sonin.mn
Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. УИХ-ын зарим гишүүд энэхүү гэрээг эсэргүүцэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн саналыг авч буйгаа өнөөдөр мэдэгдэж Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
 
УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар хэвлэлийн бага хуралд оролцож, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Цог нар дэмжиж байгаа аж. Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихад 19 гишүүний гарын үсэг цуглуулах ёстой бөгөөд нийт гишүүдэд энэхүү асуудлыг хүргүүлж саналыг нь авах гэнэ. УИХ-ын гишүүн Г.Уянга, "Дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4,7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр огцруулах саналыг өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна" гэсэн юм.
 
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын  зөвшөөрөлгүй нэмэгдүүлж байгааг буруушааж байв. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Оюутолгойн гэрээ анхны гэрээгээр 2021 оноос монголчууд ашгаа хүртэх байсан боловч энэ гэрээгээр 2030 оноос наашгүй боллоо. Ер нь цаашид ашиг хүртэх үгүй нь тодорхойгүй байдал руу шилжиж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Оюутолгой бол дэлхийд хамгийн том орд. Нөөц нь цаашид нэмэгдэх магадлалтай. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх бололцоог УИХ гаргаж өгсөн. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт тодорхой хэмжээнд эдэлж байгаа. Гэтэл ийм гэрээ хийснийг эсэргүүцэж байна" гэсэн юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ"