sonin.mn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жо Хён нар 8-р сарын 19-ний өдөр Сөүл хотноо хэлэлцээ хийв.


Ван И хэлэхдээ, өдгөө дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлт эрчимжиж, ялангуяа энэ он гарснаас хойш олон улсын нөхцөл байдал огцом донсолгоотой болж, орон нутгийн мөргөлдөөн хурцдан өргөжиж байна. Энэ нь дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ч таагүй үр дагавар учруулж байна гэжээ.


Тэрбээр, БНХАУ, БНСУ бол мөнхийн найрсаг хөрш, урт хугацааны хамтын ажиллагааны түншүүд юм. Иймээс хоёр тал харилцаагаа эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. БНСУ-ын тал өөрийн язгуур ашиг сонирхолд тулгуурлан, гадаад харилцаагаа бие даан хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн байна.




Хэдхэн хоногийн дараа БНХАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой болно. Хятадын тал БНСУ-тай хамтран хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг шинэ шатанд гарган, хөгжлийн шинэ төлөв нээхэд бэлэн байна. Хоёр тал дээд түвшний харилцааг үргэлжлүүлж, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулан, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулах хэрэгтэй гэж Ван И онцлов.



Жо Хён хэлэхдээ, БНСУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар харилцан амжилттай айлчилсан нь хоёр орны харилцаа бүх талаар сэргэх эрчийг бэхжүүлсэн гэв. Тэрбээр Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ оны 11 дүгээр сард Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалтад оролцох, мөн ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг боломж болгон дээд түвшний харилцааг улам нягтруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.




Мөн эдийн засаг, худалдаа, өндөр технологи, хиймэл оюун ухаан, залуучуудын зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээг түргэтгэн, БНСУ, БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг хүсэж байна гэсэн байна.



Г.Бямба