sonin.mn

Засгийн газар бүрдэхтэй зэрэгцээд сайдын суудал мөрөөдөгсдийн тоо олширдгийг хүн бүр мэднэ. Хэн нэгнийг сайд болж ч магадгүй гэсэн таамга өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр алгасалгүй гарч, зарим нь дүрдээ итгэн аль хэдийн сайд болсон мэт ярилцлагыг өгөөд зогсож байна.

Сайд болохын төлөө сүнсээ ч худалдахад бэлэн нөхдүүд аль ч намд элбэг байх юм даа. Сүүлийн үед ил шадар сайдын суудал мөрөөдөж байгаан хүн бол УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн Л.Цог.

Нас нэлээн хэвийж, намба суух цаг болсон мэт боловч мань хүн хувийн тоглолт хийгээд зогсохгүй намаасаа гадуур хэсэг нөхдүүдтэй нам нийлж, сэм хуйвалдан шадар сайдын суудлыг надад өг хэмээн намаа шантаачилж, дарамталж байгаа ажээ.

Уг хүн нь урваж, шарваж явдгийг түүнийг мэддэг хүмүүс мэддэг болохоор гайхахаа больсон боловч өөрийн хамтран зүтгэж байгуулсан намаа бусадтай нийлэн дарамталж яваа нь монгол эр хүний ёс жудагт хэр нийцэх юм бол доо.

Л.Цог өөрийгөө чухам л шударга ёсны төлөө явж байгаа хэмээн хэвлэлээр ярьж байгаа боловч ард түмний нүднээс далд БНН-ын Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Иргэний хөдөлгөөн гэж давхиж явсан Орос Баярхүү, Ш.Нанжид, Б.Хосбаяр гэх мэт нөхдүүдийг цуглуулан хор найруулж, хуйвалдаан хийж яваа ажээ. Тэрээр намын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбадаа Ш.Нанжидаар дамжуулан гурван зүйлт шаардлагыг хүргүүлсэн байна. Тэрхүү шаардлагадаа:

Нэгдүгээрт: Л.Цогийг МАХН-аас шадар сайдад нэр дэвшүүлэн дэмжиж томилуулах

Хоёрдугаарт: Л.Цогт МАХН-ын бүхий л асуудлыг шийдэх эрхийг өөрт нь олгох

Гуравдугаарт: Дээрхи хоёр шаардлагыг үл биелүүлвэл МАХН-ын бүх булхайг дэлгэх

Идэж идэж эцэст нь хоол руугаа нулимахтай адил энэ намыг байгуулахын төлөө зүтгэж, тэмцэж, нэр сүрээр их хурлын зөөлөн суудалд заларч цаашлаад УИХ-ын дэд дарга болсон нь хангалтгүй санагдан намын дарга, засгийн газрын шадар сайд болохоор зүтгэж байгаа ажээ. Намынхаа даргыг эзгүйд намынхаа удирдлагуудыг бусадтай нийлэн дарамталж, шантаажилж яваа үйлдлээ өөрөө юу гэж тайлбарлах юм бол доо.

Л.Цогийн энэхүү гурван зүйлт шаардлагын хариуг хэрхэн өгсөн нь одоогоор тодорхойгүй байна. Удахгүй энэ бүхэн тодорхой болох биз ээ.

Б.Баттогтох