sonin.mn

Манай сонин өмнө нь "Бичиг соёл" булан хөтөлж, эх хэлээрээ зөв бичих талаар хоёроос гурвантаа өгүүлсэн билээ. Жишээ нь, Монгол хэлний багш Ц.Мөнхцэцэг, манайхан Монгол хэлнийхээ дүрмийг сайн мэддэггүйгээс "яах вэ" гэхийг "яахав", "Улаанбаатар руу" гэхийг "Улаанбаатар луу" гэх мэтээр ярианы хэллэгээр бичих түгээмэл дутагдал байдаг.

 

Мөн манайхан үгийн дагавар төгсгөлийг "НҮБ-ийн", "ХХК-ын" гэх мэтээр дандаа буруу бичдэг. Зөв нь Нэгдсэн Үндэстний байгууллагын, Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэж бичих учиртай гэсэн зөвлөгөө өгч байсан. Бид энэ удаа нэгэн сэтгүүлчийн "зөвлөгөө"-г хүргэж байна.

 

Аймаг, орон нутгийн сониноос аваад өдөр тутмын сонинууд, МҮОНТ-ийн "MM" агентлагт гээд гучаад жил сэтгүүлчээр ажиллаж байгаа Х.Өлзийбаяр саяхан Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн үеэр өгсөн ярилцлагадаа өнөө цагт сонин хэвлэлийн утга найруулга, үг үсгийн алдаа тоймоо алдлаа хэмээн өгүүлжээ.

 

Түүнтэй адил эх хэлнийхээ соёл алдагдаж байгаад санаа зовж, санал нийлэх хүн олон байна. Монгол хэл, уран зохиолын багшаас ажлаа эхэлсэн сэтгүүлч Х.Өлзийбаяр "Манайхан орос хэлний нэр үгээр бичдэг шиг "Японд газар хөдлөлт боллоо" гэж бичдэгийг яг тэр чигээр буулгадаг.

 

Гэтэл үйл үгээр баян монгол хэлээрээ бол "Японд газар хөдөллөө" гэж ярьж бичих ёстой юм шүү дээ хэмээн эх хэлээрээ зөв, энгийн бичихийн нэг жишээг дурдсан байна. Цааш нь тэрээр, бид "Тогтоолыг баталлаа", "Хуулийг дэмжлээ" гэж ярьж бичээд байдаг.

 

Гэтэл бид "Гутлыг өмслөө", "Буузыг идлээ" гэж ярьдаггүй, "гутал өмслөө", "бууз идэв" гэдэг биз дээ гэсэн байна. Энэ бол өдгөө монгол хэлэнд халдварлаад буй буруу бичлэгийн тод жишээ. Тухайлбал, одоо манайхан зар сурталчилгаандаа "Манай пиццаг захиалаарай, хүргэлт үнэгүй" гэдэг.

 

Уг нь бол "Манай пиццаг захиалаарай, үнэгүй хүргэж өгнө шүү" гэх юм. Та ингэж хэлээд үзээрэй. Амар бөгөөд зөв сонсогдож, дуулдаж байгаа биз. Х.Өлзийбаяр, зар сурталчилгаа хүний сэтгэлд хүрэх ёстой, түүний тулд үйл үг байх хэрэгтэй гэж байна. Монголчууд бид хэлний ядууралд орсныг ном уншихаа байсантай холбох нь бий.

 

Х.Өлзийбаяр энэ талаар, тэр үнэн боловч одоогийн залуус юу уншиж байгаад хамаг учир байгаа юм. Мэдээж монголчууд "Гутлыг өмслөө" гэж ярихгүй ч юм бичихээрээ ингэж ойлгогдохоор байна. Манайд хэл, найруулга, утга санаа, үг үсгийн төгс сайхан түмэн зохиол бий.

 

"Газар шороо", "Цаг төрийн үймээн", С.Эрдэнэ гуай болон С.Догмидын түүвэр гээд сонгодог зохиолууд өчнөөн байна. Тэндээс олон юм мэдэж авна. Дээр нь уран зохиол юм чинь уншаад сэтгэлийн таашаал эдэлнэ. Адаг сүүлд нь уран сайхан, найруулгаас нь суралцана гэжээ.

 

Нээрээ л бид орос болон гадаадын бусад хэлийг дуурайгаад "Монгол хэлээр хөрвүүлэв" гэхийг "Монгол хэлэн дээр орчуулав" гэж буруу бичиж ярьдаг. Манай эх бичгийн суут эрдэмтэн Б.Ринчен гуай энэ талаар "Хэлэн дээр яр л гардаг" гэж тодорхой хэлж байж билээ. Ингээд бид Монгол хэлнийхээ зөв бичих зарим дүрмээс толилуулж байна.



Гээгдэх эгшгийн дүрэм

Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрэм ёсоор шаардагдахгүй, хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:

1.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.


2.И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.


3.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.


Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн "и" эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.


Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл:    бутар-бутрал-бутралаар,    нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.


Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн "х"-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй "и" эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.



Гадаад үгийг бичих тухай

1.Монгол хэлэнд эрт цагт орсон бөгөөд нийтэд гадаад үг гэж мэдэгдэхээ больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримталж бичнэ. Жишээлбэл: шил, эрдэнэ, цонх, янз, судар, саван, савхи, булигаар гэх мэт.


2.Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзана. Орос үг, түүгээр дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь баримталж бичнэ. Жишээлбэл: мотор, феодал, трест, трактор, большевик, артель гэх мэт. Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.


3.Оросоор "-ня" үсгээр төгссөн үгийн эцсийн үсгийг их төлөв хасна. Жишээ нь, Румыния-Румын, станция-станц, комиссия-комисс, лекция-лекц гэх мэт. Гэвч "-ня" үсгээр төгссөн зарим үгийн эцсийн гийгүүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн "я" үсгийг хасна. Жишээ нь, Азия-Ази, Италия-Итали гэх мэт.

Гадаад үгийн эцэст өргөлтгүй богино эгшиг байвал түүнийг их төлөв хасна. Жишээлбэл:фабрика-фабрик, аптека-аптек, норма-норм, тонна-тонн гэх мэт. Хэрэв гадаад үгийн эцсийн эгшиг өргөлттэй бол хасаж болохгүй. Жишээлбэл: кино, пальто, шевро гэх мэт.


4.Гадаад үгэнд монгол хэлний залгавар залгаж болно. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана. Нэг үгэнд хэд хэдэн өөр эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр эгшиг дээр өргөлт ногдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана.

Жишээлбэл: аптекаар, пионерын, театрууд, бригадад, механикжсан, автобуснаас, ацетоны гэх мэт. Хоёр үгнээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: агротехникээр, амперметрийн, атмосферээс гэх мэт.


5.Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр, шеф-шефийн, трест-трестүүд гэх мэт. "К" үсгийг хэлний "г" үсгийн дүрмээр "к" үсгээр төгссөн эр үгэнд "-ИЙ" эгшиг залгах ба "к" үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: фабрикийн, паркт, тактикаа гэх мэт.

 

Мөн "щ" үсгийг "ш" үсгийн адил үзэж зохих залгавар залгана. Б, п, ф, в үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Ямар драп вэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт. Оросын "у" үсгийг Монголын "ү" үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн гэх мэт.



Эх сурвалж: “Бизнес таймс”