sonin.mn

Баян-Өлгий аймгийн иргэдийн асуудал одоо ямар шатандаа явж байгаа вэ?


Яг одоогоор бол энэ талаар ямар нэгэн шийдвэр байхгүй байгаа. Нэгдүгээрт, энэ талаар улс төрчид, тэр дундаа УИХ-ын гишүүд нам гүм байж, зугтаасан эсвэл Баян-Өлгий аймгийг „улаан шугам“ гэж нэрлэсэн. Улаан шугамыг давж болохгүй гэсэн ийм байр суурьтай байгаа. Мөн зарим нэг нь үндэсний эв нэгдлийг хагалан бутаргасан зүйл гэж ярьж байна.

Миний сөхөж байгаа энэ асуудал бол Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, цөөн хэдэн Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа юм.


Улс төрчид бол чимээгүй байх, ямар нэгэн улс төрийн намын эрх ашгаа бодсон уу, нэр хүндээ бодсон уу, ийм байдалтай байгаа.


Миний хувьд УИХ-ын энэ намрын чуулганаар соёлын цөөнхийн эрх ашгийн төлөөх хуулийг боловсруулж оруулж ирэхээр ажиллаж байгаа. Хараахан бэлэн болоогүй байна. Нэлээн олон талаас судалж байж оруулж ирэх болохоор яг одоо бүх юмаа дэлгэж, ийм ийм асуудал байгаа болохоор ингэнэ гэж дүгнэхэд эрт байна.

Ямар нэгэн тодорхойлолтын хувьд түүхийн хувьд, үндэстэн, ястан судлаач, түүхчдийн хувьд санал нийлээд явж байгаа зүйлүүд байгаа.


Баян-Өлгий аймгийн асуудал дээр маш олон Урианхайчууд дуу хоолойгоо хүргэмээр байна. Гэвч маш их айдастай байгаагаа хэлсэн.


Тэгэхээр Монгол Улсын парламент юуны тулд байгаа юм бэ? Энэ олон Монгол хүн бүрийн эрх ашиг, сайн сайхны төлөө парламент бүрдэж байгаа. Тэгэхээр энэ ажлыг парламент хийх ёстой. Надад бол маш олон улс төрчид энэ асуудлыг намжаачихаач, болилоо гэж найрсаг зөвлөмж өгч байгаа. Тэгэхдээ ингээд болилоо гэхэд хэдэн жилийн дараа энэ нь ямар том асуудал болж гарч ирэх вэ гэдэг нь өөрөө сонин. Тийм болохоор энэ асуудлыг тодорхой хэмжээнд, зохистой хэмжээнд авч үзэх нь зөв гэж бодож байна.


Та яг одоо ямар ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?


Би УИХ-ын энэ намрын чуулганаар "Цалинтай ээж" хөтөлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлэх төсөлтэй орж ирж байгаа.


Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, хүүхэд хамгааллын тухай нэмэлт өөрчлөлт шигтгэж өгөөгүй байгаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулинд хэдийгээр сургуулийн орчинд гэж зааж өгсөн ч тэр нь хэрэгжихгүй байгаа. Тийм болохоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэгээд Соёлын цөөнхийн тухай гэсэн ийм гурван хуулийг өргөн барихаар орж ирж байгаа.


У.Анударь