sonin.mn
Монгол зураачийн бүтээл Швед улсад  хулгайд алдагдсан хэрэг одоогоос гурван сарын өмнө гарчээ.  Тус улсын цагдаагийн газраас  мөрдлөг явуулж байгаа ч  өнөө хэр олдоогүй байна. 
Хулгайд алдагдсан бүтээл нь  МУЭ-ийн шагналт, чөлөөт уран бүтээлч Ч.Солонгын “Хийморь”  гэж нэрлэсэн  орчин үеийн  уран зураг юм.  130х160 хэмжээтэй  энэ бүтээлд зураач солонгын долоон өнгийг  мориор дүрсэлжээ. Нэг ёсондоо тэнгэрийн хийморийг  өнгө будгаар  өгүүлжээ.  
Мэдээллийн мөрөөр  зураачийг сураглаж  урлаг судлаач, зураачидтай холбогдоход “Хийморь” бүтээлийн тухайд дүрслэл, шийдэл, арга техникийн хувьд өвөрмөц содон.
 
 
 
Уран бүтээлчийн олон жилийн хөдөлмөрөө шингээсэн цор ганц бүтээл хэмээн  онцолж байв.  Харин уран зураг сонирхогчид Ч.Солонго зураачийг  солонгын долоон өнгөөр бүтээлээ зурдаг. “Хийморь”  хэмээх бүтээлдээ өөрөө их хайртай гэж ярьдаг байсан. Өөртөө зориулсан бүтээл нь байх  гэцгээж  байна. 
 
 
 
Ямартай ч дээрх  бүтээлийг Шведэд амьдардаг монгол бүсгүй 2018 онд зураачаас өөрөөс нь  худалдаж авсан.  Монголд ээжийндээ  хадгалж  байгаад 2019 онд эх орондоо  ирээд  буцахдаа Швед рүү авч явсан.  Тэнд гэртээ өлгөж байсан. Ингээд одооноос гурван  сарын өмнө хулгайд  алдсан гэсэн мэдээлэл байна. 
 
Ч.Солонго: Шведийн хилээр гарчихаагүй байх 
 
Зураач Ч.Солонготой  холбогдож энэ талаар  цөөн асуултад хариу авав. 
 
-Таны “Хийморь” бүтээл Шведэд алдагджээ. Энэ тухай та хэзээ мэдсэн бэ? 
 
-Худалдаж авсан нь эзэн нь монгол бүсгүй бий. Шүтээн болгож залсан зурагаа гэрээсээ алдчихлаа. Хулгайч тэр зургаас өөр юм аваагүй байна. Цагдаад мэдэгдээд хайж байна гэдгээ  наадмын өмнө  дуулгасан. Шведийн цагдаа нар  зургийн түүх, үнэлгээг нэхэж байна гэсэн учир би батламж бичиж явуулсан.
 
-Олдох найдлага байгаа болов уу? 
 
-Сэжиглэж байгаа бүх хүнийг цагдаад өгч  шалгуулсан ч олдохгүй  эрэл мухардах тийшээ хандаад  байна гэж байсан. Гэхдээ коронавирустай холбоотой Швед улс хилээ хаасан үетэй хулгайн хэрэг давхцаж таарсан. Иймд хилээр аваад гарчихаагүй байх гэж таамаглаж   байгаа юм билээ. 
Гадаадын улс орнуудад монгол зураачийн бүтээл тэр бүр  хулгайд алдагдаж байсан удаа үгүй. Энэ өнцгөөс харвал дээрх үйл явдал нь  хэдийгээр хулгайн хэрэг  боловч монгол зураачийн бүтээл дэлхийд үнэлэгдэж байгаагийн нэг илрэл гэж болохоор  юм. Гэхдээ Шведийн цагдаа нар Монголынхтой адилгүй тул олж чадна гэсэн найдлага төрж байна. Харин манай улс дотооддоо бол Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс  монгол зургийн аргаар урласан бурхадын  хөргүүдийг 1990-ээд оноос эхлэн хулгайд алдаж,  Уран зургийн галерейн сан хөмрөгөөс  1999 онд Д.Уртнасангийн “Мандухай цэцэн” /65х40/  хөрөг,  2009 онд  Б.Чогсомын  “Улаанбаатар” 134х103 уран зургаас өгсүүлээд  нэртэй зураачдынхаа шилдэг, сод бүтээлүүдийг  алдсан нь  өнөөг хүртэл олдоогүй байна. Сүүлийн жилүүдэд төрийн харуул хамгаалалт бүхий Их тэнгэр дэх цогцолбороос нэрт зураачдынхаа 34 бүтээлийг хулгайд алдсан хэрэг гарч, түүнд нь  Ерөнхийлөгч байсан хүн холбогдож  байв.  Түүнчлэн  Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн  сор бүтээлүүдийн  ихэнх нь   хуулбар болсон байгаа талаар мэдээлэл гардаг ч  баталж нотолсон  зүйл байдаггүй. Монголын цагдаа, холбогдох байгууллагууд өнөөдрийг хүртэл дээрх бүтээлүүдийг хайсаар 20-30 жилийн нүүрийг үзэж буй юм. 
 
 
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин