БРАЗИЛИА. /Brazilian Report/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүний бие ням гаргаас тавгүйрхэж эхэлсэн бөгөөд ханиадны шинж тэмдгүүд илэрсэн тул даваа гарагт шинжилгээ өгчээ.
"Миний бие “сайн” байна. Одооноос гэрээсээ ажиллана. Бие маань өчигдрийнхөөсөө дээрдсэн” гэж Ж.Болсонару сэтгүүлчдэд мэдээлжээ. Ерөнхийлөгч ням гарагт халуурч эхэлснээсээ хойш хумхааны эм болох “гидроксихлорохин” ууж эхэлжээ. Тэрбээр уг эмийг “COVID-19”-ийг “эмчлэх” эм хэмээн сайшааж байсан бөгөөд ууснаас хойш биеийн байдал нь сайжирсан гэдгийг онцлон хэлжээ.
 
Мөн тэрбээр коронавирусээр халдварлахыг “бороонд цохиулахтай” зүйрлэсэн боловч зарим хүн хүндээр өвчилж байгааг хүлээн зөвшөөрчээ. Өмнө нь Ж.Болсонару “COVID-19”-ийг “хөнгөн ханиадтай” зүйрлэж байсан юм. Мөн тэрбээр өөрийгөө тамирчин байсан тул халдвар авахгүй гэж хэлж байсан удаатай ажээ. Харин мягмар гарагт Ерөнхийлөгч өөрийгөө эрсдэлтэй бүлэгт багтаж байгааг хэлсэн байна.
 
Ерөнхийлөгчтэй ойр байсан хүмүүсийн тухайд
 
Ж.Болсонару Долдугаар сарын 4-ний өдрийг тохиолддуулан АНУ-аас Бразилд суугаа Элчин сайд Тодд Чэпмен болон Засгийн газрын таван гишүүн, Конгрессын гишүүн, өөрийн хүү Эдуардо Болсонару нартай уулзжээ. Тэд бүгд бие биетэйгээ ойр байсан бөгөөд нэг нь ч амны хаалт зүүгээгүй байжээ. АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр, Т.Чэпменд халдварын шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээ өгөх ажээ.
 
“COVID-19”-өөр халдварласан удирдагчдын тухайд
 
Ж.Болсонару “COVID-19” халдвар авсан Латин Америкийн хоёр дахь удирдагч болжээ. Өмнө нь Хондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Хернандес халдвар авсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэн юм. Коронавирусээр халдварласан дэлхийн улс орнуудын удирдагчдыг нэрлэвэл, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Армений Ерөнхий сайд Никол Пашинян нар юм. Мөн Ираны Засгийн газарт халдвар тархсан бөгөөд 24 гишүүн халдвар авчээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг