"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын нээлтийн ёслол 9-дүгээр 19-нд болох ч спортын зарим тэмцээн үүнээс өмнө эхлэх гэж байна.
Тодруулбал, Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн маргааш буюу 9 дүгээр сарын 10-ны Пүрэв гарагт эхлэхээр товлогджээ.
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн 9-дүгээр сарын 10-наас 20-ны хооронд, эмэгтэйчүүдийн тэмцээн 9-дүгээр сарын 17-ноос 26-ны хооронд зохион байгуулагдана.
Хоёр ангиллын тоглолт хоёулаа Айчи олон улсын аренад явагдах юм.
Өмнөх буюу "Ханжоу -2022" Азийн наадамд эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Филиппин улс аваргалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ түрүүлсэн билээ.
Энэ удаад Филиппин улсын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг аваргын цолоо хамгаалах зорилготой оролцох бол БНХАУ-ын эмэгтэй баг гурав дараалсан алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Харин Монгол Улсын хувьд энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн онцгой ач холбогдолтой.
Учир нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцож, C хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багуудтай нэг хэсэгт багтсан байна.
Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн хувьд эхний тоглолт 9 дүгээр сарын 18-нд болох бөгөөд тус тоглолтод Хятадын Тайванийн эсрэг өрсөлдөнө. Тоглолт Японы цагаар 13:00 цагт, Улаанбаатарын цагаар 12:00 цагт Айчи олон улсын аренад эхлэхээр товлогджээ.
Үүний дараа Монголын баг энэ сарын 21-нд БНСУ, 22-нд Малайзын багтай хэсгийн шатны тоглолтоо хийнэ.
Азийн наадмын сагсан бөмбөгийн түүхэнд эрэгтэйчүүдийн төрөлд БНХАУ хамгийн олон буюу 8 удаа түрүүлсэн бол Филиппин 5, БНСУ 4 алтан медальтай.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ 7 удаа аваргалж, БНСУ 4, Япон 2 удаа түрүүлсэн байна.
Лхагва - 09 сарын 09,
2026
Сэтгэгдэл0