sonin.mn
Энэ удаагийн дугаартаа “Seven” телевизийн хөтлөгч, жүжигчин Ж.Мөнхзултай ярилцлаа.
 
-“Zulaa & Sex” нэвтрүүлэг анх хийгдэж эхлэхдээ янз бүрийн хэл ам нэлээдгүй дагуулсан. Энэ нэвтрүүлгийн санааг анх хэрхэн гаргаж байсан талаар ярилцлагаа эхэлье?
 
-Анх “Sеvеn” телевиз дөнгөж байгуулагдсаны дараахан “Zulaa & Sех” нэвтрүүлгийг хийх санааг манай төлевизийн захирал А.Үйлстөгөлдөр гаргасан л даа. Гэхдээ яг хэнээр хөтлүүлэхээ шийдээгүй байсан юм. Эхлээд Н.Энхлэн гэж охин энэ нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн. Ингэж гарч байгаад хэсэг завсарласан л даа. 
 
Харин дахин энэ нэвтрүүлгийг өөр өнгө төрхтэйгөөр дахин гаргаж эхлэх санааг захиралдаа хэлсэн юм. Нэвтрүүлгийнхээ бүр контентийг гаргаж задаргааг ч хийж эхэлсэн. Энэ нэвтрүүлгийг хийж эхлэхэд манай телевизийн нэвтрүүлэгч Н.Оюунтөгс, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Баяраа нар их тусалсан. Энэ залуу манай нэвтрүүлгийн загварын зөвлөхөөр ажилладаг байлаа. Ингэж л эхэлсэн нэвтрүүлэг дээ.
 
-Хүмүүс “Zulaa & Sex” гэдэг нэрнээс нь болдог ч юмуу эротик нэвтрүүлэг гэж ойлгоод байх шиг санагддаг юм. Би хувьдаа энэ бол гоо зүйн таашаал өгөх нэвтрүүлэг гэж ойлгодог?
 
-Тийм шүү. Хүмүүс “Zulaa & Sex” гэсэн нэрийг сонсоод эротик нэвтрүүлэг гэж ойлгоод байдаг. Гэхдээ секс гэдэг үг чинь хүйс гэсэн утгатай шүү дээ. Иргэний үнэмлэх, паспорт дээр ч байдаг. Тэгэхээр энэ үгийг шууд дан ганц эротик зүйл, насанд хүрэгчдийн гэдэг утгаар нь ойлгох хэрэггүй байх.
 
Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд өөрийн гэсэн гоо сайхан байдаг шүү дээ. Дээр нь эрэгтэй, эмэггэй хүмүүс хамтдаа бүр төгс гоо сайхныг бий болгодог гэж би боддог. Энэ утгаараа ерөөсөө л хүмүүст гоо зүйн таашаал өгөх нэвтрүүлэг байсан. Одоогоор хэсэг хугацаанд нэвтрүүлэг маань завсарлалаа. Дахин цоо шинэ өнгө төрхтэйгөөр гаргахаар ажиллаж байна. 
 
Одоо бол өмнөх чиглэлээс арай өөрөөр, дээр нь насанд хүрэгчдэд, гэр бүлд илүү танин мэдэхүйн мэдээлэл өгөхүйц, энтертайнмент хэлбэртэйгээр хүргэж эхэлж байна.
 
-Таныг “Seven” телевизийн хөтлөгч гэдгийг үзэгчид мэдэх болохоос мэргэжлийн жүжигчин хүн гэдгийг тэр бүр мэддэггүй байх. Харин өнгөрсөн жил мэргэжлээрээ “Миний хайр” бүрэн хэмжээний уран сайхны кинонд ажиллалаа. Одоо телевизийнхээ “Валидол” олон ангит кинонд ажиллаж байна. Ярилцлагаа эзэмшсэн мэргэжлийнхээ тухай ярьж үргэлжлүүлье?
 
-Би Радио, телевизийн дээд сургуулийг 2009 онд жүжигчин, хөтлөгч гэсэн хос мэргэжлээр төгссөн. Манай сургууль энэ хос мэргэжлийн ангийг ердөө хоёрхон удаа авч төгсгөсний нэг л дээ. Сургуулиа төгссөнөөсөө хойш миний хамгийн анх ажилласан, ажлын гараагаа эхэлсэн газар бол яах аргагүй “Seven” телевиз. Яг жүжигчин мэргэжлээрээ хамгийн анх МҮОНТ-ийн бүтээл “Нарны жим” гээд телевизийн олон ангит киноны туслах дүрд ажилласан. 
 
Харин өнгөрсөн жил “Миний хайр” бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд ажиллаж үзлээ. Энэ киноны хамт олон, уран бүтээлчдээсээ их зүйлийг суралцсан. Одоогоор телевизийнхээ “Валидол” олон ангит киноны Намуунаа гэж охины дүр дээр ажиллаж байна. Жүжигчин мэргэжлээрээ хөтлөгч шигээ ажиллаагүй л байна. Гэхдээ одооноос ажиллая гэсэн хүсэл, зорилготой байна даа.
 
-Жүжигчин хүн бүрийн дотор тайзны уран бүтээлд ажиллах юмсан гэсэн хүсэл оволзож байдаг байх. Таны хувьд энэ төрлийн уран бүтээлд ажиллах хүсэл байдаг уу?
 
-Би уг нь оюутан байхдаа хэзээ ч хөтлөгч хийхгүй гэж боддог байлаа. Гэтэл ёстой давахгүй гэсэн даваагаараа долоо давна гэдэг шиг л юм болж байна /инээв/. Яагаад ч юм “Сайн байцгаана уу, эрхэм хүндэт үзэгчид ээ” гэдэг улиг болсон хэв маяг надад таалагддаггүй байсан юм. Арай нэг өөр зүйлд дуртай байсан. 
 
Харин “Seven” телевиз Монголын анхны бүрэн, зуун хувь энтертайнмент телевиз байсан. Хэзээ ч нөгөө улиг болсон хэв маягтай нэвтрүүлгүүд гаргаж байгаагүй. Энэ бүхэн, дээр нь тэр газрын уур амьсгал намайг дурлуулсан болохоор би хөтлөгч хийсэн юм. Одоо ч гэсэн дуртай. Оюутан байхаасаа л өөрийгөө тайзны уран бүтээлч болно гэж бодож, мөрөөддөг байлаа. 
 
Миний хайртай багш, “Хувьсал” продакшны найруулагч байсан, одоо “Их засаг" их сургуулийн Театр урлагийн сургуулийг захирал Д.Оюунсүрэн багш маань ч надад тайзны уран бүтээлч байхын ямар сайхныг үлгэрлэдэг байлаа. Тийм ч учраас тайзанд хайртай. Жүжигчин хүн бүр тайзны уран бүтээлд ажиллахыг хүсч, шатаж явдаг байх. 
 
Би ч гэсэн яг л үүнтэй адилаар тайзны уран бүтээлд ажиллахыг хүсдэг. Өмнө нь “X art" продакшнд ажиллаж байхдаа нийслэлийн Цагдаагийн газрын захиалгаар хийсэн “Цэвдэг ертөнц” гээд бүрэн хэмжээний жүжиг тавьсан юм. Энэ жүжгийн гол дүрд ажиллаж байсан.
 
-“Нарны жим”, “Миний хайр”, “Валидол” гээд уран бүтээлүүдэд ажилласан дүрүүдийг нь хараад байхад дандаа л гал цогтой, галзуу бүсгүйчүүдийн дүр байх юм. Өөрөө амьдрал дээрээ тийм хүн учраас найруулагчдад тэгэж харагдаад байна уу. Яг амьдрал дээрээ та ямархуу зан ааштай хүн бэ?
 
-Миний гадаад төрх, харагдах байдлаас болоод л тиймэрхүү дүрүүдэд сонгодог байх гэж боддог шүү дээ. “Нарны жим"-д гэхэд л их галзуу, аманцар, амьдралыг их хөнгөнөөр хардаг охин.  “Миний хайр”-д гаднаасаа их хөнгөхөн юм шиг хэрнээ дотроо их зөв бодолтой охины дүр таарсан. 
 
Харин “Валидол”-ын хувьд манай телевизийн уран бүтээлчид ярилцаж байгаад дүрийн хуваарилалтаа хийсэн л дээ. Миний гадна төрх яагаад ч сайн талын, эерэг дүрд тохирох биш болохоор л иймэрхүү дүрд хуваарилагдчихаад байдаг юм болов уу даа /инээв/. Хэзээ нэгэн цагт азаар сайн, эерэг дүрд тоглох боломж олдох байх. 
 
Уг нь амьдралд туйлын үнэн байдаггүй гэдэг шиг хүн гаднаасаа ямар ч харагдаж болно, түүгээр нь хүнийг дүгнэж болохгүй. Дотроо ямар ч байж болно шүү дээ. Миний ямар хүн бэ гэдгийг миний ойр дотныхон л сайн хэлэх байх. Би бол өөрийгөө нэлээд нээлттэй, чөлөөтэй юм шиг харагддаг хэрнээ бүрэгдүү, тэр бүр өөрийгөө бүрэн илэрхийлээд байдаггүй хүн гэж л боддог шүү.
 
-Бас “Zulaa & Sex” нэвтрүүлгийг хөтөлдөг болохоор их тачаангуй гэж хардаг байх?
 
-Тэгэж хардаг байж магадгүй л юм /инээв/. Эрэгтэй хүмүүс л тийм нүдээр хардаг байх. Уулзъя, ивээн тэтгэе гэсэн янз бүрийн сонин саналууд ч ирж байсан. Надад тийм зүйл таалагддаггүй. Найз залуугаа сонгох, гэр бүл зохиох тал дээр би ул суурьтай хандахыг эрмэлздэг.
 
-Жүжигчин хүн бүрт бүтээхийг хүсдэг бүр байдаг шүү дээ. Таны хувьд ямар дүр бүтээхийг хүсдэг бол?
 
-Жүжигчин хүн найруулагчийн тухайн жүжигчинд оноосон дүрд маш сайн ажиллах ёстой. Энэ нь л жүжигчин хүнээс гарах ур чадвар байх л даа. Н.Сувд гуайг Мандухай цэцэн хатнаар, Б.Магсаржав гуайг Равсал панзаар нь хүн болгон мэддэг. Тухайн жүжигчин тэр дүр дээр үнэхээр ажиллаж чадсан болохоор тамгалагдаад үлдсэн байгаа юм. 
 
Жүжигчин хүн дүрийг голох биш, дүр өөрөө жүжигчинг голдог гэж би боддог. Хэн нэгэн найруулагч надад ямар ч дүрийн санал тавьсан бай би чадлынхаа хэрээр, өөрөөсөө гарах бүх зүйлийг шавхаад ажиллана. Эсрэг талын дүрийг маш сайн зөвтгөлтэйгөөр, хүмүүсийг үзэн ядтал ажиллах юмсан л гэж боддог доо. Ийм л дүрд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг юм.
 
-Үнэхээр сайн зохиолын нэг дүрийг танд санал болголоо. Гэтэл тэр нь нүцгэлэх шаардлагатай байвал яах бол. Танаас тийм зориг гарах уу?
 
-Чадна шүү. Би өөрөөсөө тодорхой хэмжээний зориг гаргаж байж хөтлөгчийнхөө ажлыг эхлүүлсэн. “Level" хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлдөг байхдаа л бараг л хагас нүцгэн, нэлээд задгай хувцаслалттайгаар эфирт гардаг байсан. “Zulaa & Sex” нэвтрүүлгийг хийхдээ ч тэр. Яахав нүцгэлэх тал дээр уран бүтээлч хүмүүс шүүмжлэлтэй хандах нь бий.
 
“Дөнгөж гараагаа эхэлж байгаа хүмүүс юу юугүй нүцгэлэхээр үнэ цэнээ алдана” гэж хэлдэг хүмүүс бий. Хэрвээ надад санал болгосон дүр, зохиол үнэхээр таалагдвал айлгүйгээр нүцгэлж чадна. Надад тийм зориг байгаа.
 
-“Level" нэвтрүүлэг ярьсных нэг зүйл асууя. Тэр үед нэвтрүүлгээ дандаа нүдний шилтэйгээр хөтөлдөг байсан шүү дээ. Үүнээсээ болоод бас нэлээд хэл аманд өртөж байсан санагдана?
 
-Тийм шүү. Долир, солир, шилэн нүдтэй, давхраа хийлгэсэн энэ тэр гээд л янз янзаар л хэлдэг байсан. Гэхдээ энэ бол үзэгчдийг татах менежмент л байсан. Хүмүүс угаасаа л нууцлаг зүйлд дуртай шүү дээ. Тийм ч болохоор хүмүүсийн тэгэж элдвээр хэлдэг, таамаглал дэвшүүлдэг байсан нь надад илүү сонирхолтой санагддаг байсан шүү /инээв/.
 
-“Sеvеn” телевиз анх байгуулагдахдаа маш шинэлэг өнгө төрхтэй байса. Үзэгчид ч их цочир хүлээж авсан. Гэтэл өөр өөр чиглэлийн телевизүүдтэй нэгдэж, медиа групп болчихлоо. Энэ танай телевизийн бодлогод нөлөөлж байна уу?
 
-Манай телевиз Монголдоо хамгийн анхны бүрэн энтертаймент телевиз. Тийм болохоор залуусыг зугаацуулах, цэнгүүлэх л зорилготой. Бусад мэдээллийн, танин мэдэхүйн телевизүүдийн хажууд эрс шинэлэг байж чадсан байх. Энэ нь хүмүүст хүлээж авахад бэрхшээлтэй байсан байж магад. “Sеvеn", “Rоуаl", “Малчин” телевизүүд, дээр нь olloo.mn сайт нэгдээд “Rоуаl" медиа групп болсон. Гэхдээ телевиз бүр өөр өөрийн чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа.
 
-Одоо дэлгэцийн уран бүтээлийн шинэ саналууд хэр ирж байна вэ. Хэрхэн хүлээн авч байна. Хүлээж авахдаа хамгийн түрүүнд юуг онцлон хардаг бол?
 
 
-Саналууд ирдэг л юм. Гэхдээ яг одоогоор “Валидол” олон ангит кинондоо дүр аваад ажиллаж байгаа болохоор хараахан өөр саналуудад тэр болгон зөвшөөрч чадахгүй байна. Ямарваа санал ирсэн тохиолдолд хамгийн түрүүнд зохиолыг нь, хамтарч ажиллах баг, хамт олныг нь л хардаг даа.
 
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин