sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өчигдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ. 
Улмаар шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлж, хуралдаан даргалагч Х.Баделхан Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь дуудахад гишүүд тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авсан.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар 2020-2024 онд ажиллах УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн юм.
 
Харин урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад буй яллагдагч Ж.Эрдэнэбат тангаргаа ч өргөж чадсангүй, УИХ-ын гишүүний үнэмлэхээ ч авч чадсангүй. 
 
 
Эргэн сануулахад Ж.Эрдэнэбатыг АТГ-аас Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ өөрийн дүүгийн компанидаа уул уурхайн лиценз олгосон гэх хэрэгт шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэмт буруутайг нь тогтоон, 2019 оны 9 сарын 19-нд яллагдагчаар татах тогтоол гаргасан ч хэрэгжилгүй явсаар УИХ-ын 2020 оны сонгуультай золгосон юм.Учир нь Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ ашиглаж, бүхэл бүтэн найман сарын туршид АТГ-ын холбогдох ажилтнуудаас зугтан, яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зуралгүй явсаар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж чадсан билээ.
Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн гэмт хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 6-р сарын 11-нд  хийж, Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн сарын 15-наас буюу хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Улмаар 6 сарын 13-ний шөнө  02.00 цагийн орчимд  Ж.Эрдэнэбатыг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулсныг бид мэднэ.
УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын хувь заяа хэрхэх бол? гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байна.
МАН, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан бол намын гишүүнээ өмгөөлж магадгүй гэсэн горьдлого Ж.Эрдэнэбатын багийнханд байгаа хэдий ч бодит байдалд өөр бололтой.
 
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтоохын төлөө ажиллаж буй улс төрчийн хувьд хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчим барьж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр шийдсэн аж. 
 
Энэ нь ч зөв шийдвэр бөгөөд яллагдагч Ж.Эрдэнэбатын хэрэгт нөлөөлөхгүй байх нь У.Хүрэлсүхийн цаашид хэр шударга ажиллаж чадах вэ? гэдэгт тавих ард түмний эхний хэмжүүр болох нь гарцаагүй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч өчигдөр УИХ-ын анхдугаар чуулганы үеэр уг асуудлыг хөндөж, "УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа." хэмээн, яллагдагч Ж.Эрдэнэбатыг баривчилсан нь бараг л хууль бус мэтээр зарим хүний дунд үүссэн байсан эргэлзээг няцаасан билээ.
 
М.Баянжаргал