СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусээр халдварласны улмаас амьсгалын тогтолцоо нь гэмтсэн 50 гаруй насны эмэгтэйд уушги шилжүүлэн суулгажээ.
“Hallym” их сургуулийн зүрхний эмнэлгийн мэдээлснээр, донорын уушгийг “COVID-19”-өөр халдварласан, биеийн байдал хүнд өвчтөнд зургадугаар сарын 21-нд амжилттай шилжүүлэн суулгасан байна.
БНСУ-д коронавирусээр халдварласан өвчтөнд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийж буй нь энэ бол дэлхийн хэмжээнд амжилттай хийсэн ес дэх мэс засал ажээ. Ийм мэс заслыг өмнө нь БНХАУ, АНУ, Австрид хийжээ.
 
Уушги шилжүүлэн суулгуулсан өвчтөн өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд эмнэлэгт хүргэгдэж, түүнийг хиймэл амьсгалын аппаратад нэн даруй оруулсан боловч биеийн байдал нь хүндэрсээр байсан тул дараагийн өдөр нь уушги орлуулагч аппарат /ECMO/ залгасан байна. 
 
“Өвчтөний коронавирусний шинжилгээний хариу удалгүй сөрөг болсон хэдий ч уушги нь хатуурч эхэлсэн тул мэс засал хийх шаардлагатай болсон” гэж эмч нар мэдээлжээ. Уг өвчтөн уушги орлуулагч аппаратын тусламжтайгаар 112 хоногийн турш амьсгалсан нь дэлхийд коронавирусээр халдварласан өвчтөн хамгийн удаан уушги орлуулагчийн эмчилгээ хийлгэсэн тохиолдол болжээ.
БНСУ-д өнөөдрийн байдлаар 12800 хүн коронавирусээр халдварлаж, 282 хүн нас барсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг