sonin.mn


Байдал өдрөөс өдөрт базаахгүй болж байна. Офицеруудийн ордны өмнө байдаг “Офицер” хүнсний захаас ойр зуурын хүнс, махаа цуглуулахаар хэд хоноод ордог ажилтай гэж байгаа. Өнгөрсөн бүтэн сайны орой орвол махны худалдагч хүүхнүүд бүгдээрээ “хайр” зарлаж "Надаас ав, жаахан ч гэсэн мах авчих л даа” гээд бараг л барьж авч үнсэх нь холгүй аяглацгаав.

Лангуун дээрх махыг нь харвал оны өмнөхөн бүтэн бүтэн гулуузаараа хөндөлсөж байдаг нь бараа сураггүй болж хэд дахин хөлдөөж, гэсгээсээр байгаад өнгөр тогтчихсон хуучин махнууд л овоолоостой байв. Тэгж байтал өглөө болгон машинаа халааж зогсдог манай орцны залуу эхнэрээ дагуулчихсан дуу шуутайхан орж ирснээ над руу нэг сүрхий харчихаад жижигхэн, жижигхэн болгон хуваасан дотор махнаас гурвыг ниилүүлж авчихаад бушуухан гараад явчихлаа.

Тэгтэл хэд хоногийн өмнө "Хөлдөөгчиндөө хадгалж бай. Цагаан сар дөхүүлээд авъя” гэж тавиулсан үхрийн өвчүүний эзэн хүүхэн “Хүүе нөгөө өвчүү чинь 106 мянга болсон тийм ээ. Уг нь 6500-аар бодсон юм, одоо 6000-аар бодоод өгчихье. Мах авах мөнгө түгжигдээд сүйд боллоо" гэлээ шүү. Би ч “За ганц хоёр хоног тэсч бай. Төрийн сан нээгдээгүй болохоор 2014 оны 12 дугаар сарын сүүлийн цалингаа ч аваагүй байна” гэж хэлчихээд бушуухан гарлаа.

Тэгэхгүй бол нөгөө аманцар хүүхэн жинхэнэ “шараа” болгох янзтай. Миний хувьд хүнсний зах орсон биш иймэрхүү л будлиантай, бас хүмүүсийн худалдан авах чадвар хэрхэн муудаж байгааг бэлээхэн олж харчихаад гарч байгаа юм. Өчигдрийн байдлаар ноён ам. доллар 1950-ыг даваад явчихлаа. Сар хүрэхгүйн дараа болох Цагаан сар гээч сүрхий “амьтан” хаалга тогшоод зогсож байдаг.

Бууз, банш хөлдөхгүй гэж толгой өвдөхөөс өмнө ямар мөнгөөр, юуны мах авч бууз, банш чимхэх нь үнэндээ тодорхойгүй болчихоод байдаг. За мань мэт ч яах вэ. Яаж ийж байгаад аргалдаг юм гэхэд 500 грамм дотор махаар хоёр хонож байгаа Баянхошуу, Хайлааст, Улиастайн захын гэр хорооллынхон Цагаан сар тэмдэглэх үү “Хар нулимс” унагах уу гэдэг л болчихоод байна.

Өчигдрийн хамгийн гүйлгээтэй үгээр “Аж ахуй нэгжүүд төдийгүй хоолны газрууд ч дампуурлаа. Иргэд хоёр хуушуур, мантуун буузаас илүүг авч хүчрэхгүй боллоо” гэсэн үг өрсөлдөгчгүй шахам тодорсон нь ард түмний амьдрал хэрхэн доройтож байгааг илтгэх хамгийн тодорхой ишлэл болов. Одоо хүмүүсийн дунд “Нөөцийн мах бушуухан гараасай. Цагаан сарын буузны маханд хэдэн төгрөг зарцуулах бол” гэсэн хүлээлт үүсээд нэлээн хэд хонож байгаа.

Сураг сонсвол энэ сарын 25-наас чадан ядан бэлтгэсэн 14 мянган тонн нөөцийн махаа худалдаж эхлэх янзтай. Одоогоор тодорхой болоод байгаа нь нийслэлд нөөцийн мах нийлүүлэх дөрвөн компани тус бүр гурван мянган тонн мах худалдах сурагтай. Одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” 2450 тонн, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, “Эй Энд Ди Эм” компани 2580 тонн махыг нөөцөлсөн гэнэ.

Товчхондоо Дархан, Эрдэнэтийг оролцуулан тооцвол нийтдээ 11 мянган 100 тонн буюу нийт бэлтгэх нөөцийн 80 хувийг хангасан гэнэ. Зарим мэргэжилтнүүдийн тодорхойлж байгаагаар нөөцийн мах бэлтгэх оргил ачааллын үед санхүүгийн хүндрэл үүссэнээс махны чанар харилцан адилгүй байгаа тул иргэдийн зүгээс нөөцийн мах туранхай, дан яс болчихсон, өнгөр тогтоод, хатуу болчихсон байдаг гэх шүүмжлэл энэ жилийн тухайд ихээхэн сонсогдох нь лавтай болж байгаа аж.

Цалин, тэтгэвэр нэмэгдэх сураггүй байгаа. Ядаж байхад өнгөрсөн сарын 5-наас цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус нэмчихээд байгаа.

Тун удахгүй гурван сая дахь иргэнээ тосон авна гэж дээр дооргүй хөөрцөглөөд байдаг. Гэтэл гурван сая дахь иргэн маань зургаан сая гаруй төгрөгийн өртэй мэндэлж байгаагаа мэдэхгүй.  Байдал нэг иймэрхүү л байдаг. Яадаг ч юм билээ дээ, та минь.

Эх сурвалж: "Өглөөний сонин"