sonin.mn
Мэргэжлийн хувьд хүн бүр эдийн засагч, нягтлан бодогч, санхүүч байх бололцоогүй ч хэрэглэгчийн хувьд эдийн засагч, нягтлан бодогч, санхүүч байхыг зах зээлийн харилцаа шаардах боллоо. Энэ л шаардлагын үүднээс өнгөрсөнөө санах хэрэг гарсан юм. Хүүхэд үеийн дурсамж хожим хойно ухаарлыг төрүүлж байгаа учраас зарим зүйлийг дурсан ярья.
 
Ийм шалтгаан байгаагүй бол дурсамж ярьж “хоцрогдсоноо” өөрөө илчлэх шаардлага надад байхгүй. Бас хоцрогдсон гэж хэлэгдэж байгаа олон хүний үзсэн харсан зүйл одоо мэдлэг болон хувирч байгааг хэлэхэд илүүдэхгүй. Би ярих гэж байгаа зүйлээ мэдлэг гэж бодож байна.
 
Сэлэнгэ аймаг хэзээнээсээ зах зээл хөгжсөн газар байлаа. Алтанбулаг хот гэхэд л 1950-60-аад оны турш тухайн үеийнхээ зах зээлийн үлгэр жишээ байсан юм. Бусад газар яг ийм байгаагүйг баттай хэлж чадна. Биднийг бага, дунд сургуулийн сурагч байхад Алтанбулаг хотод улсын хоршоо, артелийн дэлгүүр, хувийн дэлгүүр, орос дэлгүүр ажиллаж байлаа. Эдгээр дэлгүүрт байхгүй юм гэж үгүй. Манай сургуулийн химийн багш Дамбийжанцан гэдэг өндөр цагаан буриад хүн байв.
 
Тэр багш өглөөгүүр хүрэн өнгийн костюм, хүрэн бүрх, өдөр дунд ягаан буурал костюм, цагаан бүрх, орой болохоор хар хөх костюм, хар бүрх өмсөж явна. Чийг бороотой үед гутлынхаа гадуур галош углана. Одоо бодоход люкс, бостонон даавуугаар хийсэн костюм байжээ. Энэ бүхнийг хаанаас ч биш Алтанбулагийн дэлгүүрээс авч болдог байсан юм. Гар үйлдвэрийн артелийн дэлгүүрт хөвөнтэй өмд, цамц, хөнжил, гудас, буркэн болон торгон савхин гутал, гэрийн оосор, хошлон, төмөр зуух, яндан, галын хайч, үнсний утгуур, хогийн сав цөм байдаг сан.
 
Бас хятадын дэлгүүр, гуанз байсан. Гаргүй Дорж, Ү Лү гэдэг хоёр хятадын гуанз байна. Буриадууд гэдэг хачин ажилсаг зон. Дөрвөн дугуйтай ходхк тэрэг эсвэл чарганд сэгсийтэл өвс ачин цувна. Авгайчуул нь талх барина, зөөхий гаргана. Намар болохоор хотын төв гудамжинд задгай зах ажиллана. Төрөл бүрийн ногоо, мойл, нэрс, модны зажилдаг давирхай, арвайн гурил, болсон будаа, мах сүү, нарийн боов гээд дутуу юмгүй. Ахлах ангийн сурагчид Ү Лү наймааны гуанзанд, өмхий гуя өлгөөтэй байна гээд дуулцгаана.
 
Баруун хиагтын хятадууд хулсан торонд баахан голио хийгээд байшингийнхаа наран талын саравчинд өлгөчихөөд тэжээж байна.
Том хүүхдүүдийн хэлж байснаар бол хоол хийж иддэг юм гэсэн. Намайг аймгийн сургуульд очиход булгаарын завод буучихсан, нурчихсан байсан. Хаант засгийн үед гадаадынхны байгуулсан үйлдвэр юм байна. Тэр үйлдвэрийн эзэн нь байсан юм уу, эзний нь эхнэр ч байсан юм уу том хар авгай байсныг бүүр түүрхэн санаж байна. Ер нь олон ястан үндэстэн цугларсан хот байлаа. Орос дунд сургуультай байсан юмдаг.
 
Тэр сургуульд хожмын сансрын нисгэгч Рукавишников суралцаж байсан юм билээ. Алтанбулагийн хүнсний комбинатын талх алдартай. Чийглэг, хөөлт сайтай, сайхан үнэртэй том талх байх. Түүнийг мастер Нистер гэдэг турк хүн хийдэг байлаа. Орос хэлний Галя багшийн эцэг нь герман хүн байсан шиг санагдана. Тэр ангын төрөл бүрийн буу засна. Гурван амтай буу хийгээд сэргийлэхэд баригдаж гэж ярьж байсныг санаж байна. Бас мажар хүн байсан юм билээ.
 
Монгол улсын гавьяат эмч Бадер гуайг Хиагтад төрсөн мажар хүн гэж хэн ч мэдэхгүй. Баруун Хиагтад хятадууд дүүрэн сууна. Төрөл бүрийн ногоо тарьж, гэр орны аж ахуй эрхэлнэ. Карнаков, Ивцэг, Шаамар, Хярааны деревинд оросууд нутаглана. Монголын партизан Мельников бол Алтанбулагийн хүн юм.
 
Манай сургуулийн захирал Жалсан, байрны багш гарнизон Дамдин гэж гайхамшигтай ажилсаг хатуу чанга хүмүүс байлаа. Дотуур байрны хүүхдүүд хоолныхоо ногоог өөрсдөө тарьж хураадаг байсан юм. Бас байрны хүүхдүүд тужийн нарсанд очиж түлээгээ бэлтгэнэ. Тэгэхдээ 50 см урттай тайрч голоор нэг цуу цохиод сажлан өрж хураана. Түүнийг полено гэдэгсэн. Нэг хоёр жилийн дараа хөхөрч хатсан түлээгээ сургуулийн ЗИС-5 машинаар зөөн авч ирнэ. Манай жолоочийг Юра гэнэ. Залуухан орос байсан юмдаг. 1952 онд тэр орос маршал Х.Чойбалсанг нас барлаа гээд уйлж байж билээ.
 
Оросууд хил даван ирж манай аймгаас өвс авна. Олон машин Алтанбулаг хотын гол гудамжинд ирж зогсоод, жолооч нар нь хүнсний комбинатын гуанзанд хооллоно. Машиныхаа энд тэнд, өвсний үртэс хогон дотор толь, гутал хувцас, янз бүрийн юм нуун авч ирж зарна. Хирдээ л хилийн худалдаа байж дээ.
 
Хүүтэй цаасыгаа
Хүрээндээ зарна хө
Хүрээний хонгор хүү чинь
Хүүхэнгүй нь худлаа даа
 
гээд дуулж байсныг бодоход үнэт цаасны арилжаа бас л шинэ юм биш дэгээ.
 
Хоцрогдонгуй байсан байх. Тэр үед өөрсдөө бий болгож эзэмшон хөрөнгөнд тулгуурласан зах зээл байсан юм. Одоо бол бусдын бий болгосныг янз бүрийн буруу аргаар хуваан авсан хөрөнгөнд тулгуурласан зах зээл бий болоод байна.
 
Өөрийнхөө гайгүй ойлгодог, мэддэг зүйлээ гол юм гэх, ойлгохгүй мэдэхгүй юмаа буруу гэж мэтгэх, юм бүхний анхдагч нь боллоо гэж бодох болсон одоо үеийнхэнд зах зээл гэдэг чинь байсан л юм шүү дээ гэж хэлмээр байна.
 
Энэ бүхнээс үзэхэд Сэлэнгэ аймаг бол нутаг дэвсгэрийн байршил, байгалийн баялаг, зам харилцаа, янз бүрийн үндэстэн ястан зохицон амьдарч байсны хувьд эдийн засгийн нээлттэй бүс болж болох уламжлалтай нутаг юм. Үрьдах бүхнээ устган шинэчлэх гэдэг хортой. Алтанбулаг хотод байсан зах зээлийн харилцааг уламжлан шинэчилсэн бол зах зээл гэдгийг цоо шинэ юм хийлээ гэж хаанаас сэрүүн зүүдлэх вэ. Зах зээл гэдэг чинь байсан л юм шүү дээ.
 
П.Сандуйжав