sonin.mn
Өнгөрсөн оны сүүлээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн уран бүтээлчид байгууллагынхаа удирдлагад шүүмжлэлтэй хандан, энэ нь тэмцэл болон өрнөсөн билээ. Үр дүнд нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлыг огцруулж, үндэсний зөвлөлөө шинэчлэн байгуулсан юм.
Гэвч тус телевизийн хэсэг ажилтнууд өчигдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий Захирлаар томилогдоод удаагүй Нинжийн Дэмбэрэлийг бас л огцруулахыг шаардаж, албан шаардлага гаргасан байна.
Шаардлагынхаа үндэслэлд : "Н.Дэмбэрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ярилцлагыг телевизийн хуваарь зөрчин оруулсан" гэжээ.
Энэ чинь юу гэсэн үг вэ? Х.Баттулга хэн байх, ямар хүн байх нь тусдаа асуудал.
 
Харин Монгол төрийн албан ёсны тэргүүн, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон улсын Ерөнхийлөгч гэнэт үүссэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үндэсний олон нийтийн телевизээр ярьж болохгүй юм гэж үү? 
 
Аливаа мэдээллийн хэрэгсэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эфирийнхээ хуваарьт өөрчлөлт оруулж, шууд сурвалжлага, тодруулга явуулах нь ердийн л зүйл.
Эсвэл "бослого гаргагч" нөхдийнхөөр бол  газар хөдлөлт болж байсан ч батлагдсан хөтөлбөрөө дагана аа гээд олон ангит кино гаргаж байх ёстой юм болов уу?
"Бослого гаргахыг санаархагчдын нэг", нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: " Улс төрийн намын гар хөл болоод байдаггүй, түүний цаана Монгол улсын язгуур эрх ашгийг ойлгосон ийм удирдагч хүрч ирээсэй гэсэн хүсэлтэй байгаа юм. Түүнээс бидэнд Дорж, Дулмаа хэн байх нь хамаагүй.  гэсэн байх юм.
Н.Дэмбэрэл МАН-ын гишүүн нь үнэн. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аль намаас сонгогдсон гэдэгт нь ач холбогдол өгөлгүй, гагцхүү Монгол төрийн тэргүүн л гэж үзэн эхний ярилцлагаа хийж буй нь харин ч намын гар хөл болоод явчих хөнгөхөн нэгэн биш гэдгийг нь нотолж буй нэг жишээ биш үү? Ер нь ч Н.Дэмбэрэлийн туулсан замнал түүнийг намынхаа фанат болсон "Гитлерюгэнд", "Хунвэйбин"-чүүдийн нэг биш болохыг баталдаг. Өөрийн намынхаа томоохон улс төрчийг шүүмжилж, үг хэлэх эрх чөлөөнийхээ төлөө шоронд хүртэл орж явсан түүх түүнд бий.
"Бослого гаргахыг санаархагчид" МҮОНРТ-ийн Ерөнхий Захирлыг харлуулах гэж ядахдаа ямар пялдага нөхөр вэ? тэр инээдийг нь хараач гэж хүртэл дэмийрчээ.
Хүн инээж ч болохоо больчихож дээ.
 
Ер нь бол "бослого гаргахыг санаархагчид" аливаа байгууллага дүрэм, журамтай гэдгийг санахад илүүдэхгүй. Хэн нэгнийг огцруулах ч, томилох ч тодорхой дүрэм, журмын хүрээнд л шийдэгдэх учиртайгаас бус хэсэг хүн албаныхаа камераар лайв хийгээд, албан шаардлага хүргүүлээд л болчихдог зүйл биш.Хэн ч дарга болсон таалдаггүй хэсэг нөхөд МҮОНРТ-д бий болчихжээ дээ.
 
Алдар хүндтэй ард түмний танил, ажилласан жил нь олон байж болно.
Гэвч ямар ч алдартан, ямар ч авьяастан, ямар ч туршлагатай уран бүтээлч бай тухайн байгууллага өөрийнх нь өмч биш гэдгийг санах нь зөв болов уу?
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз бол Монголын ард түмний өмч.
Монголын ард түмний өмч болсон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, ярилцлага өгсний төлөө түүнийг элдвээр гуйвуулан улс төр хийж шуугилдахын оронд өмнөх ажлаа хийцгээвэл дээр биш үү?
 
С.Сарнай