sonin.mn
ОХУ-ын зүгээс Ерөнхийлөгч В.Путиний Австрийн ORF телевизэд өгсөн ярилцлагыг Кремлийн албан ёсны сайтад нийтэлжээ.Кремлийн тэргүүний Венад хийх айлчлалынхаа өмнө өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
 
-Европын холбооны зүгээс Москвагийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатган, "Скрипалийн хэрэг" нэрийн дор танай улсын дипломатуудыг олноор нутаг буцаасан ч хоёр улс найрсаг харилцаагаа хэвээр хадгалж үлдсэн. Та ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоныхоо дараа Австри улсад айлчлах гэж байна. Таны айлчлалын зорилгоос ярилцлагаа эхэлье?
 
-Хэрвээ Европын орнууд манай улстай Австри шиг хүндэтгэлтэй харилцсан бол улс төрийн нөхцөл байдал дордохгүй байлаа. ОХУ Австритай улс төр, эдийн засгийн хувьд эртнээс найрсаг харилцаатай. Австри Европ дахь бидний найдвартай түнш юм.
Өнгөрсөн онд Австритай хийсэн худалдааны хэмжээ 40 хувиар өссөнийг дурдахад таатай байна. Австри улсын төвийг сахисан байр суурийг би хүндэтгэдэг бөгөөд ОХУ энэ статусын батлан даагчийн нэг юм. Бид Бүгд Найрамдах Австри улстай эрчим хүчний салбараас гадна нисэх онгоцны үйлдвэр, нисэхийн аюулгүй байдал, усан цахилгаан станц зэрэг салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна.
ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Австрид хийх хөрөнгө оруулалтыг багтаасан. Баумгартенд хамтран хэрэгжүүлсэн төслийн ачаар Австри улс Европт хамгийн том хийн баазтай болсон. Бидэнд нийтлэг ашиг сонирхол олон бий. Энэ удаагийн айлчлалаар ойрын хугацаанд товлосон олон төслийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
-Нэгдсэн Орос нам 2016 онд Австрийн Чөлөөт намтай түншлэлийн гэрээ байгуулсан. Яагаад энэ улс төрийн хүчнийг сонгосон юм бэ?
 
-ОХУ-ын Засгийн газар Австритай сайн харилцаатай байдаг нь намын хэлхээ холбоотой хамааралгүй. Би Нэгдсэн Орос намын үүсгэн байгуулагчийн нэг байсан. Харин одоо ОХУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байна. Тиймээс намын үйл ажиллагаатай хамааралгүй ажилладаг.
 
-Та Д.Медведевийн удирдаж буй Нэгдсэн Орос намын даргаар олон жил ажилласан. Ажиглагчид "Нэгдсэн Орос намаар дамжуулан ОХУ-ын эрх баригчид үндсэрхэг улс төрийн хүчнийг бий болгож, Европын холбоог хуваахыг хүсдэг" гэж үздэг. Энэ шүүмжлэлиин талаар та юу хэлэх вэ?
 
-Та энэ асуултаа намын дотоод хэргийг ерөнхийлөн захирдаг Ерөнхий сайд Д.Медведевээс асуу. Энэ улс төрийн хүчнийг үүсгэн байгуулагчийн хувиар хэлэхэд Нэгдсэн Орос нам болон манай улсад Европын холбоог бугарган хуваах зорилго байхгүй. Орос улсын Европын холбоотой хийсэн худалдааны нийт хэмжээ 250 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тийм байхад бидэнд уналт хэрэгтэй гэж үү. Бид Европын холбоотой харилцаагаа сайжруулах бүх л нөөц бололцоог эрэлхийлж байна.
 
-Барууны орнууд АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцож, хакерын ажиллагаа явуулсан гэж ОХУ-ыг буруутгасан. Энэ хэрэгт холбоотой Евгений Пригожин тэргүүтэй 12 хакер Вашингтонд мэдүүлэг өгч байгаа. Пригожиныг таны тогооч байсан гэх мэдээлэл ч бий. Жил гаруй хугацаа өнгөрөөд байхад яагаад энэ асуудлыг шийдвэрлэхгүй цаг алдаад байгаа юм бол?
 
-ОХУ-ын Засгийн газар энэ хэрэгтэй ямар ч холбоогүй. Пригожины талаар мэдээлэл авах хэрэгтэй бол Петербург, Москва дахь нөхдөөс нь асуу. АНУ-д Сорос гэж бүх дэлхийн үйл хэрэгт оролцдог нөхөр бий. Сорос евро болон Еюропын орнуудын валютыг сэгсрэхийг хүсч байгаа талаар шинжээчдийн хүрээнд яригдаад эхэллээ. Төрийн департамент энэ талаар яагаад шалгахгүй байгаа юм бэ. Магадгүй АНУ-ын эрх баригчид "Төрийн департамент энэ асуудалтай холбоогүй. Энэ бол Соросын хувийн хэрэг" хэмээн хариулах биз. Үнэндээ ноён Пригожины хувийн асуудал бидэнд хамаагүй. Миний бодлоор, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан "хакерын" гэж тодорхойлсон хэрэг бол АНУ-ын дотоод цочмог улс төрийн тэмцлийн үр дүн юм. Би Ерөнхийлөгч Д.Трамптай утсаар байнга ярьдаг. Хамтын ажиллагаа сайн ажиллаж байгаа нь манай гадаад бодлогын хэлтсийнхний гавьяа. Цагаан ордны тэргүүнтэй уулзах эсэх нь АНУ-ын дотоод улс төрийн байр сууринаас хамаардаг. Сүүлд утсаар ярихад Дональд Трамп шинэ боломжит зэвсгийн төлөөх өрсөлдөөнд санаа зовниж байгаагаа хэлсэн. Би түүнтэй санал нэг байна.
 
-Умард Солонгост үүссэн нөхцөл байдлын талаар олон улс санаа зовниж байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд айлчиллаа. АНУ, Умард Солонгос хоорондын цөмийн дайн дэгдэж магадгүй гэж та эмээдэг үү?
 
-Энэ сэдвийг бодохоос ч аймшигтай санагддаг. Учир нь Умард Солонгос бол манай хөрш улс. Хэдхэн хоногийн өмнө устгасан Умард Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын талбай манай улсын хилээс 190 километрийн зайд оршдог. Тиймээс Умард Солонгосын цөмийн хөтөлбөр бидний хувьд барууны улсуудаас ч илүү чухал сэдэв. Солонгосын хойгт энхтайвныг авчрахын тулд бид бүгдийг хийх болно. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын. уулзалтад ихээхэн найдлага тавьж байна. Энэ уулзалт Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох үндсэн замналын эхлэл юм. Бидний зүгээс энэ түүхэн үйл явдалд хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Бид Хойд Солонгос улсын Засгийн газартай үргэлж Холбоотой байдаг бөгөөд эдийн засгийн салбарт гурван талт хамтарсан төслүүдийг санал болгодог. Үүний дагуу БНХАУ-тай дэд бүтэц, Өмнөд Солонгос улстай төмөр зам, хий дамжуулах хоолой, эрчим хүчний салбарт ажил, гурван талт төсөл санаачилсан. Дашрамд хэлэхэд, Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
 
-Оросын эрх баригчдын хувьд Украины асуудал ноцтой сэдэв. "МН-17" дугаартай нислэг Украинд 2014 онд осолдож 290 хүн амь үрэгдсэн. Олон улсын нислэгийг удирдах төвөөс "МН-17" нислэгийг ОХУ-ын арми пуужингийн системээр буудан унагаасан тухай хэд хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Та энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
 
- Донбассын мөргөлдөөнд оролцогч Украины арми болон босогчид хуучин ЗХУ, ОХУ-д үйлдвэрлэсэн зэвсэг техникийг ашигладаг. Тиймээс үүнд ОХУ- ыг буруутгах нь өрөөсгөл юм. Түүнчлэн Оросын шинжээчдэд мөрдөн байцаах эрх олгоогүй шалгалтын комисс ч биднийг сонсохыг хүсэхгүй байна. Харин мөрдөн байцаалтын үр дүнг сонирхож байгаа Украины тал энэ хэргийг мөрдөн шалгадаг. Ослоор амь эрсэдсэн олон зуун хүн, тэдний эр гэрт би дахин гүн эмгэнэл илэрхийлье. Олон улсын шалгалтын комисс хэргийг нэн зөв шалгахыг хүсч байна.
 
-Крымийн хойгийг Украинд эргүүлэн өгөх боломж хэзээ нэгэн цагт бүрдэх үү?
 
-Тийм нөхцөл бүрдэхгүй л болов уу.
 
-Чечень, Дагестан, Ингушетийн ард түмэн санал асуулга явуулж, ОХУ-аас тусгаарлах эсвэл өөрийн нутаг дэвсгэр дээр Исламын шашинт улсыг байгуулах боломжтой юу?
 
-Хар тэнгисээс Каспийн тэнгис хүртэлх Оросын нутаг дэвсгэр дээр Исламын улсыг байгуулах боломжтой гэж би бодохгүй байна. Чечений ард түмэн Оросын Холбооны улстай хийсэн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ нь эцсийн эцэст Чечений ард түмний шийдвэр байсан юм. Бид тэдний шийдвэрийг хүндэтгэдэг.
 
-Сирийн тухай асуумаар байна. Башар Асадын тал химийн зэвсэг хэрэглэсэн гэж ажиглагчид шүүмжилсэн. Ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэдэг дэглэмийг та яагаад хамгаалж байгаа юм бэ?
 
-Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан гэх барууны дүгнэлтийн талаар манай шинжээчид өөр тайлбар өгсөн. Сирийн цэргүүд Дума хотыг чөлөөлсөн. Бид химийн зэвсгийг ашиглах үед оролцсон хүмүүсийг олж мэдсэн. Мөрдөн шалгалт хараахан дуусаагүй байна.
 
-2012 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр та 2020 он гэхэд ОХУ-ын иргэдийн амьдралын төвшинг дээшлүүлэх болно гэж амласан. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн өсөлт харьцангуй сул байж оросуудын амьдралын төвшин төдийлөн сайжирсангүй. Та улс орноо хөгжүүлэхдээ гадаад бодлогын сорилтуудтай хэр нүүр тулав?
 
-2012 оноос хойш Орос улс эдийн засагт маш хүнд сорилтуудтай тулгарсан нь гаднын хориг арга хэмжээнүүд, хар жагсаалттай холбоотой. Энэ нь манай уламжпалт экспортын бүтээгдэхүүний үнийг ноцтой бууруулж байгаатай холбоотой юм. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого буурсан. Гэхдээ бид Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумыг амжилттай зохион байгуулж улсынхаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх болно. Өсөн нэмэгдэж буй гадаад валютын нөөц, эдийн засгийн тогтвортой өсөлтийг тооцоолох хэрэгтэй. Гадаадын  шууд хөрөнгө оруулалт бараг хоёр дахин нэмэгдсэнийг онцлох хэрэгтэй. Бид эдийн засгаа хөгжүүлэх дараагийн үе шатанд маш сайн нөхцөлийг бий болгохыг зорьж байна.
 
-Та 18 жил ОХУ-ыг удирдаж байна. Зарим хүн таныг ардчиллыг боомилж, эрх мэдлийг дангаар эзэмшин хаан шиг аашилж байна гэж шүүмжлэх юм. Энэ үнэн үү?
 
-Манай улс ардчилсан орон бөгөөд бүх хүн Үндсэн хуульд захирагддаг. Сонгогчдын 70 хувь нь сонгуульд оролцсон нь ОХУ-ын нийт иргэдийн бараг тэн хагас юм. Ер нь, сонгуулийн үр дүнгийн талаар олон улсын байгууллагын ажиглагчид ямар нэгэн ноцтой зүйл дурдаагүй. Тиймээс ОХУ-д ардчилал тогтсон гэж би эргэлзээгүй хэлнэ.
 
-Гэхдээ ОХУ-ын сөрөг хүчний хамгийн алдартай төлөөлөгч А.Навальныйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй болгосон. Та түүний нэрийг тэр бүр дурддаггүй. Яагаад?
 
-Манай улсад Америк шиг улс төрийн хөдөлгөөн өрнөдөг. АНУ-д "Occupy Wall Street" хөдөлгөөн өрнөснийг санаж байна. Тэд яагаад одоо чимээгүй болов. Европын орнуудад ч мөн Засгийн газраа, Ерөнхийлөгчөө шүүмжилсэн хөдөлгөөн, иргэний жагсаал гардаг шүү дээ. Тэр бүхэнд гаднын орнууд улс төрийн тоглолт хийх нь зохимжгүй хэрэг.
 
-Хятад улсын дарга Ши Жиньпин бүх насаараа улс орноо удирдах эрхээ баталгаажуулсан. Үүнтэй адил зүйл Орост тохиолдох уу?
 
-Би энэ талаар таамаглал дэвшүүлэхгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдлээс давсан асуулт байна. Ерөнхийлөгчийн эрх, үүрэгт ч ийм заалт байхгүй. 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин