sonin.mn
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2019.10.23/ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоны 168 айл өрхийн 670 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Хэлэлцүүлгийг нээж   УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, иргэд Байнгын хороо болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын нэр дээр өргөдөл ирүүлснээс хойш хоёр дахь удаагаа энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг дурьдав. 
Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар танилцууллаа. 
 
 
Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монгол дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. 
Тус хэлэлцүүлгээр “Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, хугацаанд нь биелүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ. 
2013 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцанд суулгасан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 4.5 тэрбум төгрөгөөр тус хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн боловч инженерийн шугам сүлжээний ажлын явцын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсноор хотхоны иргэд хохирч, асуудал шийдэгдэхгүй удаж байгаа юм. 
 
 
 
Өргөдлийн байнгын хороо 2017 онд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, Барилга, хот байгуулалтын яаманд “Ажил эрчимжүүлэх тухай” албан тоотыг хүргүүлсэн ч албан даалгаврын хэрэгжилтийн явц, үр дүн хангалтгүй байсан учир өнөөдөр эл асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Байнгын хорооноос үүрэг, чиглэл өгсөөр байтал холбогдох албан тушаалтнууд цаг хугацаандаа уг ажлыг зохион байгуулж, ажил хэрэгчээр хандаагүйгээс иргэд хохирсоор байх ёсгүй” хэмээн тэмдэглэсэн бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ажил хариуцсан байгууллага, албан тушаалтнуудад ажлаа уялдуулж, хийх ёстой ажлаа заасан хугацаанд нь биелүүлэх үүрэг, чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.