sonin.mn
Ерөнхийлөгч
 
 
 
Монгол бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргатай иж бүрэн улс билээ. Монгол Улсаас хүн амын тоогоороо зуу дахин олон Америкийн Нэгдсэн Улсад Ерөнхий сайд гэж байхгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгууль хоёр сар гаруйн өмнө болж, арваадхан хоногийн дараа шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөн, үүрэгт ажилдаа орох гэж байна. Энэ үетэй зэрэгцэн Монголд маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудал ид өрнөж байгаа билээ. Ил тодорхойгоос нэрээ дэвшүүлсэн анхны бүсгүй нэлээдгүй хэл амны бай болоод буй.Ц.Оюунгэрэлийг дэмжсэн нэг хэсэг байхад гадаад нөхөртэй гэхчлэнгийн шалтгаанаар дайрч давшилсан нь ч байгаа.
Хоёр гуравхан хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүрт 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.Ингэхдээ энэ мөнгө нь оффшороос орж ирж байгаа гэв. Гэвч  Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тийм мөнгө байхгүй гэж  twitter-т бичив. Нэг асуудал дээр боломжтой, боломжгүй гэдэг хоёр тайлбарыг мэдээллийн анхдагч эх сурвалжууд өглөө. Хэрэв хоёр сэтгүүлч ингэж өөр утга санаатай мэдээлэл гаргасан бол тухайн сэтгүүлч нь буруу ойлгоод ташаа мэдээлжээ гэж баалаад өнгөрч болох. Гэтэл энэ хоёр хүн бол төрийн өндөр албан тушаалтнууд шүү дээ.
 
Эндээс харвал Ерөнхийлөгч нь тийм эрх мэдэлгүй хүн үү, худал мэдээлэлд төөрөөд сууж байдаг хүн үү, бусдыг хутган мэхэлж явдаг луйварчин эр үү гэдэгт өгөх хариу үлдэхгүй л болчихоод байна. Тийм суудлын төлөө л одоо Монголын улс төрийн намууд ханцуй шамлан зүтгэж, нэр дэвшигчээ сойх гээд юун корона манатай болчихсон явна. 
 
Монгол улс Ерөнхийлөгчтэй болоод гучаад жил болж байна. Энэ хооронд энэ хүндтэй сэнтийд залагдчихаад буусан хүмүүсийн дунд нэр цэвэр хүн алга. Анхны болон хоёр дахь Ерөнхийлөгч нарыг хүмүүс “хээгүй, хийгүй” гэдэг алдар цолд өргөмжилсөн ч өмссөн торго нь хээтэй, идсэн мөнгө нь хийтэй байгааг ил далдгүй бичээд цагааширч дээ. Гуравдахь Ерөнхийлөгч маань энэ албанаас буунгуутаа шоронд илгээгдсэн анхны Ерөнхийлөгч. Түүнийг шоронд илгээсэн дөрөвдэх Ерөнхийлөгч нь одоо шоронгийн хаалга сэвхийн онгойх гэж байгааг мэдрэн ийш тийш захиа занаа бичиж, асуудлыг жаахан намжаагаад юутай ч хоёр жилдээ амьсгаа авахтай болоод байх шиг байна. Тав дахь буюу одоогийн Ерөнхийлөгч буусныхаа дараа бас л шоронд очих бэлтгэлээ хангаж байгаа тухай мэдээллүүд албан бус сувгаар гараад л байх юм.
Шоронд явах үйлтэй л юм бол тэрхүү Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд очих гэж юуны төлөө үхэлдэнэ вэ. Ухаантай тэнэг нь л энэ асуултад хариу өгнө. Гэхдээ би асуугаагүй байна. Асуултын тэмдэг тавиагүй байгаа биз. Харин энэ албан тушаал Монгол Улсад хэрэгтэй юу гэдгийг л асууя. Америкт Ерөнхийлөгч байдаг боловч Ерөнхий сайд байхгүй. Англид Ерөнхий сайд байдаг хэдий ч Ерөнхийлөгч байхгүй. Хатан хааны дараа дахиж хаан сонгохгүй тухай ч яригдсан байх.
Иймээс манайд Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд хоёрыг нэгтгэчихвэл ямар вэ? 
 
Манай улс нэг удаа дэд Ерөнхийлөгчтэй байж үзсэн. Тэрхүү дэд Ерөнхийлөгч нь  Улсын Бага Хурлын Дарга гэдэг тодорхой албан тушаалтан байлаа. Үүнээс үзвэл манайхан Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг хуучнаар Ардын Их Хуралтай жишин Улсын Бага Хурлын дарга хавьцаа төсөөлж, дэд Ерөнхийлөгчөөр нь Бага хурлын даргыг томилоо юу гэж санагддаг.  
 
Тэр үед Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцжээ. Төсөлд Дэд Ерөнхийлөгчийн тухай байсангүй. Үүнийг анзаарсан Бага Хурлын Дарга саналаа хэлэх гэснээ “Өөрийнхөө тухай ярьсан болчихно” гэж болгоомжлоод чимээгүй өнгөрсөн тухайгаа хожим дурссан байдаг. Тэгэхлээр Ерөнхийлөгч гэдгийг Улсын Их Хурлын дарга гэдэг албан тушаалтай ч нэгтгэж болох хувилбар бас байна.
Эрх мэдэлтэй юм шиг атлаа юу ч хийдэггүй, хийх чадваргүй гэдгээ байн байн сурталчилж байдаг Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг ажлын албатай нь цомхотгох нь зөв байж мэднэ. Тэгвэл Монгол Улсын төрийн институт хооронд өрнөдөг ядаж нэг хэрүүл нь тасарч, нэгэн их идэгч нь бага идэгч рүү шилжих юм даа.
 
Я.Баатар