sonin.mn
МАХН санаачлан улс төрийн бусад намтай хамтран Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнээс үүдсэн хямралын эргэн тойронд хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт МАН, АН-аас бусад бүх улс төрийн хүчин оролцов. Төрийн эрхийг ээлжлэн барьж, зарим үед хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж ирсэн хоёр том нам хуйвалдан  Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Өдгөө бусад хууль тогтоомжийг түүнд нийцүүлэх өөрчлөлтийг хийж эхэлсэн. Сонгуулийн хуульд ч гэсэн тэрхүү хамтын ашиг сонирхлоороо хандаж байна гэж парламентад суудалгүй намууд үзэж байна. Иймээс Үндсэн хуулийн цэцэд хандах талаар  байр сууриа нэгтгэлээ. Хэлэлцүүлэгт  “Үндсэн хууль, түүний нэмэлт өөрчлөлт, тулмагдсан асуудлууд” сэдэвт  үндсэн илтгэлийг МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатар тавьсан юм. Тэрээр  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь улс төрийн хүчнүүдийг эвлэрлийн үр дүн байх суурь зарчмыг зөрчсөн. Энэ нь улс орны эрчимтэй хөгжлийн замд орох боломжгүй, харин улс төрийн ноцтой зөрчил тэмцлийн шалтгаан суурь болох аюултай. Нийгмийн бухимдал, хагарал дэлбэрэх аюултай байдлыг бий болгосон” хэмээн тэмдэглэсэн. Харин  үүнээс гарах арга замыг тэрээр “2020 оны УИХ-ын сонгуулийг ард түмний хяналтан дор шударгаар явуулж улмаар шинэ УИХ олон намын оролцоотой олон ургалч үзлийн дагуу үндсэн хуулиа цогцоор өөрчлөх шаардлагатай.
 
 
Нөгөөтэйгүүр, улс төрийн МАНАН мафийн бүлэглэлийг тараах хууль бус хулгайлсан хөрөнгийг буюу тэдний завшсан ашигт малтмал, орд газар, байгаль газар шороо, оффшор, хувьчлал, төсвийн хөрөнгөнд хураан авч бүтээн байгуулалтанд зарцуулах хэрэгтэй” хэмээн тодотгоод монгол хүн бүрийн эрх ашиг, эх орон, газар нутгийн баялагдаа эзэн байж нийгмийн шударга ёсны төлөө тэмцэлд монгол хүн бүр улс төрийн нам, үзэл бодлын ялгааг үл харгалзаж хамтран тэмцэхийг уриаллаа.
 
 
Оролцогчдын байр суурийг хүргэе.
 
Г.Ганбат /ЭОНН-ын дарга/: Олон талт үзэл санааг нухчин дарсан
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үйл явц олон талт үзэл санааг нухчин дарсан. Олон нийтийн дуу хоолойг  мөнгө, эрх мэдлээр хаасан. Шударга дүр эсгэсэн этгээдүүд үгсэн хуйвалдаж, намдаа үйлчилж, Үндсэн хууль өөрчилж, бас зөрчсөн. Парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүд, хэвлэл мэдээллийнхэн нэгдэж Үндсэн хуулиа хамгаалж чадаагүй.Энэ сорилт, шалгалт бол бид бүгд унасан. Одоо тэр байдал Сонгуулийн хууль дээр давтагдах гэж байна.
 
Ё.Бямбатогтох /хуульч, судлаач/: Эрх мэдэлд шунаж  хуулиа  зөрчсөн
 
-Эрх баригч нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүч түрж хийсэн. Энэ нь маш олон хууль, тогтоомжийг зөрчсөн. Нэгдүгээрт, нэмэлт өөрчлөлтийн төс­лийг хуу­лийн төслийн хэлбэрээр өр­гөн бариа­гүй. Энэ нь Жур­мын ту­хай хуулиа зөрчсөн. Нэмэлт,өөрчлөлт оруулах саналыг Үндсэн хуу­лийн цэцээс УИХ-д өргөн мэдүүлэх журамтай. Гэтэл ийм процесс болоогүй. Үндсэн хуулийн зөвхөн нэг төслийг хэлэлцэх хуулийн заалттай, энэ зөрчигдсөн. Тэгэхээр эрх баригчид эхнээ­сээ  юу хийсэн нь, ямар их улайрсан нь тодорхой харагдаж байгаа. Доторх зүйл, заалтуудыг задалж яривал хууль зөрчсөн 20 гаруй асуудал бий.
 
Х.Бат-Ялалт /ХТН-ын дарга/: Хуулийн зөрчил Сонгуулийн хуульд  давтагдах нь 
 
-Хууль эрх зүйн болоод ёс зүйн чадамжгүй, энэ УИХ-д байх эрхгүй хүмүүс Үндсэн хуулийг өөрчилсөн. Өнөө­дөр да­хиад Сон­гуулийн хуу­лийг өөрчлөх гэж байна.Энэ бол цаг үедээ тохируулж хэнд үйлчлэх хууль хийж байна вэ гэдгийн илрэл. Эрх бариг­чид өөрсдөдөө зориулж хууль хийдэг, тэрийгээ хийх гэж байна.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин