sonin.mn
Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих зорилго бүхий “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн 2016” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.
 
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ачааны хүндийг үндэсний үйлдвэрлэгчид үүрдэг бөгөөд тэдний хүчинд монголчууд ажилтай, орлоготой байгааг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үзэсглэнгийн нээлтийн үеэр онцлов.
 
Тэрбээр, “Монгол Улс хөдөө аж ахуйн орон тул малын гаралтай түүхий эд элбэг байдаг. Дотоодын үйлдвэрлэгчид ч түүхий эдээ зөв ашиглаж, нэмүү өртөг шингээж, Монголын нэрийг таниулах олон бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн төрийн зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмждэг байх ёстой. Харин аж ахуйн нэгжүүд иргэдийн худалдан авалтад нийцсэн уян хатан үнэ санал болгодог байх хэрэгтэй. Мөн хэрэглэгчид импортын бүтээгдэхүүнээс илүү дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авах нь чухал. Ингэж төр, хувийн хэвшил, иргэд хамтран дотоодын зах зээлээ хамгаалах, цаашлаад бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм” гэлээ.
 
ХХААХҮЯ-наас арав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд “Гоёо”, “Говь”, “Буян”, “Эвсэг”, “Дархан нэхий”, “Дархан минж” кэрэг арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 146 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Аж ахуйн нэгжүүд ноолууран бээлий, ороолт, нэхий гуталнаас эхлээд нэхий болон ноолууран дээл хүртэлх өвлийн төрөл бүрийн хувцсыг 5-30 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байна.
 
Тухайлбал, “Дархан нэхий” компанийн нэхий дээл 180 мянгаас 1 сая төгрөг байна. Компанийн борлуулагч, Энэ онд 40-50 жилийн өмнөх загваруудад нэмэлт чимэглэл, өөрчлөлт хийн худалдаанд гаргасан бол 2017 онд албан загвараас эхлээд рок, хип ход хүртэлх бүх төрлийн загварыг хурц тод өнгө, үндэсний хээ угалз, хатгамалтайгаар үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэх болно хэмээн танилцуулав.
 
Харин “Говь” компанийн ноолууран ороолт 39000-89000 төгрөг байна. Харин ноолууран цамц нь 183-253 мянган төгрөг, ноолууран болон сүлжмэл пальто нь 283-393 мянган төгрөг байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ихэвчлэн сүлжмэл пальто үйлдвэрлэж байсан тус компани 2018 он гэхэд 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байгаа аж.
 
Нүүдэлчин соёлтой Монгол Улсын хувьд малын гаралтай түүхий эд элбэг байхад үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байгааг худалдан авагчид хэлж байлаа. Эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн орлого хомс байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдийг үнийн уян хатан бодлого баримтлах хэрэгтэй хэмээв.
Түүхий эд хангалттай байхад бүтээгдэхүүн хэт өндөр байгаагийн шалтгааныг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас тодруулав.
 
Тэрбээр, “Монгол Улсад суурь боловсруулах үйлдвэр хөгжөөгүй тул зардал их гардаг. Хэдийгээр түүхий эд элбэг байгаа ч чанарын шаардлага хангахгүй байна. Түүхий эдийн 60 хувь нь хачиг, хувалз, хамууны, 10 хувь нь шивээ өвсний сорвитой. Түүнчлэн 10 орчим хувь нь өлөн гэдэсийг нь дотор нь боосны улмаас халж, муудсан байдаг. Өвчиж байх явцдаа цоолсон арьс ч нилээд хувь эзэлж байгаа. Тиймээс бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа юм.
 
Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарийг хөгжүүлэхийн тулд төрийн бодлого хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татвараар дэмжих нь зөв. Бид хоёр хөрштэйгөө эдийн засгийн шударга харилцаанд орох ёстой. БНХАУ-д үйлдвэрлэсэн гутлыг Монголд оруулж ирэхэд 5 хувийн татвар авдаг. Харин Монголоос урагшаа гаргах гэхээр 40 хувийн татвар төлөх хэрэгтэй. ОХУ руу гаргахад мөн адил. Энэ асуудлыг бодлогоор зохицуулахгүй бол өнөөгийн байдал өөрчлөгдөхгүй. Бид импортын бараа хэрэглэсээр, гадагшаа хэдэн тэрбум ам.доллар хийсгэсэн хэвээр үлдэнэ. Тиймээс ядаж л дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа оруулж ирэхэд өндөр татвар авдаг байх нь чухал. Ингэж байж дотоодын зах зээлээ хадгалж чадна.
 
Түүнчлэн ажил хийгээгүй хүнд ажил хийснийхээ олсон мөнгийг өгдөг халамжийн бодлогыг больж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй” гэлээ.
Төрийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллах талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодруулахад, “Хөрш орнуудын татварын асуудал бол бидний өмнө тулгамдсан том асуудал. Бид экспортод гаргах бүтээгдэхүүнийнхээ татварыг бууруулах ямар боломж байгаад судалгаа хийж байна.
 
Шийдвэрлэгдэхгүй асуудал гэж байхгүй. Бүх зүйлд гарц бий. Бид тэрхүү гарцыг олохын тулд ажиллаж байна. Мөн бид дотоодын зах зээлийг хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь нууц биш. Тиймээс бид дотооддоо үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг зарим тохиолдолд 20 хувиар тогтоох зэргээр л аргацааж байна. Бусад орон өөрсдийн дотоод зах зээлээ хамгаалахын тулд импортын татварыг 90 хүртэлх хувиар тогтоодог. Энэ арга туршлагаас суралцаж, экспортын татварыг ярихаас өмнө дотоодын зах зээлээ хамгаалах хэрэгтэй. Мэдээж энэ үеэр олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох зэргээр бүтээгдэхүүнээ сурталчилах боломж бүрдэнэ” гэв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал