60-аад жил сонсож, уншиж, судалж, харьцуулж байж олсон үнэн мэдлэг, зөв мэдээлэлд түшиглэн хийсэн зарим дүгнэлтээ санаа сайтай монголчуудтайгаа хуваацъя гэж бодлоо. Урт наслахын үндэс, шалтгаан, “эзэн нь хичээвэл л заяа нь хичээдгийн” жишээ, баримтын талаарх бодрол юм. Эрүүл байж, урт насалж, удаан жаргахын төлөө хүмүүс ухаанаа уралдуулах хэрэгт мухар сүсэг, зарим шашин “дараах төрөл, хойд насны талаарх” худал суртал, бурхны бүтээл болох хүний биенд мэс хүргэж болохгүй гэсэн төөрөгдөл зэрэг нь удтал ноцтой саад болсоор иржээ. 6000 шахам, 5000 гаруй жилийн төр, ёсны түүх уламжлал бүхий олон оронд нас барсан хаанд зориулж том бунхан, пирамид барьж, хойд төрөлдөө хэрэглэх зүйлсийг нь хүртэл бэлдэж, дагалдуулан бунхалж байв. Дараах сайн төрлөө түргэн олох, диваажинд төрж мөнхрөх, бурхны хутгийг олохын төлөө л хүмүүс элдвээр хичээцгээж, суварга бүтээж, бурхдад тахил өргөж, энэ насны амьдралаа төдийлөн хэрэгсэхээ больдог тохиолдол ч олон гарчээ.
Гэхдээ яг амьдрал, практикаас л урган гардаг юм болохоороо ардын аман зохиол, үлгэр, туульсад л “үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлжид 25 настайгаараа байдаг ариун бумбын орон” гэхчилэн урт наслахыг хүсэмжилсэн, мөрөөдсөн сайхан дүрслэл ч олон байжээ...
Эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахыг ерөөдөггүй ард түмэн гэж үгүй. Гэсэн ч энэ ерөөл харьцангуй цөөн хүний хувьд л хэрэгждэг. “Зуу насалж, зургаадай таяг тулаарай” гэх үг цаанаа насны дээд хязгаарыг ч дурдсан хэллэг юм. 100 насалсан, түүнээс ч урт насалсан иргэдээ аль ч ард түмэн тоолж, бүртгэж байсангүй. Ийм бүртгэл саяхнаас л энд тэнд хөтлөгдөх болжээ. Жишээ нь Геннисийн ном. Бараг л бүх хүний үхлийг зуурдын гэж нэрлэж болох талтай. Учир нь хүн бол биологийн нэгэн зүйл амьтны хувьд 100-120, бүр түүнээс ч урт наслах боломжтой гэгддэг. Тэгэхлээр 60, 70 гараад л хорвоогоос халихыг зуурдын гэх нь зөв юм. Нийгэм хөгжих хэрээр хүмүүсийн дундаж нас уртассаар байв. Дундаж нас 40, 50 байсан үе буй. Одоо 70, 80 болжээ. Гэхдээ 90, 100 хүрэх боломж ч байгаа юм. “Урт наслах нь эмчээс бус эзнээс нь, өөрөөс нь шалтгаалдаг” гэх үг, ойлголт аль ч тивд хэлэгддэг байв. Энэ бол үнэн үг, зөв ойлголт! Өндөр насалж буй хүмүүсийн дунд хийгдсэн судалгаануудаар урт наслахад хүргэдэг жишиг үзүүлэлтүүд, стандарт нөхцөл, шаардлага ч буй болжээ. Ази, Европ, Америкад мөнхүү стандарт үзүүлэлтүүдийн давхцал 90 хувьтай байна.
Үүнд:
Нэгдүгээрт, биеийн жингийн зохистой хэмжээ,
Хоёрдугаарт, давсны бага хэрэглээ,
Гуравдугаарт, артерийн хэвийн даралт,
Дөрөвдүгээрт, цусан дахь сахарын хэмжээ,
Тавдугаарт, цусан дахь холестерины хэмжээ,
Зургаадугаарт, эрүүл бөөр, эрүүл зүрх, эрүүл элэг,
Долоодугаарт, цэвэр усны тогтмол хэрэглээ,
Наймдугаарт, хорт зуршлаас чөлөөтэй байх.
