Монголын нийслэлд “Абсолют”-ын сүлжээ нээсэн нь Монголоос Буриадыг чиглэсэн жуулчдын урсгалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
 
        Улаанбаатарт ОХУ-ын Буриадын “Абсолют” сүлжээ дэлгүүрийн нээлт “Хүннү Молл” худалдааны төвд хоёрдугаар сарын 10-нд болов.
 
Ажиглагчид Монголын нийслэлд “Абсолют”-ын сүлжээ нээсэн нь Монголоос Буриадыг чиглэсэн жуулчдын урсгалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Монголчууд Улаан-Үд рүү худалдан авалт хийхээр явж, тэндхийн “Абсолют”-аас барааг хайрцаг хайрцгаар авдаг нь нууц биш. 2016 оны хоёрдугаар сард Монголын Цагаан сар, Буриадын Сагаалганы баярын өмнө хамгийн их худалдан авалт хийсэн аж.
 
Оросын Хиагтын районы эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Владимор Мохун ч энэ болгоомжлолтой санал нэг байна. Тэрбээр “Одоохондоо бид бүрэн дүн шинжилгээ хийгээгүй. Гэхдээ Монголоос ирэх худалдан авагчдын урсгалд нөлөөлөх нь тодорхой. Монголын олон аймгаас хүмүүс ирдэг. Хэрэв тус худалдааны төв Улаанбаатарт боломжийн үнээр боломжийн бараа борлуулж эхэлбэл монголчууд наашаа ирэх шаардлагагүй болж худалдан авалт хийхийн тулд хилээр нэвтрэгчдийн тоо багасана. Хэр зэрэг багасах нь ойрын гурван сард харагдана” гэж «Байкал-Daily» сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
 
Түүнчлэн Мохуны ярьснаар худалдан авагчдын урсгал багасвал хиагтынхан зарим ажлын байраа алдана. Гэхдээ “Абсолют” сүлжээ нь Улаан-Үдэд бүртгэлтэй, хувь хүний орлогын албан татвараа Буриадад төлдөг аж.
 
“Абсолют” групп нь Улаан-Үдийн Хотын зөвлөлийн хамгийн баян гишүүн, бизнесмэн Индира Шагдаровагийн эзэмшилд байдаг. Анхны дэлгүүрээ 2006 онд нээсэн. Одоогоор сүлжээ дэлгүүрийн тоо зөвхөн Буриадад л гэхэд 20 орчим. Гэхдээ Монополийн эсрэг хуультай холбоотойгоор үүнээс олон дэлгүүр нээх боломжгүй болсон байна. Түүнээс гадна Эрхүү, Өвөр Байгальд дэлгүүртэй аж.
 
Эх сурвалж: Mongolian Economy/Г.Даваадорж