sonin.mn

Бүгд л амар тайван суухыг хүсч байна. Хэнийг сонгохоо хэдийнэ шийдчихсэн ард түмэн гарсан дүнг зүгээр л хүлээн зөвшөөрөөд энгийн даруухан, ээжтэй аавтайгаа амьдармаар байна. Энэ бүхний маргаашаас буюу УИХ-ын сонгуулийн маргаашаас л өөрийн нь хувь заяаг шийдэх Ерөнхийлөгчийн сонгууль болох тул Ц.Элбэгдорж гэдэг хүн л өмнө хонгио халаасалсан шигээ дахиад улс түмний дунд хонгио шидэх сонирхолтойг хэн бүхэн харж байгаа.

Үүндээ олны сэтгэлзүйг бэлтгэж Н.Энхбаярын хөлийг гозолзуулан шорон руу авч явсансан. Бан Ги Мүнээр загнуулан байж Н.Энхбаярыг шоронгоос гаргасан ч УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх хаалт, арга хэмжээг бүрэн, сайн авч чадлаа. Тэр хаалтыг хийх бүх шатны байгууллага буюу дөрөвдүгээр сарын 12-нд гэрээс нь Н.Энхбаярыг баривчлах гэж очсон цагдаа нараас эхлээд л шүүх, прокурор, шорон, эмнэлэг, Сонгуулийн ерөнхий хороо хүртэл алга хавсран байж Ц.Элбэгдоржийн өмнө бөхөлзөн, үг дуугүй түүний зохиолын жүжигчин болж байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар эвдрэлцэн барилдаж, барьцалдаж, бархиралддаг л юм байгаа биз. Эрх мэдэл булаалдсан энэ хонзогнолынхоо ул мөрийг Монголын төрд үлдээж, гашуун эмгэнэлтэй дүр зураг бүхий түүхээр ард түмний нүдийг хорсгож болохгүйд л асуудал байгаа юм. Чухамдаа хэн эрх мэдэлтэй нь улс төрийн маргаашийнхаа төлөө ямар ч их омог хилэнгээр юу ч хийж болох жишгийг ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаан дээр хараар сийлэн Монголын улстөрийн түүхэнд үлдээж байна. Өчнөөн олон фото зураг, дүрс бичлэгүүд Н.Энхбаяр гэдэг хүний оймстой хөлийг гозолзуулан байж түүхэнд мөнхөллөө. Н.Энхбаяр муу хүн, муу удирдагч гэж Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амаа олохгүй зүхдэг байсан нь үнэн. Гэхдээ энэ хүн Ц.Элбэгдорж шиг улайрсан улстөрөөр олон нийтийн өмнө идэвхтэй жүжиг тоглон явуулж байгаагүй. Өнөөдрийнх шиг шоронжилт үүсгэж байгаагүй л юм.


Н.Энхбаяр бол өнгөрсөн хүн. Ц.Элбэгдоржийн зарлигийг хэрэгжүүлэх шидэт дохиурын хүчээр эрүү шүүлтийн бүх замыг туулаад хоригдож цөлөгдөөд, шүүх хуралдаа хүртэл “Сонгууль өнгөртөл би шүүгдмээргүй байна” гэж өчөөд сууж байна. Эр хүн юм гээч харин. Ц.Элбэгдорж бол ингэж чадахгүй дээ. Эртнээс дэргэдээ гөлөг болгон тэжээсэн Иргэний хөдөлгөөний О.Магнай шиг л шүлсээ гоожуулаад, хөл дээрээ тогтохгүй гарч ирэх байх. Ийм л ирээдүй хэзээ нэгэн цагт Ц.Элбэгдоржид ирэхэд тэр ард түмнийхээ өмнөөс “Ерөнхийлөгч байхдаа буюу улстөрийн эрүүл бус шийдвэрүүдийг гаргаж байхдаа хэрэг хүлээх чадваргүй байсан...” гэсэн тодорхойлолт гаргах вий дээ гэж л би айдаг юм. Тийм болохоор л эрүүл хүнээс гарахаагүй шийдвэрүүдийг гаргаж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртэл загнуулж суугаа болов уу. Тийм болохоор л “Н.Энхбаярыг хэн өлс гэсэн юм бэ. Тэр дуртайдаа л өлсч байгаа...” хэмээн хээв нэг ярьж суух зүрх зоригтой байгаа болов уу. “Энэ бүхнийг хийхдээ Ц.Элбэгдорж үнэхээр хэрэг хүлээх чадваргүй байсан...” гэж эцсийн эцэст, хэзээ хойно баримт бүрдэх учраас л аймшиггүйгээр, эрээ цээргүй аашлаад байгаа юм биш үү хэмээн гадны улстөрийн ажиглагчид шивэр авир хийж байна. Гурван ч удаа хүнд осолд орсон Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болохоосоо өмнө нус, шүлсээ гоожуулан муухай хашгиран унаж татаж ойчдог байсан гэх эх сурвалжууд бий. АН-ынхан Н.Энхбаярын захиалгаар Э.Бат-Үүлийг жийчихээд Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлнэ хэмээн ирэхэд өдгөөгийн тэргүүн хатагтай Х.Болормаа “Та нар өвчтэй зовлонтой хүнээр тоглоом тохуу хийж байна...” хэмээн ихэд хилэгнэсэн гэдэг. Гэсэн ч бүх юм явдгаараа л явсан. Өнөөдөр дээлээ нөмөрч ч үзээд, турж эцэн, үзээгүйгээ гүйцээж байгаа Н.Энхбаяр л Э.Бат-Үүлээс илүү Ц.Элбэгдорж нь зөөлөн боорцог учраас би наад нөхөртэй чинь өрсөлдөж ялах болно хэмээн Н.Алтанхуяг ахлагчтай “Алтан гадас” бүлэглэлд захиалан байж, Э.Бат-Үүл “Нөхөд гэдэг ноход болсныг би харлаа...” хэмээн хилэгнэн байж АН-ын нэр дэвшигчийн асуудал шийдэгдсэн түүхтэй. Тэртээ 2009 оны хавар шүү дээ. Асуудал буюу нэр дэвшүүлэлт өөрийн нь оролцоогүй шийдэгдсэн ч явцын дунд Ц.Элбэгдорж дүрдээ итгэж, Э.Бат-Үүлийг Улсын баатар цолоор хүртэл шагнасан даа. Тэр өөрөө эрийн сайндаа Э.Бат-Үүлийг унагаж Ерөнхийлөгчид өрсөлдсөн юм биш гэдгийг ойлгоогүй л явна. Ямартай ч, Х.Болормаа хатагтайн АН-ынхныг загнах шалтгаан болоод байсан Ц.Элбэгдоржийн олон ослоосоо “авч үлдсэн” өвчин хууч нь сүүлийн хугацаанд улам газар аван Н.Энхбаярыг баривчилсны дараа бүр сэхэхээ байгаад эмнэлэгт хүргэгдсэн гэж байгаа. Эрүүл ухаан нь эргэж иртэл “Н.Энхбаяр надад хараал хийж, би татаж ойчиж, ухаан алджээ...” гэсэн маягийн юм ярьсан байна билээ. Хамгийн эмгэнэлтэй нь, энэ ард түмэн хэрэг хүлээх чадваргүй хүнийг төрийн тэргүүнээрээ сонгосон аймшигтай түүхийг, он жилүүдийн тухай бичээсийн гэрч болох юм.


Муу ард түмэн байдаггүй муу удирдагч л бий гэдэг ч Ц.Элбэглдорж сонгуулийн өмнө л унаж татдаг, хэрэг хүлээх чадваргүй байсан болохоор түүнийг сонгосон энэ ард түмэн л муухай түүхийг бүтээгчид болно байх даа. Хэрэг хүлээх чадвартай байсан ч Ц.Элбэгдорж цаг ирэх өшөө авалтын өмнө өнөөгийн Н.Энхбаяр шиг ястай байж чадахгүй. Ганц хоногийн ч өл даахгүй. Ийн ард түмнээ хүртэл муухай хүнийг сонгосон арчаагүй түүхийн гэрч болгож байгаа Ц.Элбэгдорж Н.Энхбаяраас улстөрийн өш хонзонгоо хангалттай авч байна. Үүнээс илүү гүйцэт ажиллана гэж юу байхав дээ. Ямар ч байсан Н.Энхбаяр энэ сонгуулийн дараа бүрдэх шинэ парламентад орж ирэхгүй. Сонгуулийн дараа ч түүнтэй Ц.Элбэгдорж байлдсаар л байх болно. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болтол нь дайтна. С.Баярыг хүртэл “Чи дуугүй далд ороод өг...” хэмээн хөөсөөр байгаад бараг АНУ руу дүрвүүлж байгаа шигээ л Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай хатуухан, хоржоонтой дайтна. Энэ ардчилалгүй тэмцлийг нь ялалтаар өндөрлөг хэмээн ерөөж ардчилсан Ерөнхийлөгчдөө баяр хүргэе. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж чинь Монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, манай, миний Ерөнхийлөгч шүү дээ.


С.Сарнай