sonin.mn

XX зууны дэлхийн улс төрийн түүхэнд тод, томруун ул мөр үлдээсэн Францын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, эх оронч-үндэсний үзэлтэн  Францын 5-р Бүгд найрамдах улсыг үндэслэгч, ерөнхийлөгч,  генерал Шарль де Голийн жинхэнэ үндэстний лидерийн зан чанарыг үзүүлж, уруутал, доройтлын балчиг намгаас ард түмэн Үндэстэн улсаа авч гарсан түүх нэн сургамжтай юм.

Дэлхийн 2-р дайны дараа Франц улс нийгэм эдийн засаг, улс төрийн цоо шинэ нөхцөл байдалтай тулгарсан ба социалистууд, коммунистууд, уламжлалт бодлогыг хамгаалагчид болон бас цөөнгүй эрээвэр хураавруудаас бүрдсэн Францын үндэсний ассамблей 1946 онд тус орны түүхэн дэх 4-р үндсэн хуулийг баталсан байдаг. Чухамдаа уламжлал, бодит байдлыг огоорон дайны дараахи ардчилсан нийгэм журмын шинэ номлолд дахин өдөөгдсөн сэтгэл хөдлөл дээр батлагдсан Парламентийн засаглал бүхий үндсэн хууль Францчуудын хүсэн хүлээсэн нэр төртэй, энх амгалан, өсөн дэвжиж амьдрах хүслийг хангаж чадаагүй юм.

Эсрэгцсэн олон зөрчилийг агуулсан 12 жилийн хугацаанд 40 гаруй Засгийн газар солигдсон байдаг ба зарим үед шинэ Ерөнхий сайд хэн болсныг олон нийт мэдээгүй байхад дараагийн Ерөнхий сайд томилогдсон байдаг байжээ.

Нийгэм, эдийн засгийн болон гадаад бодлогын олон асуудал шийдлээ хүлээж нийгмийн бухимдал, гутрал дээд цэгтээ хүрч, нэгэн цагийн дэлхийн хүчирхэг гүрэн, агуу үндэстний нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унаж Европ тив, дэлхийн хэмжээний нөлөө орон зайгаа алдаж доройтол уруудлын энэ зам эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж, хэзээ, хэн, хэрхэн зогсоох нь үл мэдэгдэж байлаа.

Дэлхийн 2-р дайнд Францын нэр төрийг аварч 1944 оноос 1946 оны хооронд Францын түр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, 1947 оны сонгуульд АНУ-ын нөлөөний эсрэг үндэсний үзэл баримтлалтай Францын Ардын нэгдэл намыг Үндэсний ассамблейд ердийн олонхи болгож, 50-иад оноос 4-р Үндсэн хуулийн улс төрийн тогтолцоог үндэстний дайсан мэт үзэн хурц шүүмжлэл өрнүүлж байсан  генерал де Голь 1953 оны сонгуульд хүнд ялагдал хүлээлээ.

Сонгуулийн дараа тэрээр өөрийн үндэслэсэн намаа татан буулгаж улмаар Коломбэ-ле-дес-эглиз дахь  хувийн эдлэндээ дайны үеийн дурсамж номоо бичин улс төрийг хөндлөнгөөс ажиглан суух болсон юм. 

Үндэстэн-улс нь доройтож, үндэстний эрх ашгаа сэхээрсэн, нийгмийн сор болсон хэсэг нь хувийн аахар шаахар зүйлээр цаг нөхцөөн зэвэрч байгааг харан бачимдахаас цаашгүй байсан ч де Голь ирэх шинэ цагийн дүр төрхийг төсөөлөн 5-р Бүгд найрамдах улсын тогтолцоог сэтгэлдээ зуран сууж байв. Харин Хойд Африкт нүдэлдэж явсан хэдэн генерал төр засгийн дэндүү арчаагүй байдлын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах талаар зөвлөлдсөөр улс орныг хүнд байдлаас гаргах шинэ хүчийг бүрдүүлсэн ба тэд генерал де Голь-ийн командлал дор нэгдэхээ илэрхийлж байв.

1958 оны 5-р сарын 15-нд тэрээр Францын ард түмэнд хандан “..Үндэстэн, эх орон хүнд сорилтын өмнө байгаа бол би Бүгд Найрамдах Улсын бүх эрх мэдлийг авахад бэлэн байна” хэмээх алдарт үгээ хэлсэн юм. Генерал де Голь дахин Ерөнхий сайдад гарч ирлээ. Гэхдээ нэг нөхцөлтэй. Тэр нь, Үндэсний ассамблей түүнд нэмэлт бүрэн эрх мэдэл өгч шинэ үндсэн хууль боловсруулж, батлуулах бололцоо олгох ёстой.

Тэр гарч ирснээсээ хойш гуравхан сарын дотор де Голийн хэмээн тодотголтойгоор түүхэнд үлдэн өнөөг хүртэл үйлчилж буй  5-р үндсэн хуулийг боловсруулан батлуулж Францын 5-р Бүгд найрамдах улсын түүх эхэлснийг зарласан ба 1959 оны 1-р сарын 8-нд Францын 5-р Бүгд Найрамдах Улсын анхны Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн  юм.

Генерал Шарль де Голь 1969 он хүртэл 10 жилийн хугацаанд 2 удаа сонгогдон ерөнхийлөгчөөр ажилласан ба түүний засаглах хугацаанд Франц улс цөмийн их гүрний статустай болж олон улсын тавцанд Франц үндэстнийг үнэлэх “агуу их” гэсэн хүндлэлийг авчирсан юм.  Өдгөө Францчууд түүнийг Францыг аврагч, үндэстний эцгүүдийн нэг хэмээн үздэг ажээ.

Саяхан төрийн ордонд эрх баригч МАН-ын дарга С.Батболд санаачлан Парламентын шинэчлэлийн асуудлаар дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө нэгэн хал үзсэн Монгол төрийн зүтгэлтэн өөрийн хамтран зүтгэгчдийн хамт Монгол улсын түүхэн дэх 5-р Үндсэн хуулийн төсөл боловруулснаа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.

Ерөнхийлөгч асан нэгэн эрхэм ч энэ цагийн алдаа оноог хурц шүүмжлэн шинэ Үндсэн хуулийн төслийн талаар саналаа хэлэх боллоо. 1990 оны их өөрчлөлтийн гарааг зориглон эхлүүлсэн тэр үеийн бидний анд улсын баатар эрхэм гишүүн ч хоёр танхимтай парламент бүхий тогтолцооны талаар сүүлийн жилүүдэд ярьсаар байна.

Тиймээ, Монголын нийгэм, улс төрд тогтолцооны өөрчлөлт гарцаагүй хэрэгтэй боллоо. Энэ цагийн улс төрчид өвөр зуураа тэрсэлдэн толхилцож, эсвэл хуйвалдан манантаж,  мөнгөнд гогдогдсон хувийн эрх ашгаа бөөцийлж байх зуур нийгэм, үндэстэн шийдлээ хүлээсэн дэндүү олон асуудлын дунд эзэнгүй орхигдон живж, үндэстэн-улсын хувь заяа доройтон муу цагийн цондон нүүрэлжээ.

Монголчуудын 4-р үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсээн. Түүний хамгийн том гавъяа нь Монгол үндэстэн өөрийгөө таних, шинээр нээх, бусадтай харьцуулах, хүч боломжоо зөв тооцох бололцоо олгож “хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовуулсанд” оршино. Гэвч бүх юманд тэр тусмаа зовлонд  хязгаар бий.

Одоо Монгол үндэстэн даргитал хөгжихийг, нягтран босч ирэхийг туйлаас хүсч байна. Хал үзсэн өвгөдийн нүд бодлогоширч, дунд үеийнхэн өөрт оногдсон цаг үеийн хариуцлагаа ухамсарлан, залуус цус лугшин бадайрах нударгаа зангидаж сууна.

Монгол үндэстэн түүхэн хөгжлийнхөө шинэ түрлэгийн гараан дээр ирлээ. Энэхүү үндэстнээрээ босох шинэ хөгжлийн хурд, далайцийг хангах мотор болсон, үндэстний оюун санаа, хүчин чадал, чадавхийг нэг цул болгон зангидаж болох нийгэм улс төрийн шинэ зохион байгуулалт хэрэгтэй байна.  

Үндэстнээрээ дэвжих бололцоог олгох 5-р үндсэн хуулийг боловсруулж батлан гаргах нь өдгөө цагийн Монголын нийгмийн нэн тулгамдсан асуудал мөн.

Харин үндэстний өмнө түүхэн хариуцлага, гавъяатай, улс төрчийн зориг тэвчээр, тэлүү ухаан, мяндсан мэдрэмж, зарим үед буулт хийн эвсэлдэх урлаг шаардсан энэ нөр их ажлыг хэн гэдэг улс төрийн зүтгэлтэн эсвэл зүтгэлтнүүд удирдан зохион байгуулах бол?

Ямар нам, улс төрийн хүчин манлайлан бусдыгаа эвлэлдүүлэн нягтруулж, итгэлийг олж ихийг бүтээж чадах вэ?

Монгол де Голь Та хаана байна?

Намдагийн Батцэрэг