100 болон түүнээс дээш насалсан хүмүүсийн хувьд дурдсан үзүүлэлтүүд бүрэн сахигдсаар байсныг 20-30 жилийн ажиглалт, судалгаагаар тогтоожээ. Өндөр настны ихэнх нь эрүүл агаартай орчинд аж төрж, дасгал, хөдөлгөөн байнга хийж, олон найз нөхөдтэй, дуу хөгжимд дуртай байсан нь бүртгэгджээ. Зөнөглөх процесс ч тэдний хувьд удааширчээ. Ихэнх нь зуу хүртлээ л өөртөө тохирох хөнгөн ажил хийж байжээ. Бөөр эрүүл байгаагийн гол үзүүлэлт болох креатинин тэдний эрэгтэйн хувьд 65.4-119.3, эмэгтэйнх нь хувьд 52.2-91.9-ийн хооронд байсныг эмч нар дурдсан нь буй.
Эрүүл байж урт наслахын тулд жил бүр (эрэгтэй, эмэгтэй хэн боловч) дараах 7 шинжилгээг өгч хэвийн байгаа эсэхийг нь хянаж, зохих эмчилгээг хийлгэж байх ёстой гэнэ. Үүнд:
- Шээсний хүчил,
- Саахар,
- Холестерин,
- Төмөр,
- ЛДГ,
- ГГТ,
- Креатинин.
Шээсний хүчил ихсэх аваас бөөрөнд чулуу үүсэх, үе мөч өвдөх, тархинд цус харвах эрсдэл нэмэгддэг байна. Шээсний хүчил ихсэхийн гол шалтгаан нь малын мах их идэх, архи, пиво их уух, загасны мах их идэх, чихэрлэг ундаа их уух, мөн хөдөлгөөний дутагдал юм байна. Урт наслахад, эрүүл ухаантай байхад тусалдаг гол эрхтэн бол тархи, зүрх юм. Зүрхний хэвийн ажиллах нийт хугацаанаас цусны өндөр даралт 4 жил, цусан дахь саахарын ихсэлт 12 жил, цусан дахь холестерины ихсэлт мөн 4 жилийг буцалтгүй хороодог нь нотлогджээ. Аль ч насны хүний хэвийн амьдрахад байнга тусалж байдаг бодис бол ус юм. Хүн биен дэх шингэнийхээ 1 хувийг алдахад л ангаж цангаж эхэлдэг. 2 хувийг алдахад толгой өвдөж арьс хуурайшдаг. Харин 5 хувийг нь алдах аваас зүрхний үйл ажиллагаа доголддог. 9 хувийг нь алдах юм бол ухаан алддаг байна.
Шингэнээ 10 хувь хүртэл алдах нь хүүхдийг шууд үхэлд хүргэдэг. Иймээс бөөлжих, гүйлгэх, нарших үед хүүхдэд юуны өмнө л бүлээн ус бага багаар тасралтгүй уулгаж байх ёстой. Ус бүлээн, сулхан давстай байх учиртай.
Илүүдэл жин ихтэй атлаа урт насалсан хүн харин огт байсангүй. Архи, тамхи, хар тамхи хэрэглэдэг хүн, бүр хэтрүүлж хэрэглэдэг, мөрийтэй тоглоомонд донтсон, архаг нойргүйдэлтэй хүмүүс мөн урт насалдаггүй нь тогтоогджээ. Ганцаардалтанд гүн автсан, хэтэрхий зожиг хүн ч урт насалдаггүй юм байна. Гэр бүлийн амьдрал, гишүүдийн нь хоорондох найрсаг харилцаа урт наслалтыг дэмждэг нэг том хүчин зүйл гэгддэг ажээ. Анагаахын шинжлэх ухааны цааш цаашдын онцгой чухал нэгэн салбар нь дархлаа судлал (иммунология) болох ёстой. Өндөр наслалтын суурь хүчин зүйл бол эцсийн эцэст хүчирхэг дархлаа юм.
Дархлааг сайн байлгах, бүр гаргууд сайн байлгах нь уураг тархитай, мэдрэлийн эсүүдтэй, тэдгээрийн өөрийгөө цэвэршүүлэх, өглөө болгон л бохир бүхнээсээ салсан, төгс сайн амарсан, 23 цагаас 04, 05 цагийн хооронд “шив шинэхэн болтлоо угаагдаж” 100 хувь сэргэсэн байх чадавхтай нь холбоотой ажээ.
Ийм чадавх уураг тархинд 6-8 цагийн, тэгэхдээ 23-04, 05 цагийн хоорондох гүн нойртой уялдаж л шөнө болгон буй болдог нь нотлогджээ. Энэ байдал нь манай ардын аман зохиол, зүйр цэцэн үгэнд мөн тусгагдсан нь сонирхолтой юм. “Шөнө нойргүй хонохоор өдөр хоолгүй өнж”, “хичнээн зовлонтой байсан ч орондоо бүү уйл (унт), хичнээн жаргалтай байсан ч орондоо бүү дуул (унт)” гэх мэтийн олон сургаал, сануулга байдаг билээ. Уураг тархи, мэдрэлийн эсүүд нь нугасны ус мэтийн шингэнээр цэвэрлэгддэг бол хүний бие бүхэлдээ цэвэр усаар цэвэрлэгдэж байдаг. Иймд хүн хоногт жингээсээ хамааран 2-3 литр цэвэр ус ууж байх ёстой. Биед байгаа хэрэггүй бүхнийг, илүүдэл бүхнийг цэвэр ус л өөртөө уусгаад гадагшилж байх учиртай. Усан цэвэрлэгээ бол урт наслахын нэг үндэс юм байна. Цэвэр ус гэдэг нь цай, кофе, сок, элдэв амтат ундаа биш энгийн л буцалсан ус, савласан ус болно. 2026 оны судалгаа, мэдээллээр шар арьстан (монголоид) хүний дундаж нас европ болон негр төрхтөн хүнээс өндөр гарчээ. Энэний гол шалтгаан нь Азийнхны дархлаа сайных гэнэ. Ямар ч өвчин, халдвар (бактери, вирус)-т өртөхгүй байх нь насыг богиносгодог олон шалтгааныг үгүйсгэдэг байна. Чухам иймийн учир дархлаа судлал (иммунология) тэргүүн эгнээнд гарч ирж байна. Дорно дахины анагаах ухааны түүхэн уламжлал ч гэсэн ийм шинжтэй явж ирсэн нь цаанаа нарийн учиртай байжээ. Энд нэг зүйлийг харамсан дурдахад монголоид төрхтний (шар арьстан) дэлхийн дундаж нас хамгийн өндөр нь байгаа энэ үед харин яг монгол хүний дундаж нас бусдаасаа (хятад, япон, солонгос г.м) бага байгаа нь гуниг төрүүлэх ажээ.
Монголчууд бид эрүүл, зөв, болгоомжтой, ухаалаг амьдарч чадахгүй байна. Идэж буй хоолны хэмжээ, бүтэц, ус ундааны чанар, биеийн хөдөлгөөн, хоногийн дэглэм зэрэг нь зохисгүй байна. Архи, тамхины хэрэглээ ч буурах бус ихэссээр, залуужсаар байна.
Өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх ухамсар дорой, эм тарианы чанар муу, эрүүл мэнддээ зарцуулах мөнгө бага, ахуйн нөхцөл дорой, эцэг эхийн эрүүл ахуйн мэдлэг сул, хүүхдүүдийн шүдний өвчлөл өндөр байна. Уг нь монгол хүний дундаж нас бусдаасаа өндөр байх боломжтой шүү дээ! 23-03, 04 цагийн хоорондох гүн нойрны туршид л дархлааны эсүүд үржиж, хамгаалах чадвар нь өсөж, харин мэдрэлийн эсүүд “усанд орж, цэвэршиж”, холбоо сүлжээ нь өтгөрч “ажилд бэлэн болдог” учир бол нарны гэрлээс хамааралтай явж ирсэн өнгөрсөн түүхийн бүтээл юм. Энэхүү биоритмыг мөрдөх хэрийн мэдлэг, сахилга бат хүн нэг бүрд байх ёстой. Шөнийн ээлжинд олон жил ажиллах, хэт их илүүдэл жинтэй байх, хөдөлгөөний хомсдолд орох, хэмжээ ба дэглэмгүй хооллох, эм бэлдмэлийн замбараагүй хэрэглээ, элдэв донтолт зэрэг нь аминд ч халтай, насанд ч цөвтэй болохыг хүн нэг бүр хүүхэд наснаасаа л мэддэг, иргэд эрүүл ахуйн зохих хүмүүжилтэй байх учиртай.
Монголчууд бидний амьдарч байгаа байгаль-газарзүйн орчин, нөхцөл энэ, XXI зууны эхэн үе гэхэд харьцангуй таатай, эрүүл, эко янзаараа л байгаа болно. Утаа угаар, тоос шороо, хөрсний бохирдолт бол ердөө л биднээс шууд хамаарах зүйл шүү дээ. Ямар ч амьтны өвчлөл дархлаатай нь шууд холбоотойг амьдрал өөрөө гэрчилдэг.
Жишээ нь үхсэн, шархадсан, өвчилсөн амьтан, мөн аль ямар ч сэг зэмийг идсэн араатнууд өвчилдөггүй. Чоно гэхэд л халдвартай, бүр гоц халдвартай өвчтэй мал, амьтныг барьж идээд зүгээр л байдаг. Миний мэдэх хэмжээнд бол чоно нь зөвхөн л хамуурдаг, галзуурдаг бололтой. Гэр бүлийн хүмүүс нь корона вирусаар хоёр удаа өвчлөхөд хэн нэг нь зөв зүгээр л өнгөрсөн тохиолдол ч олон буй. Дархлааны л ач байх. Дархлаа гоц гаргууд сайн бол эм, тариа, вакцин, бүр эмч нар ч хэрэггүй юм шигээ? Ингэхлээр л дархлаа судлал нэн чухал нь илэрхий юм. Бүх хүн дархлаа сайтай бол зуурдын үхэл (өвчнөөр) ч үгүй болох магадлалтай. 100 жил, түүнээс ч урт наслагчид бүгд л дархлаа сайтай байсан нь маргаангүй гэнэ. Мухар олгой, цөсгий хүүдий (цөс), гүйлсэн булчирхай гэх мэтийн аваад хаячихаж болдог “жижиг сажиг” зүйлүүд ч хүртэл дархлаатай их холбоотой, тун чухал эрхтэнгүүд юм байна. Дархлаа судлал хөгжих хэрээр тун ч олон нууц тайлагдах бололтой. Дархлаа сайтай хүмүүст цар тахал хүртэл аюулгүй байдаг нь үнэн юм. Өмнө дурдагдсан зүйлүүд бол 2010-2026 оны хооронд барууны орнууд болон Орост хийгдсэн судалгаанууд дээр үндэслэсэн дүгнэлтүүд юм шүү. Итгэж болно. Боломжтой хүмүүс шалгаад итгээрэй, бусдад сурталчлаарай.
Ази тивд хүн анх үүссэн ч байж болох, анхны хүмүүс шар арьстан байсан ч байж болох, хар болон цагаан арьстан хүмүүсийн өвөг дээдэс нь мөн л шар арьстангууд байсан байж ч мэдэх, чухам ийм эртний өвөг арьстан болохынхоо хувьд дархлаа нь бусдаасаа (хар, цагаан арьстангуудаасаа) илүү их сайн байдаг байж ч болох юм шүү.
Бүгдийн маань өвөг болсон шар арьстангууд “илүү олон оймс элээснийхээ хувьд” дархлааны фонд нь (өв сан нь) арай илүү их баян байж ч мэднэ. Ер нь одоогийн Төв Азийн өндөрлөг бусад тивийнхээ хувьд эх нь, уг сурвалж нь, хамгийн урт түүхтэй “эх газар” гэгдэх нь уван цуван нотлогдсоор байгаа билээ. Бүх мөс, цас хайлж дуусах үед нам доор газруудын ихэнх нь усан доор орох байх. Зөөлөн, дулаан, чийглэг уур амьсгал, үр жимс ихтэй ой мод, хөлддөггүй далайнууд дахь их баялагт татагдан арал, хойг, далайн эрэг дагууд олон мянган жил гэдэс цатгалан аж төрж ирсэн олон зуун сая хүмүүсийн амьдралд бэрхшээл учрах байх. Тэр цагт далайн түвшин одоо байгаагаасаа 500 метрээр өндөрсөхгүй. Тийм бодит боломж, их ус байхгүй. Ингэхлээр Төв Азийн өндөрлөг, тэр дундаас Монголын өндөрлөг өнөөдрийнх шигээ л далайн шуурга, цунами мэтээс айх аюулгүй хэвээрээ л байх болов уу. Хүчирхэг Орос орон, хүчирхэг Хятад гүрний дунд орших байрлал маань нийгмийн гарвальтай бараг бүх аюулаас ч биднийг хамгаалсаар байх болно. Ийм маргаангүй давуу байдалд байгаагаа ойлгож, тооцож, ашиглах ухаан харин бидэнд байгаа юу? Ийм асуулт тавигдах учир, шалтгаан бий шүү... Байгалийн болзошгүй олон аюулаас, мөн нийгмийн болзошгүй олон аюулаас баттай хамгаалагдсан улс орон, үндэстэн бол өнөөдөр ганцхан Монгол улс, монголчууд юм. Энэ бол тэнгэрийн тэтгээс биш, бурхдын ивээл биш, сохор аз ёндоо ч биш, тэгэхээр ер нь юуны ач гавъяа байж таарах вэ? Энэ талаар өгүүлэгдсэн зүйл миний олон бүтээлд байгаа тул давтаад, нуршаад хэрэггүй биз дээ...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Баасан - 07 сарын 24,
2026
Сэтгэгдэл0