НҮБ-ын Хүн амын сан өнөөдөр “Дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо” судалгааны үр дүнг танилцууллаа. Ингэснээр Монгол Улс нь дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллээс болж зарцуулагдаж буй нийт өртөг, зардлыг тооцоолсон хамгийн анхны, цогц судалгааг хийсэн Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын нэг болж байгаа юм. Судалгаагаар Монголд дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн улмаас жилд нийт 601.2 тэрбум төгрөг (247 сая ам.доллар)-тэй дүйх хэмжээний алдагдал гарч буйг тогтоосон байна.
НҮБ-ын Хүн амын сангаас энэхүү судалгааны гол дүгнэлтүүдийг өнөөдөр болсон цахим нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан юм. Мөн Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүдийг агуулсан GenderHub нэртэй цахим санг арга хэмжээний үеэр танилцууллаа. Арга хэмжээний 2 дахь хэсэгт “Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд А.Ариунзаяа, “Хөөрхөн зүрх” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, сэтгэл зүйч П.Энхчимэг, МУИС-ийн профессор А.Солонго, Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал нар панелистаар оролцов.
“Дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо” судалгаа нь жендэрт суурилсан хүчирхийллээс болж хувь хүн, өрх гэр төдийгүй улсын эдийн засагт ямар их хөрөнгө зарцуулагдаж буйг тогтоох зорилготой хоёр 2 цуврал судалгааны хоёр дахь нь юм. Эхний судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан үйлчилгээний нийт өртгийг тооцож гаргасан билээ.
Энэхүү судалгаа нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлого шийдвэр, бодит алхмуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодитой тоо мэдээллийг бий болгох, ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой НҮБ-ын хүн амын сангаас Монгол Улсын Засгийн Газартай хамтранхэрэгжүүлж буй 4 жилийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний Статистикийн Хороо хамтран “Хүчирхийллийн нүцгэн үнэн” нэртэй жендэрт суурилсан хүчирхийллийн Үндэсний хэмжээний анхны судалгааг 2017 онд хийсэн билээ. Энэхүү судалгааны тоо мэдээллүүд болон захиргааны мэдээллүүдэд суурилан дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн улмаас иргэдийн халааснаас гарч буй өртгөөс эхлээд алдагдсан орлого, цалин хөлсгүйгээр ажилладаг өрхийн хөдөлмөр, асаргаа сувилгааны ажлын алдагдал, хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал гээд олон төрлийн өртгийг энэхүү судалгаагаар тооцоолон гаргасан байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь олон нийтийн дунд төдийлэн яригдаад байдаггүй хурц сэдэв төдийгүй иргэд энэ асуудлаар мэдлэг ойлголт дутмаг байсаар байгаа энэ үед хүчирхийллийг таслан зогсооход үнэ зөв, бодитой тоо мэдээлэл амин чухал билээ. Энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд болон шийдвэр гаргагчид хүчирхийллийн нөхцөл байдлыг харуулсан тоо мэдээллийн тусламжтайгаар оновтой, зөв шийдэл, арга замыг тодорхойлж чадна. Өдрөөс өдөрт газар авч буй гэр бүлийн хүчирхийлэл болон түүнээс үүдэлтэйгээр хувь хүн, өрх гэр, цаашлаад улс орны нийгэм эдийн засагт учирч буй эдийн засгийн хохирлын өртгийг бууруулахын тулд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг энэхүү судалгаа онцолж байна.
Судалгааны гол үр дүнгүүд:
· Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл Монгол улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол, сөрөг үр дагавар учруулж байна.
· Тооцоо судалгаанаас үзэхэд хүчирхийллээс үүдэлтэй нийт өртөг 601.2 тэрбум төгрөг (247 сая ам.доллар) болж байна. Үүнд:
o Хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр авч байгаа үйл ажиллагааны нийт зардал (үйлчилгээний урсгал зардал) 24 тэрбум 167.9 сая төгрөг (9.9 сая ам.доллар).
o Ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс үүдэлтэй хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гарах нийт хохирлын өртөг 577 тэрбум төгрөг (237 сая ам.доллар) байгаа нь өнөөгийн үйлчилгээнд зарцуулж байгаазардлаас бараг 24 дахин их байна.
§ Үл үзэгдэх зардал хэмээн нэрлэгддэг хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал Монголд дотны хамтрагчийн хүчирхийллээс үүдэлтэй нийт хохирлын өртгийн 90 хувийг эзэлж байна.
§ Хүчирхийлэлд өртсөний улмаас хохирогчийн хувьд алдсан орлого 18 тэрбум 517.4 сая төгрөг (7.6 сая ам.доллар).
§ Цалин хөлсгүйгээр ажилладаг өрхийн хөдөлмөр, асаргаа сувилгааны ажлын алдагдал 11 тэрбум 275 сая төгрөг (4.6 сая ам.доллар).
§ Хувь хүнээс гарсан зардал 6 тэрбум 592.8 сая төгрөг (2.7 сая ам.доллар) байна.
Үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн урьдчилсан тооцоо: үйлчлүүлэгчдийн тоо өнөөгийнхөөс 75 хувиар өссөн тохиолдолд үүнд шаардагдах хөрөнгө нь эс үйлдэхүйгээс үүдэлтэй хохирлын өртөг буюу хүчирхийлэлд өртсөний улмаас гарах зардлын дөнгөж 7.3 хувьтай тэнцэх хэмжээгээр л нэмэгдэнэ. Иймд хөрөнгө нөөц нэг их үрэлгүйгээр Гэр бүлийн бүх хохирогчдод хүрч үйлчлэхийн тулд үйлчилгээг үлэмж хэмжээгээр өргөжүүлэх боломжтой болохыг судалгааны дүн харуулж байна.
Сэтгэгдэл0
Хүчирхийлэгчид ял оноогоод шоронд 10 жил суулгачихад гарах зардпал хамаагүй бага. Тэгээд ч ялтан шоронд суух зардлаа төлөхгүй бол хугацаа нь сунгагддаг байх ёстой.Амархан шийдэж болно.
ENE BOL ZOVXON MONGOLDOO MONGOLCHUU DAA MONGOL YXRYYDEE TAA NARIIN CONGOCON 76-N BAAC ERXIILEGCH ERONXII CAID NAR CHIN XEZEECH OLIGTOI ZYIL ARD TYMENDEE XIIJ CHADAXGYI YTER TYRGEN GADAADAD GARCH AMDAR ENE XORVOO DEER XAMGIIN MUU MUUXAI ZYIL ZOVXON MONGOLD
ene sudalgaanuudad hichneen terbum togrog zartsuulagddag bol.
2ын хооронд халтар хултар англи хэлтэй улсуудын энд тэндэхийн сангаас мөнгө авч амьжирдаг төсөл нэрээр сүржин сүржин мэдээлэл хийдэг судалгааны л нэг байна. Болгоомжил. Монголчуудаа.