sonin.mn
Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх тухай яриа нийгэмд талцал үүсгээд байна. Энэ тухай Монгол Улсын ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар: "ШХАБ илүү эдийн засгийн агуулгатай болж байна. Энэтхэг улс элссэн. Энэтхэг бол дэлхийн том ардчилсан улс гэгддэг. Хамгийн олон хүн амтай улс учраас. Тэрбум 300 сая билүү дээ. Бас Пакистан улс орсон. Нэг бүс-Нэг зам санаачлага, Торгоны зам... Эдийн засгийн хөгжил Зүүн Хойд Азийн бүс нутагт төвлөрч байгаа байдал зэргийг бодохоор ШХАБ-д элсэх нь эдийн засгийн хувьд ямар боломжийг бий болгох вэ? Эрсдэл байж болно. Энэ бүхнийг SWOT анализ дээр үндэслэж, давуу тал бий болох, сул тал бий болох зэргийг судалж байж, зохицуулж байж элсэх ёстой гэсэн байр суурьтай судалгааны ажил хийгдээд, энэ дээр шийдвэрлэж эцсийн шийдвэрийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гаргана." хэмээсэн билээ. Гэхдээ энэ нь МАН-ын байр суурь гэхэд хэцүү аж. Учир нь Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, Б.Тогтохсүрэн тэргүүтэй төлөөлөгчид  5 сарын сүүлээр Хятадын Коммунист Намын урилгаар БНХАУ-д айлчилж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын Улс төрийн намуудын уулзалтад оролцсон билээ. Энэ үеэрээ тэд: "Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөрштэй. Тиймээс энэхүү хоёр хөршийн нэгдэн орсон ШХАБ-ын үйл ажиллагааг идэвхтэй ажиглаж байх нь Монгол Улсын геополитикийн хувьд маш чухал. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь ШХАБ-ын гишүүн орнуудын хүрээнд өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд, ирэх онуудад хэрэгжүүлэх бодлого, төслүүд танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.” хэмээсэн байх юм. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагааг ахиулах тухай бус ажиглагчаараа байх нь чухал гэсэн санааг ямар ч хоёрдмол санаагүйгээр шууд илэрхийлжээ. 
 
Л.Ганбат