sonin.mn

Жил бүрийн хавар ёс мэт болдог “Хаврын синдром”-ыг МАН-ынхан эхлүүлж дарга цэрэггүй хөл болцгоосон төдийгүй хөхүлэн дэмжигч нартаа алх бариулан “поошиг” нүдүүлсэн нь  сүртэй гэж жигтэйхэн.

Гэвч дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэгчээр дуу шуутайхан эхлүүлсэн жагсаал нь олны доог тохуу болж буйд удирдлагууд нь нэлээд ууртай ширүүн байгаа гэх “бор шувуу” хаа сайгүй нисч эхэллээ.

Учир нь, аливаа үйл явдлын хамгийн шударга шүүгч болж байдаг эгэл жирийн иргэд энэхүү жагсаалд дургүйцэн “Өнгөрсөн зуунд үйлдсэн цуст хэлмэгдүүлэлтээсээ уучлалт гуйгаагүй байж, өдгөө тухайн үеийн дүр зургийг санагдуулам дээл хувцас өмсөн жагсаж байгаа нь хэлмэгдэн амиа алдсан иргэд болон тэдний үр хүүхэд удам угсааг нь басамжлан доромжилж байна” хэмээжээ.

Тэр ч бүү хэл нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болдог жиргээчид ч “Хэлмэгдүүлэлтээсээ уучлалт гуйгаагүй байж 1937 оны дур зурагаар шоу хийж хүмүүсийг жихүүцүүлдэг нь яаж байгаа юм болоо?” хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Ямартай ч олны зэвүү дургүй хоёрыг зэрэг зэрэг хөдөлгөсөн эл үйл явдлын гол буруутан буюу “Поошиг”-той жагсаалын “по”-г түлхсэн хэргийн эзнээр яруу найрагч Ж.Мөнхбат тодроод байгаа юм. Тэрбээр “Ардын хувьсгалын анхны долоо”-гийн түүхийг өгүүлсэн “Долоон бурхан харвадаггүй” киноны гол дүрийн жүжигчдийн өмссөн дээл хувцасыг жагсагчдад өмсүүлж орхиж.

Дээрх киноны өгүүлэмж тийм ч таатай бус гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл үүнийг үл тоосон МАН-ын “нялх” генсек Ж.Мөнхбат “аймшгийн” киноны дээл хувцасаар жагсагчдыг өвч бүрэн “хуягласан” нь иргэдэд таалагдсангүй. Улстөр хийх гэж, жагсаал зохион байгуулах гэж ядаж яваа яруу найрагч залууд үүнээс өөр дээл олдоогүй юм байх даа.