sonin.mn
2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 онд ердөө 3.4 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан. Ийм хүндрэлтэй эдийн засгийн нөхцөлд Монголбанк, Засгийн газар хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.  Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах явдал байсан.
 
Хөтөлбөрийн үр дүнд хөтөлбөрт хамрагдсан бараа бүтээгдэхүүний үнэ хөтөлбөргүй жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байж чадсан төдийгүй 2015 оны 2 сард инфляци нэг оронтой тоонд орж буурсан нь мөн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй салшгүй холбоотой билээ. 
 
Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 23.7%-ийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 1.3 дахин, 2014 онд  17.8 дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан.Мах, шатахуун, цементний үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 онд 0.2 хувь болж буурав.  Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол 2014 онд  дунджаар 1.0 хувь болов.
 
Хэрэв эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол санхүү, эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, эдийн засаг бүхэлдээ уналтад орох эрсдэлтэй байсан гэдгийг эдийн засагчид онцолдог. Харин хөтөлбөр хэрэгжсэний ачаар 179,000 ажлын байрыг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хадгалж эдийн засгийг зөөлөн газардуулсан билээ. 
 
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 2013 онд 710 тэрбум төгрөг байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд зээлээ эргэн төлж буй аж. Энэхүү хөтөлбөр дунд хугацааны хөтөлбөр байсан бөгөөд Монголбанк үе шаттайгаар хөтөлбөрүүдээс гарч, хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг оны 2 дугаар хагасаас Засгийн газарт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Тэгвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх байсан талаар доорхи зургаас харъя.
 
Эдийн засгийн удаашралын мөчлөгийг сөрж, төгрөгийн нийлүүлэлт хийгээгүй байсан бол хөдөө аж ахуй, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт дээрх өсөлт гарахгүйгээс гадна 179 мянган ажлын байраа алдахаар байв.
 
МУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгс: Хөтөлбөрүүд ач тусаа өгсөн
 
Төсвийн орлого муудчихсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурчихсан, нийлүүлэлт тасалдах болсон үед дэд хөтөлбөрүүд ач тусаа өгсөн гэж харж байгаа.  Ипотекийн зээл нийгэмд үр ашгаа өгсөөр байна. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн ачаар, ипотекийн зээлийн тогтвортой хүүгийн төвшинд Монголын  дундаж амьдралтай айл орон сууцанд орж,  амьдарч, байшингаа шинэчилж, унаагаа авч чадаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагаст гэхэд мах, бензин шатахууны  үнэ  одоо байгаагаас 2.5-4.6 дахин  нэмэгдэх байсан гэсэн судалгааг эдийн засагчид хийсэн байна. 
 
Техник Импорт ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг: Дотооддоо үйлдвэрлэх боломж олгосон
 
Манай компаний хувьд хөтөлбөрийн зээлийг зориулалтын дагуу зарцуулж зээлээ хугацаанд нь төлсөн. Манай улс цементнийхээ 70-80 хувийг импортоор авдаг. Хөтөлийн үйлдвэр 1000000 тн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг энэ онд ашиглалтанд орууллаа. Цаашид хоёроос гурван том үйлдвэрүүд ашиглалтад оруулах гэж байна. Барилгын  үйлдвэрлэлийн  гол үндсэн түүхий эд болох цементийг импортын хараат биш үндэсний үйлдвэрүүд үйлдвэрлэж 100 хувь дотоодоосоо хангах нөхцлийг энэ хөтөлбөр бүрдүүлж өгсөн. 
 
 Монголын нефть, хийн үндэсний ассоциацын тэргүүн Л.Цэрэндаваа:  Эрсдэлүүдээс хамгаалж чадсан
 
Шатахууны үнэ буюу өртөгт нөлөөлж байгаа гол үндсэн 2 хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт гадаад зах зээл буюу хил үнэ, хоёрдугаарт валютын ханш гэсэн хоёр үндсэн нөлөөлөл байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлийн эдийн засгийн уналт, гадаад зах зээл дэх түүхий нефтийн үнийн өсөлт зэргийн нөлөөгөөр хилийн үнэ тогтворгүй, өсөх хандлагатай байсан. Мөн Монгол улсын уул уурхайн салбар, экспортын түүхий эдийн үнийн уналт, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан зэргээс шалтгаалж гадаад валютын ханш огцом өсөх хандлагатай байсан. Дээрх 2 үнсэн хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны үнэ ч мөн тогтворгүй, өсөх хандлага үүсч түүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ, цаашлаад инфляцийг нэмэгдүүлэх томоохон эрсдэл үүсэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан. Энэхүү эрсдэлийг урьдчилан харж Засгийн газар, Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр дээрх эрсдэлүүдээс хамгаалж чадсан.
 
Б.Хонгор