sonin.mn
Өдгөө Ерөнхийлөгчийн хориг тавиад байгаа Эрүүгийн өршөөлийн хууль олны анхаарлыг татсан хэвээр байна. Тэр дундаа энэ хуулийг ямар замаар, хэний захиалгаар баталсан бэ гэх хардлага ч хаа сайгүй байгаа юм. Уг хуулийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн учраас тодорхой мэдээлэл өгөх гишүүн олдохгүй байгаа юм. 
 
Тэгвэл уржигдраас эхлэн АН-ын зарим гишүүн энэ хуулийн хуудууг дэлгэж эхэллээ. Эхний ээлжинд УИХ-ын гишүүн М.Батчимэг “АН Н.Энхбаярт барьцаалагдсан учраас Өршөөлийн хуулийг баталсан” хэмээн ярьсан. Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч мөн энэ талаарх байр сууриа телевизийн дэлгэцээр дэлгэрэнгүй илэрхийллээ. 
 
Сонирхолтой нь Өршөөлийн хуулийг батлах явц хэрхэн өрнөсөн талаар ярьсан нь М.Батчимэг гишүүнийнхтэй адил байсан бөгөөд “Шударга ёс” эвсэлд барьцаалагдсан учраас энэ хуулийг баталсан гэдгийг тодотгожээ. Түүнчлэн анх Засгийн газраас оруулж ирснээсээ өөрөөр батлагдсан гэдгийг ч онцолжээ. 
 
Тодруулбал, тэрбээр “Ер нь аливаа өргөн барьсан хуульд ямар нэгэн өөрчлөлт орох нь байдаг л асуудал. Харин миний 20 гаруй жил төрийн албанд зүтгэсэн хугацаанд үнэхээр яаж ийм зүйл болов гэж гайхахад хүрээд байна.   
 
Нэгдүгээрт, хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн үзэл санаа концевц үндсээрээ өөрчлөгдвөл хууль санаачлагчид нь буцаах дэгийн тухай хууль байдаг. Гэтэл энэ удаад Засгийн газраас оруулсан төслийг хаяад тэс өөр төсөл Засгийн газрын нэрээр хэлэлцээд явчихсан. Нэг ёсондоо хууль бус хэлэлцүүлэг болсон. 
 
Хоёрдугаарт, энэ дэндүү мэргэжлийн биш байсан. Өршөөл бол төрийн бодлого. Энэ нь ял эдэлж байгаа болон өршөөх гэж байгаа, өршөөгдөхгүй олон түмэндээ ч ойлгомжтой байх ёстой. Гэтэл Засгийн газраас оруулсан Өршөөлийн хуулийн зарчмуудыг төсөл дотроос нь аваад хаячихсан. 
 
Намын нэрээр хүмүүсийн захиалга хангасан замбараагүй хууль болсон. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч тайлбарлаж чадахгүй, эргээд эрүүгийн нөхцөл байдал юу болохыг хэн ч төсөөлөх аргагүй, төрийн бодлого яаж яваад байгааг хэн ч ойлгохгүй , хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн хууль боллоо гэсэн юм.
 
М.Оргил
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин