БРЮССЕЛЬ. /Ройтерс/. Цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан Пхеньянд шахалт үзүүлэх арга хэмжээний хүрээнд Умард Солонгосын 17 иргэнийг Европын Холбоо хориг арга хэмжээний жагсаалтад нэмжээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо ЕХ-ны гишүүн улс орнуудын гадаад харилцааны сайд нар уулзах үеэрээ Умард Солонгосын 17 иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтад нэмэх шийдвэрийг гаргасан байна.
НҮБ-ын тогтоолуудыг зөрчин хууль бусаар худалдаа хийсэн гэх үндэслэлээр дээрх 17 хүний хөрөнгийг битүүмжилж, ЕХ-ны гишүүн улс орнууд руу нэвтрэх эрхийг нь хассан байна.
Ингэснээр ЕХ-ны хориг арга хэмжээнд өртсөн умард солонгосчуудын тоо 58 боллоо. ЕХ мөн тус улсын 10 аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: " Монцамэ агентлаг"