sonin.mn

БЕРЛИН. /ANADOLU/. Иракийн хойд нутагт лалын хэт давруу үзэлтэн босогчидтой тэмцэж буй курдын хүчнийхэнд Герман зэвсэг нийлүүлнэ.

Германы Канцлер Ангела Меркель, тус улсын бусад сайд нар өнгөрсөн амралтын өдөр Берлин хотноо уулзан, Иракийн курдуудэд зэвсэг нийлүүлэхээр шийдсэн байна.

Иракийн хойд нутгийн христийн шашинтнууд болон бусад үндэстний цөөнхийг олноор нь хоморголон хөнөөж байгаа хэт давруу үзэлтнүүдийг дарахын  тулд цэргийн тусламж үзүүлэх нь амин чухал гэж тэд үзжээ.

Ингээд танкийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах пуужин харвагч 30, пуужин 500, автомат гар буу 16000 ширхгийг Иракийн курдуудэд илгээхээр болсон байна. Эдгээрийг энэ сарын сүүлээр илгээж эхлэх бололтой.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш зөрчил мөргөлдөөнтэй бүсүүдэд зэвсэг нийлүүлэхээс Герман улс зарчмын хувьд түдгэлзсээр ирсэн юм.

Харин энэ удаагийн шийдвэрээ “онцгой арга хэмжээ” гэж Германы Засгийн газар тодорхойллоо. Германы олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 60 хувь нь Иракт зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж байна гэсэн бол, 34 хувь нь дэмжиж байна гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг