sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. /Ройтерс/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласантай холбоотойгоор палестинчууд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа энэ үед АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Израильд айлчилж байна.
М.Пенсийн нисэх онгоц ням гарагт буюу өчигдөр Тель-Авив хотын нисэх онгоцны буудалд газарджээ. Тэрбээр өнөөдөр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзаж, парламентад нь үг хэлэх аж.
Д.Трампын Иерусалимын талаарх шийдвэр болон Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх төлөвлөгөөний талаар М.Пенс юу гэж хэлэх нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.
М.Пенсийн айлчлалыг эсэргүүцэн томоохон жагсаал хийхийг Палестины холбогдох албаны хүмүүс ар иргэддээ уриалж байгаа аж.  Эсэргүүцлийн жагсаалын үеэр Израилийн цэргүүд болон палестинтчуудын хооронд мөргөлдөөн дэгдэж болзошгүй гэж ажиглагчид эмээж байна.
Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг юм. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг юм.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг