаримт бий. Хүннү болон Хан улсын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бие, биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байжээ.Энэ явдлын тухай "Ши цзи" зохиолд: "Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над (Лю Бан өөрийгөө хэлж байна) захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм... Гаоди (Лю Бан хааны оны цол) хаан Лю Цзинг элчнээр илгээн, хааны ургийн гүнжийг шаньюйд яньчжи болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа, дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсон" хэмээн тэмдэглэсэн байна.
Түүхэн уламжлалаа даган Монголын их эзэнт гүрний үед газар нутгаа мөн л улсын үндэс хэмээн дээдэлж байлаа. Чингис хаан Их засаг хуульдаа “Би өвөг дээдсийнхээ газар нутаг, орон өргөөг алга болгоход хүргүүлэхгүй. Тэдний ёс заншил зам мөрийг устгуулахгүй.” [Рашид Аддин. Судрын чуулган. Орчуулсан Сүрэнхорлоо. I, II, III дэвтэр.УБ., 2002.278 дахь тал] хэмээн тунхаглаж байв. Тийм учраас, ард иргэдийн амьжиргааны үндэс эд баялаг болох мал сүргийг өсгөн  үржүүлэх газар бэлчээрийг хатуу хуулиар хамгаалан сахиж байв. “Гал алдаж бэлчээр шатаасны нэгэн гэрийнхнийг алмуй. .... аянга ба түймэрт үхэгсдийн эд малыг бүрэн  орхиж, зайлаад эрхбиш ой болсны хойно сая буцаж ирмүй. “Өвс ногоорсны хойно газар нүхэлсэн нэгэн гэрийнхнийг алмуй..”(Хар татарын хэргийн товч УБ., 2006., 261) )[МХТТЭ I боть., УБ.2010., 38] хэмээн их засаг хуулиараа газар бэлчээрээ хамгаалж байв. 
 
Монгол төрт ёсны сэтгэлгээний түүхэнд тэнгэр, газар бол ард түмний эрхэм шүтээн байв. Чингис хаан мөн түүний өвөг Хабул хааны үед ч газар нутгийнхаа төлөө л дайтаж байсан. Тэр үед газар эзэмшил нь гурван зүйл байсан нь: а) Улсын газар буюу мянгатын нутаг, б) Дархалсан нутаг, в) Соёрхлын газар болно. Монгол төрд онцгой гавьяа байгуулсан хэн нэгэнд газар нутагт нь дархлан суулгах эрхийг олгож байв. Монголын нууц товчоонд “ Мэргидийн газар Сэлэнгийг нутаглаж, нутаг бээр дархлагтун! Ургийн ургаа хүртэл хорчлуулж, өтөглүүлж дархлагтун. Есөн алдалд, эрүүд бүү ортугай.”хэмээн зарлиг болов.” 
 
“ Эрчис гудас ойн иргэнд хүртэл нутаг дархлан нутаглаж, ойн иргэнийг дагуулан хорч түмэн мэдтүгэй.” хэмээн зарлиг болов.”  гэж бий. Энэ мэт газар нутгийг ард түмнийхээ эзэмшил болгож байсан түүхэн баримт уламжлагдаж иржээ. 
Их Монгол улсын үед олон шашны сүм хийдтэй холбоотой газрыг чУлсын хуулиар хатуу хориглож байсан нь тухайн үеийн хаадын  \Өлзийт, Буянт, Тогоонтөмөр гэх мэт\ маш олон зарлиг бичигт туссан байдаг. Тухайлбал “Газар, ус, цэцэрлэг, тээрэм, юу хээг нь хэд хэд бээр болж булааж татаж бүү автугай   гэх мэтээр зарлигласан байна. 
Хожим Ил хаант монгол улс газар эзэмшлийн хэд хэдэн хэлбэртэй байсан боловч, газрыг улсынх болгон, Их Монгол улсын төрийн бодлоготой уялдуулж  байжээ.  Аль ч цаг үед монголчуудын хувьд газар нь төр улсын мэдэлд байж, төр улс нь ард иргэдийнхээ амьжиргааны үндэс болох газар нутгийг чанга хатуу хуулиар хамгаалан сахиж байв.
Юань улсын богд хуульд “Улс гүрний булаалдан тэмцэхийн шалтгаан гэвэл газар нутаг, ард иргэдийг олж авахын төлөө болой. Газар нутгийг хэдийгээр эзлэн ававч, ард иргэдгүй болбоос тэнд хэн суух юм? Өдгөө бид шинээр эзлэн авсан хот балгадыг сахин хамгаалах ард иргэдийг уул ёсоор ажил үйлсэд нь шамдуулан амаржуулах хэрэгтэй болов.   хэмээн тухайн үеийн эзэн хаан зарлиглаж байжээ. Аливаа төрийн анхдагч үндэс бол газар нутаг бөгөөд түүнийг сахин хамгаалах үүргийг ард түмэн хүлээдэг.  Эндээс харахад “Монголчууд эртнээс газар нутгийг ард иргэдээр нь сахин хамгаалуулж, тэдний эзэмшилд хамааруулж байсныг учир зүйн үүднээс нотлох бүрэн үндэслэл байна. 
Монголчууд газар нутгаа хайрлан хамгаалахдаа байгаль орчинд ээлтэй байж, шунаг сэтгэлээр баялагт дулдуйдан хувьдаа өмчлөхийг цээрлэдэг байсан. Энэхүү үнэт чанар нь суурьшмал соёл иргэншлийн газраа хувьчлах гэдэг үзэлтэй огтхон ч таарч тохирдоггүй. Энэ нь газраа эзэнгүйдүйлэх, олон нийтийн болгох гэсэн ойлголтоос хол зөрүүтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй.Түүхэн сурвалжид Кашмирыг эзлэх үед Цагаадайн улсын жанжид “Монгол хүмүүсийн амьдрал зугаа цэнгэл нь хүний гараар хөндөгдөөгүй тал нутаг билээ. Эзгүй хээрийн шар шувууны дуу нь бидний хувьд цэцэрлэгийн алтан гургалдайн дуунаас илүү тааламжтай билээ. Бид хагалсан тарьсан газар огт нутагладаггүй билээ. ...... Бид мал сүргээсээ хагацвал амьдралаас хагацаж, амиа хорлохоос өөр аргагүй болно...”  гэх мэтчилэн тангарагласан байдаг. 
Аливаа ард түмний түүх соёл ертөнцийг үзэх үзэл буюу танин мэдэхүйн ойлголтууд харилцан адилгүй байдаг. Юмс үзэгдлийг ерөнхий, хийсвэрээс нь тусгай, бодтой руу нь шилжүүлж сэтгэх үү, эсвэл эхлээд бодот, тусгайг нь мэдрээд дараа нь ерөнхий, хийсвэр дүгнэлт гаргах уу гэдэг нь танин мэдэхүйд нэн чухал. Хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжлийг ажиглахад нүүдэлчин иргэншилт монгол хүн ерөнхий, хийсвэр, бүхлээс тусгай, бодтой, хэсгийг илүүтэй ургуулан сэтгэдэг бол суурьшмал иргэншилт хүмүүс тусгай, бодтой, хэсгээс ерөнхий рүү сэтгэхийг чухалчилдаг билээ.
Нэрт монгол судлаач Г.Д.Рамстедт “Дорно этгээдэд долоон удаа хэмээх түүхэн тэмдэглэлдээ тухайн үеийн монголчуудтай  ярилцаж байсан талаар бичихдээ “.... баруунд зүлэг ногоо бүхий газрыг тухайн нутагт оршин суугчид эзэмшдэг болохыг би хэлэв. Миний яриаг сонсож байсан бүхэн гайхан алмайрч барууныхан өвс ногоо иддэг хэрэг үү хэмээн асууж байна. Өөрсдөө биш малдаа зориулан хадлан бэлддэг тухай ярихад Монголчууд газар дэлхийг хэн нэгэн хувь хүн эзэмшинэ гэдгийг яагаад ч хүлээн авахгүй байлаа.  Би газрыг худалдан авдаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов. Үүнийг сонсоод өнөөдүүл маань бүр гайхан алмайрч хэрхэн худалдан авдаг талаар асууж байна. “Газар нутгийг чи чирээд явж чадахгүйгээс хойш худалдан авна гэж байхгүй” хэмээн монголчууд мэтгэнэ. Нэг монгол үсрэн босоод тэнгэрт мандсан сарыг харснаа за чи тэр сарыг худалдаад авчих би чамд бичиг баримт үйлдээд өгөе хариуд нь чи надад мөнгө өгөөрэй хэмээн шоолж билээ”  Ийнхүү Рамстедт энэ үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн нь монгол сэтгэлгээг ойлгох үнэ цэнтэй баримт болж байна.Монголчуудын энэ сэтгэлгээ дэлхий ертөнцийг авран хамгаалах үзэлбаримтлалыг багтаасан гүн ухаан билээ. 
 
Монгол хүний ийм л байгальдаа ээлтэй, олон түмэнтэйгээ зэрэгцэн орших ухааныг багтаасан, уудам тал нутаг шигээ цэлгэр тавиу сэтгэлгээ бүхий амин чанарыг нь орчин үеийн өрнөдийнхний болон суурьшмал иргэншлийн эрхзүйн сэтгэлгээгээр ойлгож, хуульчилбал бидний оршихуйд үл нийцэх тийм л эрхзүйн зохицуулалт болох талтай. Монголчуудын энэхүү амин чанарыг гадны сэтгэлгээгээр ухаж ойлговол газар нутгаа нийтийнх мэт үзэж байгаа мэт харагдана. Харин монгол хүн монголоороо сэтгэвэл газар нутаг бол монголчуудын гол шүтээний нэг болох төдийгүй, төр улсын үндэс байж, ард түмэн түүний баялгаас зөв зүйтэй тэгш хүртэж, төрөөс хатуу хуульчилж сахин хамгаалж ирсэн уламжлал харагдаж байна. 
 
Нутаг дэвсгэрээ хуульчлахдаа ард түмнийхээ хэл, сэтгэлгээ, соёлыг маш анхаарч үзэх шаардлагатай бөгөөд үүнийг орхигдуулбал, олон улсын хооронд үндэстэн дамнасан буруу зөрүү ойлголтыг дагуулах эрсдэлтэй юм.
Монголын түүхэнд Манжийн эрхшээлийн үед байнга гардаг байсан маргаан, зөрөлдөөний нэг түгээмэл хэлбэр нь газар нутгийн хил хязгаарын асуудал байлаа. Тухайн үеийн алтан ургийн сэхээтэн То ван нутаг дэвсгэр, хил хязгаарын маргааныг шийдвэрлэх явцдаа Ар булаг, Модон хашаат, Хулд уул зэрэг нэр бүхий Манжид алдагдсан газрыг мэргэн ухаанаар өөрийн нутагт буцааж авсан түүх бий. Вангийн цагаан уул, Сангийн цагаан нуур, Ганга нуурын тухай олон домог То вантай холбогддог. “Монгол улсын зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаарай” гэсэн То вангийн аман гэрээслэл байдаг тухай судлаачид бичсэн байдаг.Вангийн цагаан уулыг хэрхэн авч үлдсэн тухай түүхэн домгийг бид нэхэн санах учиртай. Энд монгол ухааны ачаар монголоо аварч үлдэнэ гэдгийг аль ч үедээ бодож хадгалж явахыг захисан ньТо вангийн аман гэрээсийн ач холбогдол оршино. Альч цаг үедмонгол ухаанаар сэтгэж, төрийн бодлогоо боловсруулж, дагаж мөрдөх нь төр улс тогтвортой байхын үндэс болно. То ван улс орноо хөгжүүлэх гол арга зам бол монгол үндэснийхээ уламжлалд тулгуурах ганц зөв зам байгааг олж харж байсан шилдэг сэхээтэн билээ.
Мөн эх оронч Галдан бошигт хааны тухай монголчуудын дунд олон яриа домог байдаг бөгөөд түүний гэрээслэлд
“Халх, Ойрадыг хагацаасан харь Манжийн санаархалд
Хааны үхэл хэрэгтэй бол хар толгойгоо тавьсугай
Эвлэж найрамдъя гэвээс
Эрлэг ч ирсэн эвлэ
Эвдэж тараая гэвээс
Эзний зарлигийг ч бүү дага
Мэндлэн хүндлэх аваас чөтгөр ч ирсэн мэхий
Миний нутгийн газраас бурхан ч гуйсан бүү өг!
хэмээснийг нэхэн санаж болох юм. Эдгээр түүхэн баримтаас харахад Монголчууд газар нутаг, байгалийн баялгаа ямагт төр улсынх нь үндэс гэж үзэн, ард түмнийхээ эзэмшилд хатуу хуульчлан хамгаалж байжээ.  
Жич: Дэлхийн улс гүрнүүд Үндсэн хуульдаа газар нутгаа хэрхэн хуульчилсныг түүвэрлэн цуглуулж Харьцуулсан Үндсэн хуулийн судалгаа хийх ба Олон улсын эрхзүйн тохиолдол шинжлэлийн жишээ баримтаар баяжуулбал, илүү нарийн үндэслэл гарч ирэх учраас эрдэмтэн судлаачид анхааран үзэх байх гэж найдаж байна. Жишээ нь АНУ-д “Газрын хууль” гэж тусдаа байдаг. Түүний 207 дахь заалтанд “Газрыг зөвхөн АНУ-ын иргэнд эсвэл АНУ-ын болон эсвэл аль нэг штатын хуулинд захирагддаг корпораци худалдан авах эрхтэй” гэж заасан байдаг.  Өөрөөр хэлбэл Үндсэн хуулинд газрын өмчийг тусгайлан зохицуулах заалт тусгаагүй мөртлөө газар нутгийн халдашгүй байдлыг хангах механизмыг буюу улсын эрх ашгийг тэргүүнд тавьж хамгаалах асуудлыг тусгайлан зохицуулсан байдаг. Америкийн өөрийн хуулийг бүх олон улсын хууль, актаас дээгүүр тавьдаг үзэл санаа гэхэд л ийм механизм. Гэтэл манайд олон улсын хуулийг өөрийн хууль тогтоомжоос дээгүүр тавьдаг зохицуулалт улам өргөн хүрээтэй нэвтэрч байгаа нь үндэстний эрх ашиг, эрх мэдлийг бусдын гарт шилжүүлж буй эхний алхам юм.
 
Дүгнэлт: 
 
1. Монголын төрт ёсны түүхэнд газар нутгаа улсын үндэс гэж үзэж, ард иргэдийн эзэмшилд сахин хамгаалж иржээ.
2. Монголчууд газар дэлхийг хувьчлан өмчлөхийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд энэ нь дэлхий ертөнцийг авран хамгаалах гүн ухааныг багтаадаг билээ. 
3. Төрийн нийтийн гэдэг нь төр эрхүйн онолын үүднээс нийт улсын хүн амыг багтаах ойлголт учраас өргөн дэлгэр утгатай ойлголт юм. Монгол төр хуулиа гадны суурьшмал соёл иргэншлийн сэтгэлгээгээр ойлгож боловсруулбаас монгол хүний оршихуйд үл нийцнэ. 
4. Сүүлийн үед Монгол төрөөс хууль тогтоомжийг батлан гаргахдаа үндэсний эрх ашгийг орхигдуулан олон улсын хуулийг өөрийн хууль тогтоомжоос дээгүүр тавьдаг зохицуулалт улам өргөн хүрээтэй нэвтэрч байгаа нь үндэстний эрх ашиг, эрх мэдлийг бусдын гарт шилжүүлж буй эхний алхам юм.
5. Монгол улсын үндсэн хуулийн 6.2 зүйл заалт дахь “төрийн нийтийн өмч” гэх ойлголтыг “Газар нутаг бол Монгол Улсын үндэс юм. Ард түмэн эзэмших эрхтэй” гэж өөрчилбөл монголчуудын хэл, соёл, төрт ёсны түүхэн уламжлалд зохистой нийцэж байна.
 
Номзүй:
 
1. Горальд Лэмб “Чингис хааны хууль” МХТТЭ. I., УБ., 2010
2. Дөрвөлжин бичгээр буй хаад ноёд ихэс дээдсийн зарлиг /Хубилай хаан., түүний 3-р хүү Мангалын, Ананд, Өлзийт, Буянт, Гэгээн, Есөнтөмөр, Тогоонтөмөр хааны зарлигууд.,/ Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл 1-р боть 
3. Ил хаант улс Монголын эзэнт гүрний түүх 
4. Плано Карпини, Вилгельм де Рубрук Монголд жуулчилсан тэмдэглэл. Орчуулсан Гэрэлцогт ӨМСХХХ.,1983.
5. Лүндэндорж.Н 2008., Төрийн онол., УБ
6. Index to the Secret History of the Mongols. Rachewiltz,I. Bloomington.,1972 PFEH, S71, 1976, ed. Ligety;tr.Cleavis,S81,2. Монголын нууц товчоо. Шинээр хөрвүүлэн буулгаж, тайлбар хийсэн Ш.Чоймаа. УБ.,2006.
7. Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл 2010., 1-р боть
8. Рашид Аддин. Судрын чуулган. Орчуулсан Сүрэнхорлоо. I, II, III дэвтэр.УБ., 2002. 
9. Рамстедт.Г.И. “Дорно этгээдэд долоон удаа”
10. Чингис хааны их засаг., Монгол үндэстний хууль дүрмийн сурвалж бичгийн эмхтгэл., ӨМШУТМХХ., 2018., /Сайшаал “Чингис хааны товчоон”/ 
11. Цэвэл.Я ., 1966., Монгол хэлний товч тайлбар толь., УБ
12. 《meng u er shi ji 》(ching ) tuji zhu      nei meng gu ren min chu ban she  2007.10(《蒙兀儿史记》(清)屠寄著内蒙古人民出版社  2007.10)(Монголын түүхэн тэмдэглэл / Чин улсын Ту Чжи зохиов. ӨМАХХ)
 
 Веб сайт:
 
 
Доктор, профессор Т.ОТГОН 
.
.
Зохиогчийн тухай: 
 
Тогвооны Отгон 
МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгссөн. 2014 онд МУИС-д хэл бичгийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Эрдмийн зэрэг цол: профессор, 
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл нь Монгол хэл, соёл сэтгэлгээ, боловсрол судлал
 
Утас: (976) 99102568, (86)15764708678