sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Үүний дараа Ардчилсан намынхан мэдээлэл хийж, түүнийг бараг л ямар ч буруугүй хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн мэтээр тайлбарлаж байсан. Гэвч бодит байдал өөр байсан бололтой.


Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гаргасан өргөдөлд дурдсанаар, Е.Зангар албан тушаалаа урвуулан ашиглаж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө аймгийн төрийн байгууллагуудын албан тушаалд томилон ажиллуулж байсан нь удаа дараа тогтоогдсон гэжээ.


Түүнчлэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан хүнийг хүртэл өндөр шаардлага, хууль журам мөрдөгдөх ёстой төрийн албаны удирдах албан тушаалд томилсон талаар мөн өргөдөлд дурдсан байна. Мөн улсын төсвөөс цалинждаг хэд хэдэн төрийн албан хаагчийн цалинг удаан хугацаанд олгоогүй бөгөөд уг асуудалтай холбоотой хэрэг шүүхээр хэлэлцэгдэж байгаа аж.


Эдгээрээс гадна түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл болох бусад асуудал ч байгаа талаар өргөдөлд тэмдэглэжээ.


Түүнчлэн Е.Зангар хууль бус ан хийж, цоохор ирвэс агнасан хэрэгт шалгагдаж байгаа талаар ч дурдсан байна. Ийм асуудалд нэр холбогдсон хүнийг Ардчилсан намынхан хамгаалан өмгөөлж байгаа нь хэр зохистой вэ гэсэн асуулт олон нийтийн дунд гарч байна.




У.Анударь