sonin.mn

Монгол Улс 2010 онд “Азийн цөмийн хамтын ажиллагааны форум”-д гишүүнээр элссэн бөгөөд Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд 10 төсөл хэрэгжүүлж байна.

Үүнд, “Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь”, “Био бордоо”, “Электрон хурдасгагчийг ашиглах нь”, “Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь”, “Судалгааны реакторын сүлжээ”, “Нейтрон идэвхжлийн анализ”, “Аюулгүйн менежментийн систем”,

“Цацрагийн аюулгүй байдал болон цацраг идэвхт хаягдлын менежмент”, “Хүний нөөцийг хөгжүүлэх”, “Цөмийн аюулгүй байдал болон хамгаалалт” зэрэг төслүүд хэрэгжих шатандаа явж байна. Эдгээр төслүүдийн үр дүнд цөмийн технологийн энхийн хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудын адил монгол оронд хэрэгжих юм.

Эдгээр төслүүдийн судалгааны явц болон хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр Цөмийн энергийн газраас төслийн удирдагчдын дунд уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр зарим төслийн удирдагчтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

“Электрон хурдасгуур ашиглан байгалийн полимер боловсруулах төсөл”-ийн зохицуулагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны эрхлэгч, доктор Ц.Амартайвантай ярилцлаа.

Байгалийн полимер гэж юу вэ, төслийн хүрээнд бий болох үр дүнгийн талаар сонирхуулна уу?

Энэхүү төслийн хүрээнд байгалийн кайтосан, цардуул гэх мэт бодис агуулсан материалыг цөмийн цацрагаар шарж сайжруулсан шинж чанар бүхий бүтээгдэхүүн гарган авах зорилготойгоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ургац дэмжих бүтээгдэхүүн юм.

Бүхий л төрлийн ургацыг дэмжих үү,боловсруулж гаргаж авахад хямд төсөр, хэрэглэхэд амар хялбар байх уу гээд сонирхох зүйл их байна л даа.

Байгаль дээр ургаж төлжиж болох бүхий л ургамалыг дэмжихэд ашиглаж болно. Хамгийн гол нь бид аль болох хямд төсөр аргаар энэ бүтээгдэхүүнийг гаргаж авах зорилго тавин ажиллаж байна. Энэ нь нэг ёсондоо байгалийн түүхий эдийг ашиглаад ус шингээж барьдаг бүтээгдэхүүн шүү дээ.

Тийм болохоор хэрэглэх арга нь ч хялбар. Жишээ нь, Вьетнам улсад коконатын хальсыг ашиглаж бий болгосон 1 грамм бүтээгдэхүүн, 250 грамм ус шингээж 2-3 сард түүнийгээ бага багаар алддаг. Үүн дээр түшиглэн манай төслийн баг эхний туршилтаар Вьетнамд үйлдвэрлэсэн ус баригч бүтээгдэхүүнийг ашиглан улаан лоолийн соёололтын хугацааг судалсан.

Ингэхэд ус баригч бүтээгдэхүүн ашиглаагүй хөргөгчинд ургасан улаан лоолиос долоон хоногийн өмнө соёолж байсан. Энэ нь тухайн бүтээгдэхүүний боловсруулалт нь хурдан байна гэсэн үг.

Төслийн явц ямар шатандаа явж байна вэ, манайд ийм бүтээгдэхүүнийг хэзээнээс хэрэглэж эхлэх вэ?

Байгальд ээлтэй энэ төслийн үйл ажиллагаанд Казакстан болон манай улс 2012 онд нэгдэж орсон. Одоогоор лабораторийн судалгааныхүрээнд МУИС-ийн цөмийн судалгааны төв, биофизикийн болон органик химийн чиглэлийн эрдэмтэд хамтран ажиллаж байна.

Сүүлийн үед дэлхий нийтийн санаа зовинуулж байгаа асуудал бол хүнсний хомсдол. Гэтэл зарим халуун орнуудад хэтэрхий их ган гачиг болсноос тарьсан ургацынхаа талыг хаях тохиолдол байна.

Байгалийн энэхүү давагдашгүй хүчин зүйлээс хэрхэн яаж хүнсний бүтээгдэхүүнийг авч үлдэх вэ, үр ашигтайгаар ахуй амьдралдаа хэрэглэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Бид судалгааныхаа эхний үр дүнг энэ оны сүүлээр гаргахаар ажиллаж байна.