Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хүрээнд Ажлын байрны бэлгийн дарамтлал /АББД/-тай тэмцэх ТББ-уудын эвслээс Жендэрийн Үндэсний хороо, Монголын эмэгтэйчуудийн сан болон бусад олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ оны долоодугаар сарын 8-10-ны өдөр Филиппин улсад туршлага судлах аялал хийсэн юм.

Энэхүү аялалд оролцоод ирсэн МҮЭХ-ны Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалагийн бэлдсэн мэдээллийг нийтэлж байна


Ажлын байран дахь бэлгийн дарамтлал нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд хүйсийн ялгаанаас үүдэлтэй хүчирхийллийн нэг төрөл гэж олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг.

Манай улсын хувьд ажлын байрны бэлгийн дарамтлалын асуудалтай тэмцэхийн тулд олон нийтэд ойлголт мэдлэг түгээх, холбогдох хуулиудад бэлгийн дарамтлалыг хориглох асуудлыг тусгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэргээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж үндэсний сүлжээ байгуулан ажилласан. МҮЭ энэ сүлжээний гишүүнээр анхнаас нь хамтран ажиллаж ирсэн.

Үүний дүнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтлалыг хориглох, энэ хүрээнд ажил олгогч, ажилтны эрх үүрэг, гарсан гомдол маргааныг шийдвэрлэх асуудлыг тусгасан. Цаашид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд АББД-ын зохицуулалтыг урьдчилан сэргийлэх, гарсан гомдол маргааныг хянан хэлэлцэх, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлага болон АББД-ын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг асуудлаар улам сайжруулах шаардлагатай байгаа юм.

Энэ удаагийн аяллын хүрээнд ажлын байрны бэлгийн дарамтлалын асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд оновчтойгоор тусган хэрэгжүүлэхэд бодитой санал боловсруулан хүргүүлэх зорилгоор "Бэлгийн хүчирхийллийн эсрэг хууль"-ийг 1995 оноос хэрэгжүүлсэн туршлага бүхий Филиппин улсаас суралцаж, хууль хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, хуулийн хэрэгжилттэй холбоотой механизмуудтай танилцлаа.

"Бэлгийн хүчирхийллийн эсрэг хууль"-ийг 1995 онд баталсан ба ажлын байр, боловсрол, сургалтын орчинд бүх хэлбэрийн бэлгийн хүчирхийлэл нь хууль бус болохыг тунхагласан байна.

Хуулийн онцлог нь ажлын байрнаас гадна боловсрол, сургалтын орчинд бэлгийн дарамтыг хориглосон бөгөөд ажлын байр, сургалт, боловсролын орчинд өөрийн удирдлага, нөлөөлөл, ёс зүйн захиргаан дор байгаа этгээдээс түүнийг зөвшөөрсөн эсэхээс хамаарахгүйгээр бэлгийн таашаал авахаар шаардах, хүсэх, тулгаж байгаа ажил олгогч,ажилтан, дарга, хянагч, ажил олгогчийн төлөөлөгч, багш, зааварлагч, эрдэмтэн, дасгалжуулагч, сургагч болон бусад хүмүүсийн үйлдэл байна гэж тодорхой зааж өгчээ.

Захиргаа, ажил олгогч нь ажил, боловсрол, сургалтын орчинд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийлэл гарсан үед гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох үүрэгтэй байх ба энэхүү үүргээ хэрэгжүүлэх зорилгоор бэлгийн хүчирхийлэл гарсан үед түүнийг шалгах, холбогдох захиргааны хариуцлага тооцох журмыг баталж мөрдүүлэх, асуудал эрхэлсэн хороог удирдлага, ҮЭ, хяналтын түвшний ажилтан, ажилтнуудын төлөөлөлтэйгээр байгуулж ажиллуулах талаар хуульд тусгасан байна.


Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын хувьд бэлгийн хүчирхийлэл гарахаас сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг шалган тогтоох, маргааныг шийдэх, буруутай этгээдэд хариуцлага ногдуулах асуудлыг байгууллагын Бэлгийн хүчирхийллийн тохиолдлыг шалгах хороо баталсан журмын дагуу хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

Ажил олгогч, боловсрол, сургалтын байгууллагын албаны даргад хүчирхийлэлд өртөгч тал бэлгийн хүчирхийллийн тухай мэдээлсэн боловч шуурхай арга хэмжээ аваагүй бол ажил олгогч, боловсрол, сургалтын байгууллагын албаны дарга нь ажпын байр, боловсрол, сургалтын орчинд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн улмаас учирсан бүх хохирлыг хариуцна гэж хуульд зааж өгчээ.

Хуулиар хариуцлагын асуудлыг тогтоож өгсөн ба хуулийн заалтыг зөрчсөн хүнд шүүх нэг сараас 6 cap хүртэл хугацаагаар хорих, арван мянгаас хорин мянга хүртэл песо /47 песо нь 1 ам.дол/-оор торгох, эсхүл торгох болон хорих ялыг давхар ногдуулж болно гэж заасан байна. Энэ хариуцлагын хувьд захиргааны буюу шүүхээс ногдуулах хариуцлага юм.

Хөдөлмөрийн харилцааны хүрээнд ажпын байранд бусдад бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хүлээлгэх хедөлмөрийн сахилгын шийтгэлийг ажил олгогч журамдаа зааж өгех ёстой ба төрийн албан хаагчид, төрийн өмчийн сургуулиудад мөрдөх нэгдсэн журмыг Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргасан байна.

Харин хувийн хэвшил болон боловсрол, сургалтын бусад байгууллагад мөрдөх журмын талаар хараахан нэгдсэн байдлаар зохицуулалт хийгээгүй байгаа юм байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2001 оны 17 дугаар тогтоолоороо баталсан "Төрийн албанд бэлгийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх захиргааны журам"-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилан зөрчлийн илрэх хэлбэр, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон байна.

Тухайлбал, бусдын биед зохисгүй байдлаар хүрэх, шүргэхийг хүндэвтэр хэлбэрт тооцох ба нэг сараас 6 cap хүртэл хугацаагаар цалин хөлсгүйгээр ажлын байрнаас хөндийрүүлэх, халах хүртэл арга хэмжээ авахаар заасан байна.

Харин хөнгөн зөрчил бол эхний удаад сануулах, дараагийн удаад нэг cap хүртэл хугацаагаар ажлын байрнаас хөндийрүүлэх, гурав дахь удаагаа дахин зөрчил гаргавал ажлаас халах шийтгэл ногдуулдаг байна.

Эмэгтэйчүүд, эрчүүд хэн боловч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бэлгийн харилцаатай холбоотой аливаа дарамт доромжлолгүй нөхцөлд айдас түгшүүрээс ангид ажиллах ёстой. Манай орны хувьд энэ зарчмын хуульдаа тусган баталгаажуулахын төлөө байна.

Ажлын байрны бэлгийн дарамтыг тодотгох гол асуудал бол бэлгийн сэдэлтэй үйлдэл, эс үйлдлүүд нь аль нэг талын хүсэл зоригын эсрэг, хүлээн авашгүй шинжтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, бэлгийн сэдэлтэй аливаа үйлдэл, эс үйлдэл нь хоёр талын хүслээр бус нэг талдаа хүч хэрэглэсэн, дарамталсан байдлаар үйлдэгдэж байвал үүнийг ажлын байрны дарамт гэж үзэж хуулиар хориглох шаарлагатай юм.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин