sonin.mn
БОНХАЖЯ-наас самар түүх хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг. Харин энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа учир хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрчилжээ. Тиймээс энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэх гэрээ хийх, ойн дагалт баялаг ашиглах эрхий бичиг нэмж олгохыг зогсоосон хэмээн албаныхан хэллээ.  
 
Манай улсын самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120,8 сая  шоометр юм байна. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум болон Төв аймгийн Мөнгөн морьт сумдад олгожээ. Тус сумдын засаг дарга нар ойн дагалдах баялгийн эрхийн гэрчилгээтэй, байгалийн баялаг ашигласан төлбөрөө төлсөн, самраа үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэрээтэй болон тэмдэгтийн хураамжаа төлсөн 12 аж ахуйн нэгжид самар түүж, бэлтгэх гэрээ байгуулсан аж.
 
Ахуйн зориулалтаар Монгол Улсын иргэн бүр 25 кг хүртэлх самрыг ашиглах эрхтэй бөгөөд түүж, бэлтгэсэн самрынхаа нэг кг тутамд 500 төгрөг төлнө. Үйлдвэрлэлийн зориулалтаар гэдэг нь 25 кг-аас дээш самар түүж, бэлтгэхийг хэлэх бөгөөд байгалийн нөөц ашигласны татварт 800 төгрөг төлдөг юм байна. Самрыг боловсорч гүйцэхээс нь өмнө түүвэл хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс  амар салж унадаггүй учраас түүж бэлтгэхдээ модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж  авдаг. Энэ нь хуш модны гол иш, титмийг гэмтээдэг хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: