sonin.mn
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай цаг үе, өвөлжилтийн талаар ярилцлаа.
 
-Тарган тавтай өвөлжиж байна уу. Энэ жил өвөл хүнд болно гэж зарим нь таамаглаж байна. Хэнтий аймагт өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
 
-Манай аймаг өвөлжилтийн бэлтгэлээ сайн хийсэн. Аймгийн Засаг даргын албан даалгавруудыг сайн биелүүлж, малчид, сум, орон нутгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн байгаа. Аймгийн хэмжээнд 130 мянган тонн байгалийн хадлан бэлдсэн. 
 
Мөн аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд 450 тонн, сумдын Засаг даргын нөөцөд 1800 тонн өвс бэлдсэн. Үүнээс гадна таван тонн багсармал тэжээл бэлдсэн байгаа. Одоо өвлийн эхэн сар гараад явж байна. Өнгөрсөн сард орсон цас аймаг, орон нутгийг бүхэлд нь хамарсан.
 
Аймгийн төвөөс урагш, баруун урд талын сумдад цас нэлээд зузаан буюу 10-20 см байгаа. Хойд талаараа харьцангуй гайгүй байна. Цаашид нэмж цас орвол аймгийн урд талын сумдад өвөлжилт хүндрэх төлөв харагдаж байгаа. Одоогоор хараахан хүндрээгүй байна. Ер нь хүйтэн өвөл болох шинжтэй.
 
-“Энэ жил их хүйтэн байна” гэж хүн болгон ярьж байна. Олон жилийн дунджаас илүү хүйтэн байна гэсэн үг үү. Эсвэл бичин жил гарах гэж байгаа болохоор хүмүүсийн сэтгэлд шууд зуд гэж буугаад байна уу?
 
-Сүүлийн хоёр жил их дулаахан өвөлжсөн. Ялангуяа, өнгөрсөн жилийн өвөл цасгүй, хар байсан. Энэ жил цас орохоор хүйтэрлээ. Хүмүүс үүнд жаахан цочирдож байх шиг байна. Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт Төв аймгийн нэлээн хэдэн сумаас малчид оторлож, нүүдэллэж орж ирээд байна.
 
Галшар суманд Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сумын малчид орж ирсэн. Отроор ирсэн малчин өрхүүдийг сум, орон нутгийн хэмжээнд анхааралдаа авч, тусалж дэмжиж байгаа.
 
-Саяхан “Архигүй Хэнтий” хөтөлбөр амжилттай хэрэгжиж 1049 хүн архины хамаарлаас татгалзсан гэдгээ баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн?
 
-Энэ хөтөлбөр хэрэгжээд гурван жил болж байна. Бид жил бүр хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэдэг. Тиймээс  энэ жилийн хувьд өнгөрсөн гурван жилийн үр дүн гарч ирж байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд аймаг, орон нутгаас 500 сая орчим төгрөг зарцуулсан. 1049 хүн архинаас гарч, эрүүлжиж, амьдрал ахуй нь тэгширнэ гэдэг бол орон нутгийн хэмжээнд их том асуудал шийдэгдэж байгаа юм.
 
Ер нь орон нутаг гэлтгүй улсын хэмжээнд ч нэг дор олон хүн архинаас гарсан туршлага байхгүй. Тиймээс анх удаа том үр дүн гарсан учраас аймаг, орон нутгийн зүгээс ач холбогдол өгч баяр ёслолын хэмжээнд тэмдэглэсэн. Хамгийн гол үр ашиг нь архинаас ингэж гарч болох юм байна гэдэг мессежийг ард иргэддээ ойлгууллаа.
 
Нөгөөтэйгүүр, хөтөлбөрт хамрагдсан иргэдээ урамшуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болсон. “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” чуулган, урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ ч өргөн сайхан боллоо. 1000 гэдэг тоо ч өөрөө их бэлэгдэлтэй юм. Манай малчид 1000 малтай болохоороо “Мянгат малчин” цол тэмдэг хүртдэг. Мянгат малчин гэдэг нэр хүнд бол тухайн айл өрхийн хувьд амьжиргаа, эдийн засгийн асуудлаа бүрэн шийдэх бололцоотой болсон гэдэг баталгаа нь юм. Тухайн айл өрх ч сум, орон нутагтаа нэртэй сайхан амьдардаг. Үүнтэй адилхан 1000 гаруй хүн архинаас гарна гэдэг бол маш сайн үзүүлэлт.
 
Тэдний ар талд 1000 гаруй айлын амьдрал тэгширч байгаа төдийгүй ах дүү, амраг садан, найз нөхдөдөө сайн сайхнаар нөлөөлж байгаа юм. Гурван жилийн өмнө бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго тавихдаа аймаг, орон нутагт өсөөд байгаа гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал архины асуудлыг шийдэхэд цэгцрэх юм байна гэдгийг тооцоолсон. Өнөөдөр үр дүн нь бидний төсөөлж байснаас ч илүү өндөр гарч ирсэнд аймаг нутгаараа талархалтай хандаж байна.
 
-“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд”-ийг зохион байгуулахдаа их санаачлагатай, нэлээд ач холбогдол  өгч хандаж байсан?
 
-Бид хурал хийгээд үр дүн сайн боллоо гээд орхичихож болно. Гэхдээ хөтөлбөрт хамрагдсан залуучууд маань бие биетэйгээ танилцаж мэддэг болох нь чухал гэж үзсэн. Тиймээс чуулганаас гадна урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тэдэн дунд маань урлаг, спортын авьяастай олон сайхан залуу байгаа.
 
-Тэмцээн уралдаанд оролцож байгаа залуусын зарим нь ажил хөдөлмөр эрхэлдэг юм билээ. Архины асуудлаа шийдсэний дараа ажилтай болсон байх?
 
-Тийм ээ, бид архины хамаарлаасаа татгалзсан авьяас, чадвартай залуусыг ажил, орлоготой болго гэдэг чиг үүргийг сум, орон нутгийн удирдлагуудад өгсөн. Гэтэл дуулдаг, хуурддаг авьяастай хүмүүсийг нь Соёлын төвүүд авч ажиллуулж байна. Эсвэл Засаг даргын Тамгын газар, эмнэлэг гэх мэт газруудад бага тушаалын орон тоон дээр авч ажиллуулж байгаа.
 
-Олонх нь залуу хүмүүс харагдана билээ?
 
-Ер нь архидалт их залуужсан. Архины хамааралтай хүмүүсийн 70-80 хувь нь дандаа залуучууд байгаа.
 
-Нийгэмд үүссэн хямралыг та сайн шийджээ. Гэтэл сүүлийн хоёр жил эдийн засаг бас хямралтай байна. Орон нутагт энэ нь яаж нөлөөлж байна?
 
-Бүс нутгаараа олон улс дамнасан эдийн засгийн хүндрэлд өртөж байна шүү дээ. Ийм үед Монгол Улс хямрах нь ойлгомжтой. Орон нутагт бол банк, санхүүгийн бай­гууллагуудын үйлчилгээ нь нэлээд татарсан. Иргэдэд олгодог зээл, тусламжийн хэмжээ багасч, өмнөх шигээ байхаа больжээ. Мөн малчдын маань мал, махны үнэ сүүлийн үед нэлээд унаж байна.
 
Иргэдийн орлого багасахаар бизнесийн байгууллагууд ч гэсэн ашиг нь буурч байгаа. Гэхдээ асуудал бүр хурцдаад, хүнд байдалд орсон нь бас ч гэж гайгүй. Орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн хувьд давуу тал ч бий. Томоохон хот шиг орсон ч, гарсан ч бүх юманд хөлс, мөнгө төлдөггүй. Тиймээс зарлага, амьдралын өртөг багатай учраас эдийн засаг хямралын үед бас ч гэж боломжийн амьдарч байгаа нь хөдөөгийн иргэд, малчид байгаа юм. Аймаг, орон нутгийн төсөв, санхүүд тодотгол хийгдээд явж байгаа.
 
-Энэ жил татварын орлого бүрдэхдээ тааруухан байгаа гэсэн. Хэнтий аймгийн хувьд ямар байгаа бол?
 
-Манай аймаг татварын орлогын төлөвлөгөөгөө биелүүлээд явж байгаа. II, III улиралд татварын орлогыг бүрдүүлэх чиглэлээр бүх сумандаа аян зохион байгуулж ажилласан. Тиймээс төсөв, санхүүд хүндрэл үүсээгүй. Бүтээн байгуулалтын ажлын хувьд төсөв гэхээсээ илүү хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татахыг хичээн ажиллаж байгаа. Тиймээс манай аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд ямар нэгэн байдлаар саад тээг үүсээгүй.
 
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хэнтий аймаг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, барилгын салбарт 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор 1000 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна. Хямралын үед ч гэсэн эдийн засгийн нөөц, боломж байдгийг хувийн хэвшлийнхэн маань бидэнд харууллаа.
 
-Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараасаа ихээхэн хамааралтай байдаг. Харин Хэнтий аймгийн хувьд Их хааны төрсөн өлгий гэдэг утгаараа тодорхой хэмжээгээр хязгаар тавьж ханддаг юм билээ. Гэхдээ энэ нь эргээд эдийн засгийн хувьд сөрөг тал болдог уу?
 
-Манай аймагт 200 гаруй тусгай зөвшөөрөлтэй талбай бий. Энэ нь нутаг дэвсгэрийн 0.6 хувийг эзэлж байгаа. Хэнтий аймгийн хувьд уул уурхайг хязгаарлагдмал байдлаар авч явдаг. Их хааны төрсөн нутаг учраас түүх, дурсгалын газар олонтой. Тиймээс тэр болгон хөндүүлэх боломжгүй.
 
Шаардлага ч байхгүй. Ийм учраас бид ногоон хөгжлийн чиг баримжаатайгаар аймаг, орон нутгаа хөгжүүлж байна. Цаашид ч аялал жуулчлалын салбараа түлхүү хөгжүүлж, дэд бүтцээ улам боловсронгуй болгож, хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтуудыг дэмжиж ажиллана. Үүнээс гадна зочид буудлаа олшруулж, жуулчны баазуудынхаа үйлчилгээг чанаржуулж байгаа.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин