sonin.mn
МОСКВА. /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал хураах гол өдөр долдугаар сарын 1-ний лхагва гарагт боллоо. Хоёр зуун нэмэлт өөрчлөлтийн дунд түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх заалт буй юм.
 
ОХУ-ын Сонуулийн Төв Хорооноос /СТХ/ мэдээлснээр, саналын хуудсын 99.01 хувийг тоолсны дараах байдлаар тус улсын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 21.16 хувь нь эсрэг санал өгчээ.
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, Бүх Оросын санал асуулгын ирц 65 орчим хувьтай гарсан байна. СТХ-ны хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байдлаар Тува, Дагестан, Чечень улсууд тэргүүлж байна. Эдгээр бүс нутгуудад санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь нэмэлт өөрчлөлтийг дэмжжээ.
 
Тува: дэмжсэн- 96.79 хувь, эсэргүүцсэн- 2.99 хувь
Дагестан: дэмжсэн- 90.27 хувь, эсэргүүцсэн- 9.12 хувь
Чечень:  дэмжсэн-97.49 хувь, эсэргүүцсэн- 2.37 хувь
 
Бүх Оросын санаа бодлыг тандах төв урьд нь экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгынхаа дүнг танилцуулсан юм. Санал асуулгын дүнгээс үзвэл, оросуудын дийлэнх нь буюу 71.2 хувь нь гол хуульдаа нэмэмлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 28.3 хувь нь эсрэг санал өгч, 0.4 хувь нь саналын хуудсыг хүчингүй болгосон гэж мэдэгджээ. Санал асуулгыг ОХУ-ын 25 субъектын санал авах 800 байранд явуулсан байна.
 
Санал хураах хамгийн сүүлийн байр Калининград мужид хаагдаж, Бүх Оросын санал асуулга орон даяар дуусжээ.
 
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орост явуулсан санал хураалтын дүнг задлан шинжилж байна
 
Владимир Путинд 2036 он хүртэл төрийн жолоо атгах боломж олгох Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаарх түүний санаачлан явуулсан санал асуулгын дүнд хэн ч эргэлзээгүй гэж Их Британийн “Independent” сонинд бичжээ.
 
Кремлийг зорилгодоо хүрнэ гэдэгт цөөн хүн эргэлзэж байсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна. "Хүмүүс Засгийн газартаа уурлаж байгаа ч Путинээс өөр сонгогдчихоор хүн тэдэнд байхгүй хэвээр байна" гэж тус агентлагийн улс төр судлаач Глеб Павловский ярьжээ.
 
Түүний үзэж байгаагаар, эрх баригчдын хэрэглэсэн сонгогчдын идэвхийг нэмэгдүүлж, Владимир Путинд шаардлагатай үр дүнд хүргэх дасаагүй аргууд нь санал хураалтын хууль ёсны байдлыг алдагдуулсан аж. "Процедурыг гажуудуулж, хялбаршуулсан тул энэ тоонд итгэхэд хэцүү" гэж Павловский хэлснийг Ассошиэйтед Пресс агентлаг онцолсон байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг