sonin.mn
БЭЭЖИН. /Reuters/. Хятад улс өчигдөр засгийн газартаа халаа сэлгээ хийсэн тухай тус улсын хууль тогтоох дээд байгууллага мэдэгдлээ.
 
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо Си Зиньпинтэй нэлээд ойр харилцаатай гурван хүнийг сайдаар томилсон байна.
 
Тус улсын макро эдийн засгийн бодлогыг тодорхойлдог Үндэсний хөгжил ба шинэчлэлийн комиссын дэд захирал Хө Лифөнийг тус комиссын захирлаар томилжээ.
 
Жон Шаныг худалдааны сайдаар томилсон байна. Тэрбээр өмнө тус яамны дэд тэргүүн байсан юм.
 
Энэ хоёр хүний аль аль нь Фузянь болон Жөзян мужийн захиргаанд нөлөө бүхий албан тушаал хашиж байхаас нь эхлээд Хятад улсын дарга Сигийн удирдлага дор ажиллаж байгаа хүмүүс аж.
 
Мөн Коммунист намын авлигатай тэмцэх агентлагт дээд түвшний албан тушаал хашиж байсан Жан Жуныг Хууль зүйн сайдаар томилжээ. Си авлигатай тэмцэх кампанит ажлыг санаачилсан билээ.
 
Өнгөрсөн сард, Сигийн ойрын туслахууд Бээжин болон Шанхай хотын даргаар сонгогдсон юм.
 
Си Зиньпин эрх мэдэл, нөлөөгөө бэхжүүлэн бататгахын тулд өөрийн хүмүүсээ өндөр дээд албан тушаалуудад томилж байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ оны сүүлчээр болох Коммунист намын их хурлын үеэр тус намын удирдлагын түвшинд томоохон халаа сэлгээ хийгдэх төлөвтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг