Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар эрх зүйн акт, хэм хэмжээг баримталж ажиллах талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.БАТБОЛДТОЙ ярилцлаа.
 
-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид зурагтаар хэдэн цагийн сурталчилгааг үнэ төлбөргүй явуулах боломжтой вэ?
 
-Энэ талаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 44,46 дугаар зүйлд заасан байдаг. Уг хуулийн заалтаар арилжааны нэг телевиз хоногт 60 минутын сонгуулийн сурталчилгаа явуулах эрхтэй. Энэ хугацааны 20-оос илүүгүй хугацаа нь нэг нам, эвсэл бие даагчид зориулагдана. Өнгөрсөн сард сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг гарган цахим хуудастаа нийтэлсэн.
 
-Сонгуульд оролцож буй нам,эвсэл, нэр дэвшигчид цахим орчинд сурталчилгаа явуулахдаа юунд анхаарах ёстой вэ?
 
-Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах талаар  тодорхой тусгасны дагуу л явуулна. Цахим орчны онцлог нь зурагт шиг цаг хугацаанд баригддаггүй. Гэхдээ цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахдаа зөвхөн бүртгэлтэй цахим хуудас ашиглах ёстой. Үүний тулд хуульд заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авснаас хойш гурав хоногийн дотор аймаг, нийслэлийн Сонгуулийн тойргийн хороонд сурталчилгаа явуупах цахим хаягаа албан ёсоор бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлээгүй цахим хаягаар сурталчилгаа явуулсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно.
 
 
-Сонгуулиар “Фэйсбүүк” компанитай хамтарч ажиллахаар болсон гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
 
-Бид 2019 оноос “Фэйсбүүк" компанитай хамтран хууль зөрчсөн цахим хаягийг хязгаарлах талаар ажиллаж байна. Үүний хүрээнд сонгуулийн үеэр тус компанийн төлөөлөгч ирж ажиллах байсан ч цар тахал гарсантай холбоотойгоор сонгуулийн үеэр Фэйсбүүк компанийнхан Монголд ирж чадахааргүй болсон. Гэвч бид цахимаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд шууд холбогдож ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 14-нд СЕХ, ЦЕГ, ХХЗХ болон “Фэйсбүүк” компанийг оролцуулж, цахим хурлыг амжилттай зохион байгуулсан. Сонгуулийг зохион байгуулах хугацаанд “Фэйсбүүк” компани бидэнтэй хамтрах 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулахаа мэдэгдсэн.
 
-Цахим сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зөрчил гарвал иргэд энэ талаар хаана хандаж, мэдэгдэх ёстой вэ?
 
-Манай байгууллага сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэрэглэгчийн гомдол маргаан хүлээж авах боломжгүй. Харин Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын дагуу энэ үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох эрх бүхий байгууллагад гаргах боломжтой. Холбогдох эрх бүхий байгууллага гэдэг нь цагдаа, шударга өрсөлдөөн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг хэлнэ.
 
 
 
Мөн тагнуулын болон эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүгнэлтээр бид “Фэйсбүүк" компанитай хамтран тухайн пэйж хуудасны хандалтыг түр зогсоох, хаах хүртэлх арга хэмжээг авна.  
 
 
 
2016, 2017 оны сонгуулиар нэр дэвшигчид сурталчилгаа явуулахдаа цахим орчныг нэлээд ашигласан. Энэ жил цар тахлын үетэй холбоотойгоор нэр дэвшигчдийн сурталчилгаа цахим орчинд өмнөх жилүүдийнхээс илүү тавигдах болов уу.
 
-Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа цахим орчинд явуулахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?
 
-Хамгийн гол нь манайд албан ёсоор бүртгэлтэй цахим хуудсаар сурталчилгаагаа явуулна. Сонгуулийн хуулийг зөрчиж, хэн нэгэн нэр дэвшигчийг гүтгэн доромжилж болохгүй. Хэрэв тэгвэл бид хуулийн дагуу хариуцлага тооцон тухайн фэйсбүүк хуудсыг сонгуулийн хугацаа дуустал түр хязгаарлах болно.
 
-Тэгвэл сонгуулийн сурталчилгаа явуулах хэвлэл мэдээллийн байгууллагууд танайд бүртгүүлэх шаардлагатай юу?
 
-Сонгуулийн тухай хуулийн 47 зүйлийн 47.1-т заасны дагуу цахим орчинд гурван төрлийн цахим хуудас ашиглахыг зөвшөөрдөг. Нэгдүгээрт, нам эвсэл, нэр дэвшигчийн цахим хуудас, хоёрдугаарт, тэдний цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас, гуравдугаарт, бусад цахим хуудас. Үүнд мэдээ мэдээллийн болон зар сурталчилгааны сайтууд багтаж байгаа юм. Дээрх гурван цахим хуудасны эхний хоёрыг нь аймаг, нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлсэн цахим хуудаснаас сонгуулийн сурталчилгаа явуулж болно. Харин бусдыг нь бүртгүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой.
 
-Өмнөх сонгуулиудаар сурталчилгаанд тавьж байсан хяналтаас энэ жилийнх юугаараа онцлог, дэвшилттэй байгаа вэ?
 
-Өмнөх сонгуулиар бид вэб сайтуудад зохицуулалт хийж байлаа. Харин цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хяналт тавьж, зохицуулалт хийж чадахгүй байсан. Энэ оны сонгуулийн гол онцлог нь бид вэб сайтууд болон олон нийтийн сүлжээнд тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар болсон явдал юм.
 
-Нэг нэр дэвшигч, нам, эвсэл сонгуулийн сурталчилгаандаа хэдэн цахим хуудас ашиглах боломжтой вэ?
 
-Сонгуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу нэр дэвшигч болон нам эвсэл өөрийн тус бүр нэг цахим хуудас ашиглана. Мөн цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тус бүр нэг цахим хаяг ашиглах боломжтой. Эдгээр цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаас хойш гурван өдрийн дотор аймаг, нийслэлийн Сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх үүрэгтэйг дахин сануулъя.
 
-Нэр дэвшигч өөрийг нь дэмжигчдийн хуудсаа бүртгүүлсэн байлаа гэж бодъё. Гэтэл тухайн нэр дэвшигчийг дэмжигч иргэн өөр цахим хуудас нээж ажиллуулж болох уу?
 
-Сонгуулийн хуульд зааснаар сурталчилгаа явуулахад бусдын нэр, зураг болон хуурамч хаяг ашиглахыг хориглосон. Ийм учраас ижил нэр үүсгэх боломжгүй. Бид нам эвсэл, нэр дэвшигчийн аймаг, нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн олон нийтийн сүлжээний цахим хуудсыг баталгаажуулна. Тэгэхээр давхар цахим хуудас үүсгээд явбал хууль зөрчсөн асуудал болно. Иймд түүнийг хязгаарлах технологийн арга хэмжээг “Фэйсбүүк” компанитай хамтарч авна.
 
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусгавар болчихсон байхад фэйсбүүк, твиттер, инстаграм хаягаар ил болон далд байдлаар сурталчилгаа явуулдаг тал бий. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?
 
-Холбогдох хуульд заасны дагуу сонгуулийн санал авахаас 24 цагийн өмнө зар сурталчилгааг зогсоох ёстой. Тухайн үед бид сошиалд идэвхтэй хяналт тавьж, ажиллана. Сошиал компаниудтай урьдчилсан яриа хэлцэл хийж байгаа. Мөн хуулийн дагуу нам, эвсэл, нэр дэвшигчийн үүсгэж бүртгүүлсэн цахим хуудсыг түр хугацаанд хязгаарлах юм. Бас бусад цахим хуудас сонгуулийн санал авахаас 24 цагийн өмнө сурталчилгаа хаана гэсэн хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй. 
 
-Хувь хүний олон нийтийн сүлжээний цахим хаяг ч бас үүнд хамаарах уу?
 
-Ер нь хуулийн дагуу бүгд сонгуулийн сурталчилгааг хааж, тухайн контент, мэдээллүүдээ бусдад харагдахгүй болгох ёстой. Сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа хийвэл Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Харилцаа холбооны зохицуулах хороо зөвхөн холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийн дагуу технологийн үйлдэл хийнэ. Сонгуулийн сурталчилгаа хаагдсан байхад сурталчилгаа агуулсан пост хийгээд байвал Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахуулах юм. Хэрэв хүндэрсэн нөхцөл байдал үүссэн бол Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ. Эдгээр хуулийн дагуу ШӨХТГ, цагдаа зэрэг эрх бүхий байгууллагууд арга хэмжээ авна гэсэн үг. Харин Харилцаа холбооны зохицуулах хороо эрх бүхий байгууллагын гаргасан санал дүгнэлтийг үндэслэж тухайн хэрэглэгчийн контентыг устгах эсвэл цахим хаягииг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна гэсэн үг. Нөгөө талаасаа Сонгуулийн хуультай холбоотой зөрчилд тооцох хариуцлага өндөр.
 
 
 
Зөрчлийн тухай хуулиар хувь хүнд таван сая, хуулийн этгээдэд 50 сая төгрөг хүртэлх торгуулийн арга хэмжээ авахаар заасан байдаг. Хууль бусаар сурталчилгаа явуулбал хувь хүн 20 сая, хуулийн этгээд 200 сая төгрөгийн торгуультай. Үүнийг иргэд, хуулийн этгээд маш сайн анхаарах хэрэгтэй.
 
 
 
-Олон нийтийн цахим сүлжээгээр “нэр дэвшлээ” гэсэн зурагтай постерууд гарч байгаа. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
 
-Хэрэв Сонгуулийн тухай хууль зөрчиж сурталчилгаа хийж байна гэж үзвэл холбогдох эрх бүхий байгууллагууд нь Харилцаа холбооны зохицуулах хороонд санал дүгнэлтээ ирүүлнэ. Энэ санал дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээ авах хүсэлтийг фэйсбүүк, твиттер компанид хүргүүлж ажиллана. Мөн мэдээллийн веб сайтад ийм мэдээлэл гарч хууль зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсаас авах хандалтыг нь хязгаарлах хүртэлх хуульд заасан технологийн үйлдэл хийх бүрэн боломжтой. Энд нэг зүйл анхаарах хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороо сонгуультай холбоотой зар сурталчилгааны агуулгад хяналт тавихгүй. Учир нь, хууль зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага биш. Тэгэхээр сонгуулийн болон бусад хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагууд үүнд хяналт тавьж ажиллана.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин