sonin.mn
Он гарсаар барилгын ажлын явцад нийтдээ найман хүн амиа алдсан гэх мэдээг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгч байна. Томоохон хэмжээний хоёр бүлэг осол барилгын ажлын явцад гарчээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга И.Баттөгсийн мэдээлснээр хүний амь нас эрсэдсэн зургаан компанийн барилгад улсын байцаагчийн акт тогтоожээ. Улмаар харьяа дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 
 Барилгын үйл ажиллагаа явуулж буй 352 байгууллагад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан юм. Шалгалтаар  нийт барилгын 40 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажилладаггүй дутагдал илэрчээ. Шинэчилсэн хуулиар тухайн компани нийт зардлынхаа 1.5 хувиас багагүй мөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд төсөвлөх учиртай. Гэвч дээрх байгууллагын 40 гаруй хувь нь хуулийн заалтыг мөрддөггүй байна.
 
Мөн захиалагч талбайн зохион байгуулалтын зураг батлаагүй, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангасан хашаагаар хамгаалагдаагүй, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүй, эрсдлийн ерөнхий үнэлгээ хийгээгүй зэрэг зөрчил ч их байв. Шалгалтын үеэр 352 байгууллагаас 650 зөрчил илрүүлж МХЕГ-аас 44 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг