sonin.mn
НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Энэтхэг улсын Сансрын судалгааны байгууллага болох ISRO ойрын 16 сарын хугацаанд 31 удаа сансрын хөлөг хөөргөхөөр /сард 2 удаа/ төлөвлөж байна. Энэ тухай ISRO-гийн захирал Кайласавадиву Сиван мэдэгджээ.
“Манай агентлаг маш шахуу график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Ирэх 5 сарын хугацаанд 9 хөөргөлт, 2019 оны 2-12 сард 22 хөөргөлт хийхээр төлөвлөсөн. Ингэснээр сард 2 удаа сансрын хөлөг хөөргөнө” гэж тэрбээр ярилаа.
Түүний хэлснээр, ойрын 36 сарын хугацаанд нийт 50 орчим хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар төлөвлөжээ. Тэдгээрийн дотор гадаадын орнуудын хиймэл дагуулууд ч байна. Тухайлбал, Энэтхэгийн PSLV зөөгч пуужингаар Их Британийн хоёр хиймэл дагуулыг тойрог замд оруулах аж. 
Энэтхэг улс 1947 онд тусгаар тогтнолоо зарласан даруйдаа сансрын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоо ISRO агентлаг сансрын тоног төхөөрөмж, сансрын нисгэгчийн хувцсыг зохион бүтээж, тэдэнд зориулсан тусгай хоолыг хийж байгаа юм. Түүнчлэн жолоодлогот сансрын хөлөг зохион бүтээх талаар идэвхтэй ажиллаж байна.
 
 
Э.Аянзаяа  
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг