sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы хойд нутгийн Аомори мужийн шувууны аж ахуйгаас шувууны томуугийн “Эйч5” вирус илэрсэнтэй холбоотойгоор тус фермийн  бүх нугасыг устгах гэж байна.
 
Мужийн албаны хүмүүс өчигдөр орой яаралтай хуралдсанаар фермд байгаа 16500 нугасыг 24 цагийн дотор устгах шийдвэр гаргажээ.
Тус аж ахуйд олон тооны нугас үхсэн аж. Үхсэн таван нугас болон тамирдсан таван нугаснаас шувууны томуугийн “Эйч5” вирус илэрсэн байна.
Уг вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шуурхай хариу арга хэмжээ авах болно гэж мужийн захирагч Шинго Мимүра хэлээд, худалдааны захуудаар зарж буй тахианы мах аюулгүй болохыг хэрэглэгчдэд батлан хэлжээ.
 
Мөн тус улсын Ниигата мужийн нэгэн аж ахуйн үхсэн тахианаас авсан дээжнээс “Эйч5” вирус илэрсэн байна. Тус мужийн албаны хүмүүс 310 мянган тахиаг устгахаар болж, 10 км-ийн тойрог доторх фермүүдээс тахиа болон өндгийг гадагш тээвэрлэхийг хориглоод байна.
Японы Хөдөө аж ахуйн яам тус хоёр муж руу шинжээчдийн баг илгээхээр шийдвэрлэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж:Монцамэ агентлаг