sonin.mn
Улаанбаатарт түймрийн утаа ихээр орж ирснээс үүдэн, өчигдөр хүмүүс улсын Ерөнхийлөгчид хангалттай шаардлага тавьлаа. Хэтрүүлсэн ч болов уу. Өнөөдрөөс энэ асуудлыг шууд хариуцах албан тушаалтнуудад шаардлага тавьж эхэлбэл яасан юм. Шаардлага тавихгүй болохоор аядуу зөөлөн байгаад байх шиг. Тэдэнд болохоор огт хир халдаахгүй л юм.
Ерөнхий сайд нь түймрийн эсрэг ажлыг үр дүнтэй удирдан өрнүүлэх ёстой. 20 өдөр үргэлжилж байгаа түймэр нэмэгдэхээс өөр үр дүн гарсангүй. УИХ энэ асуудлыг шуурхай, дорвитой хэлэлцэж, гүйцэтгэх засаглалд чиглэл даалгавар өгч, төсөв зардлыг нь баталж шийдэж өгөх ёстой. Ард түмний сонголтыг эсэргүүцэж, үзэн ядах хуралдаан зохион байгуулсан нь л санаанд орох. Шадар сайдын хувьд гамшигтай тэмцэх асуудлыг зохион байгуулж, таслан зогсоох үүрэгтэй. Тэрбээр харин идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг дурдах нь зүйтэй байх. Байгаль орчны сайд урьдчилан сэргийлэх, хянах ажлыг хангалттай төвшинд хийх үүрэгтэй.
Гэтэл өнөөдөр хөлсний бичээч-улаан хамгаалагчдаараа ЗГ, УИХ-аас бусад бүхэн рүү дайруулж, буруутгуулж, гүтгүүлж, хөөж туулгуулчихаад л өөрсдөө болохоор сайн ажиллаж байна гээд байж байх юм. Сайн ажилласных нь үр дүнд түймрийн цар хүрээ улам ихэсч байна. Юуг сайн ажил гээд байна?
Олон хоног түймэр гарч байхад, сонгуулийн үеэр эрх баригч хүчний нэр сүрд сөргөөр нөлөөлөх вий, наадмын уур амьсгалд сөргөөр нөлөөлөх вий гээд үнэнийг нуун дарагдуулж байсан байна. Сонгуулийн үеэр нэр дэвшигчийн сурталчилгаанд төрийн албан хаагчид, янз бүрийн нөөц бололцоог ихээр дайчилж байсан тул түймэртэй тэмцэх боломж ч хомс байсан бололтой. Харин ард түмний сонголтыг харлуулах, жигшүүлэх ажилд өндөр анхаарал тавин ажиллаж ирсэн.
Жишээ нь, түймрийн асуудлаар Х.Баттулга унтраах ёстой, үүрэгтэй, хөдөө томилолтоор яваагүй наадаж яваа, Х.Баттулга машинаа зарж онгоц ав, сонгуулиар мөнгө зарж чадсан юм, одоо түймрийн мөнгийг гарга, Х.Баттулга огцор, Х.Баттулгыг дэмждэг монголчууд нь түймрээ унтраа, дэмждэггүй хужаа бидэнд хамаагүй, ялсан улсууд нь унтраа, эх орончид нь унтраа, иргэний нийгмийнхэн унтраа гэж хөлсний бичээч-улаан хамгаалагчдаараа бичүүлж, дэвшилт хүчнийг эсэргүүцэж, эрх баригч хүчнийг хаацайлсан суртал ухуулга, гүжир гүтгэлгийн өргөн кампанийг өрнүүлж, үүнд их хүч хөрөнгийг зарж байхшиг байна. Гэтэл Х.Баттулга сонгуулийн үед залуусыг зохион байгуулж түймрийн ажилд туслуулсан, одоо ч тэгж байгаа, ЗГ-тай холбоотой ажиллаж байгаа, хөдөөний томилолтоосоо түймрийн голомтод ирээд ажиллаж байна.
Ямар ч техник хэрэгсэл байхгүй, холоос явган ус зөөж байна, өмнө нь ч түймэр унтраах ямар ч боломж байгаагүй, одоо ч байхгүй, ойрын үед ч буй болохгүй, улаан гараараа уулын түймрийг яах ч аргагүй, бороо л унтраана гэсэн юм л ЗГ-аас яриад байгаа.
Өөрсдөө явахгүй байж, бусдыг яв гэж загнаад байдаг ажилтай улсад дарамтлуулж дарлуулж суух биш, төрдөө шаардлагаа тавьж, болохгүй бол огцруулъя. Ядаж түймэр унтрааж чаддаг Засгийн газартай болъё гээд байгаа шүү дээ. Түймэр унтраалгах гэж монголчууд Засгийн Газрыг байгуулсан болохоос, ард иргэд өөрсдөө унтрааж, Засгийн Газрыг юу ч хийлгэхгүй, зөвхөн идэг ууг гэж байгуулаагүй.
 
Ч.Мөнхбаяр