sonin.mn

Яруу найрагч О.Дашбалбар агсны төрсөн дүү О.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргаар 2004-2008 онд ажиллаж байсан юм.

-Та О.Дашбалбар агсны дүүгийн хувьд ахынхаа тухай сайхан дурсамжаас хуваалцаач?

-Бид эцэг эхээсээ арвуулаа. О.Дашбалбар ах дээрээсээ хоёр дахь хүүхэд. Харин би багаасаа хоёр дахь нь. Миний ахыг нэртэй яруу найрагч, улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн байсныг Монголын ард түмэн андахгүй мэдэж байгаа.

Миний хувьд энэ хүн амьдарч байсан нийгмээсээ арав, хорин жил түрүүлж явжээ гэж боддог. Учир нь 1990 оны үед О.Дашбалбар ахыг хүнээс гэрэл гарч байхыг харсан хэмээн ярьж байхад тухайн үедээ түүнийг сэтгэцийн өвчтэй гэж хүмүүс ярьдаг байсан.

Одоо бол бүх хүн гэрлийн тухай ярьдаг болчихлоо. Хүний сайн, муу гэрлэн бүрхүүлийн талаар ярьж байна. Аураг хэмждэг боллоо. Юм мэдэхгүй хүмүүсийн дунд ад үзэгдэж байж дээ.

Тухайн үед хүний зовлон жаргал, иргэдийн асуудпыг бусдаас түрүүлж хардаг байсан учраас их л зовлон тээж байж дээ гэж боддог юм. Ахын амьдрал, орчин их л хүнд хэцүү байсан байх. Одоо бол ард түмэн түүнийг хүлээн зөвшөөрч байна.

-Танай ах бие хүний хувьд ямар зан, араншинтай хүн байсан бэ?

-Ер нь бол энгийн хүн лав байгаагүй. Тухайн үедээ үүнийг бид ойлгохгүй байсан. Одоо харахад их өөр ертөнц байж гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Надад нэг удаа “Ах нь хүнтэй ганц удаа харьцаад л хэн бэ гэдгийг нь мэддэг” гэж ярьж байсан удаатай.

Тэгэхээр зөн билэгтэй хүн байсан. Нийгэмд танигдсан хүн учраас гэр бүл дотроо ч нэр хүнд байр суурь сайтай байсан. Ах дөнгөж хөлд орж байхдаа ном барьж аваад шулганаад байсан гэдэг.

Хажуу айлдаа орчихоод гарч ирэхдээ “Энэ айлын хүн үхэх гэж байгаа юм байна” гэж ээжид хэлсэн байгаа юм. “Жаахан хүүхэд байж настай хүнийг тэгж хэлж болдоггүй юм” хэмээн тухайн үед загнасан ч хоёр хоногийн дараа үнэхээр хэлсэн шиг нь үйл явдал болсон. Тийм мэдрэмж бол үнэхээр байсан.

-О.Дашбалбар агсны ах, дүү нар Сүхбаатар аймагтаа аж төрж байна уу?

-Ихэнх нь нийслэлд амьдарч байгаа. Би ганцаараа Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байна.

-Танай ах эх орон, газар шорооныхоо төлөө үгээ хэлж тэмцэж явсан. Тэр зан чанар танд ч байх шиг санагдлаа. Орон нутагт Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд ямар бэрхшээлтэй асуудал байна гэж боддог вэ?

-Хүмүүс эх орноо, бие, биенээ хайрлахаа болчихсон байна. Өөрийгөө л дөвийлгөж цээжээ дэлдэхээс биш бусдын жаргал, зовлонг анзаарч харах нь багассан юм шиг санагддаг. Ер нь төр засгаас боловсруулан гаргаж байгаа зарим хууль орон нутгийн хөгжилд үнэхээр саад болж байна.

Хууль батлаад байдаг хэрэгжих нөхцөл боломж бүрддэггүй. Ямар ч хууль, дүрэм журам гаргасан түүнийг нь дагаж, мөрдөөд цаашид хэрэгжүүлээд явах хүний сэтгэл дутуу байна.

Хүн бие биенээ хайрладаг, нэгнийгээ хүндэтгэдэг, сум орон нутгаа боддог бол хуулиас шууд хамаарахгүйгээр зохицоод аж төрөөд, амьдраад байх боломж байгаа шүү дээ. Гэхдээ хүмүүс тэр хэмжээнд хүртэл хөгжиж, боловсроогүй байна. Ялангуяа Орон нутгийн тухай хууль орон нутгийг удирдаж авч явахад ихээхэн саад болдог.

Орон нутгийн ИТХ гэхэд сумын Засаг даргыг сонгодог. Тэгэхээр энд аль ах, дүү хамаатан садан олонтой нь Засаг дарга болдог. Тухайн хүн ямар боловсролтой, төрийн ажил хийсэн туршлага байгаа эсэхийг харгалзаж үздэггүй. Ах дүү нарынхаа хүчээр сумын Засаг даргаар сонгогддог ч гарч ирсэн хойноо ард иргэдийн төлөө юу ч хийдэггүй.

Ажил хийх нь байтугай хурлаа ч удирдаж чадахгүй хүмүүс байдаг. Дээр нь сумын иргэдийн нийтийн хуралд төрөл, садангаараа бөөнөөрөө орж ирж байна. Төрийн бүтэц, бүрэлдэхүүн хувийн компани, хамаатан садны бүлэглэл юм шиг болж байна шүү дээ.

Иргэдэд гэхээсээ илүүтэй төрөл садандаа үйлчилдэг ийм байдал орон нутагт их олон жил үргэлжилж байна. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох тухай холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

-Орон нутагт улстөржилт их байх шиг байна. Улс төрийн албан тушаал хашиж байсан хүний хувьд үүнд бодитой хариулт өгөх байх?

-Улс төрийн намаар хуваагдана гэдэг иргэдийг хиймлээр нэгнийгээ үзэн ядахад хүргэж байна. Бид утга, учиргүй намчирхлаас үнэхээр залхаж байна. Намайг танихгүй, хамтдаа ярилцаж үзээгүй мөртлөө намын гишүун гэдгээр нь үзэн ядаад эхэлдэг байдал орон нутагт хэвийн үзэгдэл болсон.

Тиймээс би намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгосон нь дээр гэдгийг дэмжиж байгаа. Хэрвээ намгүй болчихвол нэгнийгээ хайрлахгүй юмаа гэхэд ядаж үзэн ядах нь багасах байх хэмээн найдаж байна. Тиймээс би өөрөө улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзсан.

-Төр засгийн үйл ажиллагаанд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Төр засгийн үйл ажиллагаа явдаг жамаараа явж байна. Иргэдэд үйлчлэх гэхээсээ илүүтэй олон нийтэд таалагдах, иргэдээс нэмэх оноо авах гэсэн хэлбэрийн төдий зүйл харагдаж байна.

Жинхэнэ ард түмнийхээ төлөө зүтгэе гэвэл ийм байдлаар ажлаа хийхгүй байсан болов уу. Үүнийг шийдвэрлэхийн тулд уг үндсээр нь асуудлыг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Сурагчдад нэгдүгээр ангиас нь эх орноо хайрлах, өвөг дээдсээс уламжилж ирсэн зан заншлаа мартахгүй байх талд анхаарал хандуулах хэрэгтэй.

Одоо Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намуудын тухай хуулийг боловсруулж байна. Энэ томоохон хуулиудад орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ах, дүү, төрөл садан олонтой нь сонгогддог байдлыг болиулах шаардлагатай байна.

Тодорхой хэмжээний боловсрол, мэдлэгтэй хүн удирдах ёетойг зааж өгөх хэрэгтэй. Жинхэнэ мэдлэгтэй хүн хоосон хоцроод ямар ч боловсролгүй хүн ах дүүгийнхээ олноор орон нутгийг удирдаж байна шүү дээ. Энэ жишгийг халмаар байна.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: