sonin.mn
Энэ удаагийнхаа “Шинэ танил” буландаа Тайландын загварын ертөнцөд эх орныхоо нэрийг гаргаж яваа залуу загвар өмсөгч Б.Билгүйтэйг урилаа. Түүнийг монголчууд төдийлэн сайн мэдэхгүй. Энэ ч утгаараа тэр бол манай ушигчдад шинэ танил, цоо шинэхэн ертөнц байх нь дамжиггүй ээ. Ингээд түүнтэй өрнүүлсэн яриагаа хүргэж байна. 
 
-Тантай уулзах гэж нэ­лээд хэдэн өдөр зарцуул­лаа. Их л завгүй яваа бололтой?
-Тийм ээ, ажил ар араа­саа ундраад зав зай гарахгүй л байна.
 
-Ямартай ч урилгыг минь хүлээн авсанд баяр­лалаа. Та бол бидний м­э­дэхгүй цоо шинэ ер­төнц. Аль эртнээс л таныг уншиг­чидтайгаа уул­зуу­лахыг хүсч байлаа. Энэхүү хүслээ бие­лүүлж, “Шинэ танил” буландаа урьж, ярилцаж бай­гаадаа баяртай байна? 
-Өө, надад ч гэсэн таатай байна. Өчүүхэн намайг тоож ярилцлага авч байгаад баярлалаа. Юуны өмнө танд болон танай сонины хамт олон, нийт уншигчдад чинь энэ өдрийн мэнд хүргэе. 
 
-Ярилцлагаа энгийн асуултаар эхэлье гэж бод­лоо. Ингэхэд та хэн бэ. Хаанаас ямар залуу гэнэт гарч ирээд өрсөлдөөн их­тэй гэгддэг Тайландын заг­варын ертөнцөд цахиур ха­галж эхлэв ээ?
-Би жирийн л нэг монгол залуу. Бусдаас ялгарах зүйл гэвэл Тайландад л ажиллаж, амьдардаг. Анх Тайландад сурахаар очсон. Тухайн үед хэд хэдэн хүн загвар өмсөх санал тавьж байсан л даа. Тэр үед эргэлзээд зөвшөөрдөггүй байсан. 
 
Гэтэл манай усан спор­тын багш гэрэл зургийн студид давхар ажилладаг байж таарсан. Багш маань миний зургийг авч, загвар өмсөгчдийн сайтад байр­шуулаад удаагүй байтал мэргэжлийн хүмүүс хол­боо барьсан юм. Ингэж л Тайландын загварын ер­төнцөд хөл тавьсан.
 
-Үнэхээр санамсаргүй хэрнээ азтай ч гэмээр хувь тохиолоор загвар өмсөгчийн гараагаа эхэлжээ?'
-Тийм ээ, тэгж хэлж болно.
 
-Анзаараад байх нь ээ, та их аялгатай ярих юм. Тайландад хэдэн жил амьдарч байна вэ?
-Таван жил. 
 
-Сургуулиа төгсчихсөн үү?
-Өнгөрсөн жил Банг­кокийн их сургуулийг Веб дизайнер мэргэжлээр төгс­сөн. 
 
-Сурлага, олон нийтийн ажил, спорт гээд бүх зүйлд нэлээн идэвхтэй, мэ­рийлт­тэй хүүхэд байсан гэж сонссон юм байна?
-Бүх л эцэг, эхчүүд хүүхдээ онц сураасай, сайн сайхан амьдраасай гэж хүс­дэг. Тэр л жишгээр ээж маань миний хичээл сур­лагад анхаардаг байсан. Ха­рин аав маань бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд са­наа тавьж, усан спортоор хичээллүүлэх болсон. 
 
-Мэргэжлээрээ ажил­ла­на. Дээр нь усан спорт, фитнесээр хичээллэнэ. Бас загвар өмсөнө. Хэзээ нь амардаг юм бэ?
-Олон хүн яг ингэж асуудаг. Өнгөрсөн жил их сур­гуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ ажиллаж бай­­на. Харин спортоор хи­чээл­­лэх, загвар өмсөхөө чөлөө заваараа хийдэг. Хүн залуу байхдаа л хийе гэс­нээ хийхгүй бол хожим ха­рамсах байлгүй. /Инээв/
 
-Шантардаггүй гэж үү?
-Хааяа шантрах үе гар­даг. Гэхдээ нэг ийм үг байдаг даа. 
 
-Ямар?
-Одоо л та хичээж бүх юмны ард гарахгүй бол ирээдүйд хүсээгүй зүй­лээ хийж амьдрахаас өөр арга­гүй болно шүү гэж. Тий­мээс одоо хийж бай­гаа ажил болгон миний мөрөөдөл, зо­рилготой минь холбоотой. 
 
-Гэхдээ л та залуу хүн. Хааяа ч болтугай зугаа, цэнгэлд цаг зав гаргадаг биз дээ?
-Хааяа толгойгоо сэргэ­тэл шоудаж, сайхан уугаад суух дуртай. 
 
-Тийм байлгүй дээ?
-Би чинь хүн шүү дээ. /Инээв/ 
 
-Анзаараад байх нь ээ, та ихэвчлэн л хагас нүцгэн зураг авахуулсан байх юм?
-Магадгүй ээ. 
 
-Уучлаарай, сэтгүүлчид их сониуч зантай л даа. Та­ныг бүрэн нүцгэлэхийг хүссэн санал ирж байв уу?
-Худлаа яриад яах вэ, байнга ирдэг. Тайланд улсад ижил хүйстэн хүмүүс маш олон. Тэр ч утгаараа ижил хүйстнүүдэд зориулсан сэт­гүүл, шоу их хөгжсөн газар. Та сайн ажиглаж. Би хагас нүцгэн зураг их авахуул­даг. Гэхдээ хэзээ ч дотуур хувцсаа тайлж бай­гаагүй. 
 
 
-Б.Билгүйтэй өнөөдөр 23-хан настай. Дөнгөж л амьдралд хөл тавьж эхэлж байна. Ажил, амьдралдаа алдаж, эндэх вий гэж эмээдэг үү. Магадгүй залуу насны ааг, омгоор “Юу л болвол болог” гээд гүйж явахыг үгүйсгэхгүй?
-Мэдээж маш их айдаг. Би энэ улсад өөрийн гэсэн зорьсон зорилготой. Тэр зүйлдээ ч тодорхой хэм­жээний хугацаа заагаад өгчихсөн. Үнэнийг хэлэхэд Тайландад ажил олоход их хэцүү. Энд сургууль төгссөн Монгол оюутнуудын 90 хувь нь ажил олж чадахгүй буцдаг.
 
Ялангуяа Монгол гэхээр л хөдөөний морь уна­сан тэнэг хүмүүс гэж ойл­годог. Тэглээ гээд яах вэ, амрыг бодоод шууд бу­цалтай биш. Гэхдээ залуу хүн болохоор “Юу ч болсон дүүрсэн хэрэг” гэж бодох үе бий. /Инээв/
 
-Ингэхэд бэрхшээлийг даван туулахыг эрмэлздэг үү, эсвэл аль болох той­рохыг хичээдэг үү?
-Ямар ч бэрхшээлийг даван туулахыг боддог. За­­римдаа ч үнэхээр их шантардаг. Тайландын заг­варын ертөнц өрсөлдөөн ихтэй. Хэдэн сараар ч ажилгүй хэвтэх үе бий. Дээр нь хааяа өвдөнө, гэрээ санана. Нөгөөтэйгүүр энд өвдөх эрхгүй. Өвдвөл тэгээд л тэр хүний төгсгөл ирнэ. Ганц би ч биш бүгд л ийм замаар явдаг. 
 
-Загвар өмсөгч, миссүүд хоосон толгойтойгоороо дуу­­дуулж, их чичлүүлдэг. Энэ чичлэлтээс айж байв уу?
-Би хэзээ ч хоосон толгойтой гэдэг үгнээс айж байгаагүй. 
 
-Гэхдээ сүүлийн үед хүн бүхэн л мэдлэг, бо­ловсролдоо анхаарч бай­гаагаа гайхуулах болж. Зарим нь үнэхээр анхаарч байгаа. Харин нэг хэсэг нь хий хоосон анхаарч бай­гаа дүр эсгэж, хэрэгтэй хэрэггүй хэдэн сургуулийн диплом, сургалт, дамжааны гэрчилгээ цуглуулаад суу­даг шиг санагддаг юм?
-Мэдлэг, боловсролдоо бус гадаад төрхөндөө ан­хаар­сан хүн жаргалтай амьдарч чадах уу. Мөнхийн залуугаараа байхгүйгээс хойш мэргэжил эзэмшиж, тархиа цэнэглэх хэрэгтэй. Одоо цагт бичиг цаас биш чадвараараа амьдарч байгаа хүн олон байна.
 
-Тоглосон реклам, сур­талчилгаануудыг чинь харж байхад Тайланд тө­дий­гүй Хятад, Солонгосын заг­вар өмсөгчидтэй хам­тарч ажилласан байна лээ. Харин Монгол загвар өм­сөгчидтэй хамтарч ажил­лаж байв уу?
-Тайланд улсад гадны загвар өмсөгчид олон бай­даг л даа. Би олон ор­ны загвар өмсөгчидтэй ажил­лаж үзсэн. Тэднээс их зүйл сурч авдаг. Одоо­хон­доо Монголынхоо заг­вар өмсөгч­тэй нэг ч удаа ажил­лаж үзээгүй байна. 
 
-Хамтарч ажиллахыг хүсдэг загвар өмсөгч бий юу?
-Байна аа. Тайландад “Super star” гэх нэг тийм ойлголт бий. Тэд бол ки­ноны жүжигчин, загвар өмсөгч, төлөөлөгч гээд бүх зүйлийн нүүр царай болсон алдартай тоотой хэдхэн хүмүүс юм. Тэдний зургийг гудамж, телевизээр байнга гаргадаг. Би тэдэнтэй л ажиллахыг мөрөөддөг. 
 
-Олон улсын тайзнаа алхахад хэлний мэдлэг хамгийн чухал байх. Та хэдэн орны хэл мэддэг вэ?
-Англиар л чөлөөтэй ярина. Тай хэлээр багахан хүрээнд ярьдаг.
 
-Хүн мөрөөдлөө бие­лүүлэхийн тулд яах ёстой юм бол. Зүгээр л мөрөөдөөд суугаад байх уу, эсвэл..?
-Хүн хүссэн юм аа хийж хүссэнээрээ л амьдрах ёстой гэж боддог. Дургүй зүйлээ хийж энэ амьдралыг бараад яах вэ. Тийм биз дээ.
 
-Тэр ч тийм шүү. Дур­гүйд хүчгүй гэдэг биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ огт бүтэхгүй зүйл мөрөөдөх хэ­рэггүй. Мөрөөдлийнхөө зо­лиос болоод л дуусна шүү дээ. Боломжтой бол залуу насандаа зориглоод л үзэх хэрэгтэй. 
 
-Үнэн л дээ. Учир нь бид залуу байна шүү дээ. Юунаас айх гэж?
-Яг үнэн. Санал нэг байна. 
 
-Монголдоо бүрмөсөн хэ­зээ ирэх вэ?
-Эх орон шиг минь сайхан газар гэж хаана байна. Би Монголд төрж өссөн. Гэр бүл, найз нөхөд минь энд бий. Мөрөөдлөө биелүүлчихээд эх орондоо ирнэ ээ. Одоогоор яг то­дорхой цаг хугацаа хэл­мээргүй байна. 
 
 
Б.Төрбат
 
Эх сурвалж: