sonin.mn
СИУ. /Би-Би-Си/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр АНУ-ын Айова муж улс нэгэн өрхийн зөгийн аж ахуйг нураасан хэргээр өсвөр насны хоёр хүүг баривчилжээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, 12 ба 13 настай хоёр хүү тус муж улсын Сиу хотын “Wild Hill Honey” зөгийн аж ахуй дахь зөгийн 50 үүрийг эвдэж сүйтгэснээр хагас сая зөгий хөлдөж үхсэн байна.
Зөгийн аж ахуйн эзэн ярихдаа “Бидэнд 60 мянган долларын хохирол учирсан. Тэд бүх зөгийн үүрийг эвдэж сүйтгэн зөгийнүүдийг хөлдөж үхэхэд хүргэсэн. Бид даатгуулаагүй байсан. Энэ хоёр хүүхэд бидний бизнесийг бүрэн нурааж орхилоо” гэжээ.
Гэхдээ энэ хэргийн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнүүдээр тарснаар хүмүүс 30 мянган долларын хандив цуглуулан “Wild Hill Honey” зөгийн аж ахуйн эзэнд өгсөн байна. Тус аж ахуйн эзэн энэ хавраас бизнесээ дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг