sonin.mn
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ
 
НЭГ: ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭВ ЗАГВАР
 
Дэлхий даяар 1990 оны эхэнд өрнөсөн ардчиллын гурав дахь давалгааны хаялага дор социалист тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх түүхэн захиалгаар  Монголын ард түмэн бид 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталсан билээ.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь БНМАУ-ын  1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиар хориглосон, хязгаарласан хүний эрхийг сэргээн тунхаглаж, төвлөрсөн нэг намын ноёрхлыг халж, улс төрийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг баримталсан зэрэг дэвшилтэд, түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм.
Гэвч өнөөдөр судлаачдын дунд Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй, үндсэн хуулийн нөөц бололцоо шавхагдаагүй гэсэн үзэл бодолтой нэг хэсэг байхад, “нийгэм-эдийн засгийн хямрал нь үндсэн хуулийн оновчтой бус зарим зохицуулалтаас үүдэлтэй учир даруй засах, сайжруулах нь зөв гэх байр суурь”  бүхий судлаачид  байна.
Иймээс 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх үндэслэл байгаа эсэх, хэрэв нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай бол чухам аль хэсэгт өөрчлөлт хийх вэ? гэдэг улс орны хойч ирээдүйд үлэмж үр дагавар бүхий асуултад сэтгэл хөдлөлөөр  биш, зөвхөн шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан төвч байр сууринаас нийгэм-соёлын, хүний эрхийн, төрийн байгуулалтын гэсэн гурван бүлгийг тус тусад  задлан шинжилж, судалгааны үр дүнд тулгуурлан хариулах зорилго тавин энэхүү өгүүллийг бичиж байна.
Үндсэн хууль нь түүхэн хөгжлийн явцад тухайн ард түмний нийтлэг үнэт зүйл-зорилгыг тусгасан  (1) нийгэм-соёлын,  (2) хүний эрх, эрх чөлөөний, (3) төрийн байгуулалтын гэсэн 3-н үндсэн агуулгыг нэгтгэсэн "нийгэм - улс төр - эрх зүйн"  суурь эх сурвалж болсон байна.
 
Зураг 1: Үндсэн хуулийн бүтэц
 
Нийгэм-соёл, эрх,эрх чөлөө, төрийн байгуулалтын дээрх гурван бүтцийг харьцуулан судалсан эрдэмтэд Үндсэн хуулийг Либерал (процедурын), Хөтөлбөр (нийгмийн), Түгээмэл үзэл баримтлал давамгайлсан үндсэн хууль гэж гурав ангилдаг . 
Үндсэн хуулийн "Либерал" үзэл баримтлал нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тухай чиг хандлага бөгөөд хүний эрх чөлөөг хамгаалахын тулд төрийн эрх мэдлийг хязгаарлах тухай номлол юм.
Либерал үзэл баримтлалтай үндсэн хууль нь хувь хүний эрх чөлөө - индивидуализмд суурилдаг учир Англи-Саксоны эрх зүйн тогтолцоотой орнуудад нийтлэг тохиолдог.
Харин Үндсэн хуулийн "Хөтөлбөр" үзэл баримтлал нь хувийн эрх чөлөөг нийтийн эрх ашгаар эсвэл улс төрийн үзэл суртлаар хязгаарлаж, нийтийн нэрийн өмнөөс төрийн эрх ашгийг тэргүүнд эрэмбэлдэг тул социалист тогтолцоо, эсвэл тоталитар дэглэм бүхий орнуудад ихэнхдээ тохиолдог. 
Үндсэн хуулийн "Түгээмэл" үзэл баримтлал нь либерал болон хөтөлбөр үндсэн хуулийн аль алины шинжийг хадгалсан дундын хувилбарууд бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хууль-тогтоомжийг өөрийн үндсэн хуулийн дээд эх сурвалж хэмээн үздэг байна.
1950-1970-аад оны хооронд колоничлолоос чөлөөлөгдсөн орнууд, мөн 1990 оны эхэнд ардчилалд шилжсэн пост-социалист орнууд  энэхүү загварыг сонгосон байдаг.
Монгол оронд үндсэн хуульт ёс дэлгэрсэн 100 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмэн дөрвөн Үндсэн хуулийн дор амьдарч ирсэн түүхтэй.
Иймээс Үндсэн хуулийн ач холбогдлыг тодруулах зорилгоор БНМАУ-ын  1924, 1940, 1960 оны үндсэн хуулиудын тухай товч авч үзье.
 
БНМАУ-ын  1924, 1940, 1960 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭВ ЗАГВАР
 
Монгол улсын гавьяат хуульч, доктор, профессор Б. Чимид Монгол улсын Үндсэн хуулийн түүхийг судалж үзээд (1) Социалист маягийн үндсэн хууль, (2) Ардчилсан маягийн үндсэн хуулийн үе гэж хоёр  хуваан авч үзсэн байдаг. 
БНМАУ-ын  1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь  Эв хамтын - социалист  нийгэм журам байгуулах, түүний бүрэн ялалтыг хангах гэсэн хөтөлбөр шинж давамгайлсан нийтлэг агуулгатай болохыг эдгээр үндсэн хуулиудын оршил хэсгээс шинжлэн судалж болно.
1924 оны анхдугаар Үндсэн хуулийн хөтөлбөр хэсэгт тус улсын ирээдүйн 20 жилийн зорилгыг дараах байдлаар томьёолж байжээ:
хоёрдугаар зүйл. "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийцүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ."
14. "Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр нь устгаж, нийгэм журамт ба эв хамт ёс журмыг эрмэлзэх..." 
1924 оны анхдугаар Үндсэн хууль нь анх удаа Монгол оронд төр-шашныг зааглаж, хэмжээгүй эрхт хаант засаглалаас бүгд найрамдах засаглалд шилжсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл санаа агуулсан зэрэг  дэвшилтэд үзэл баримтлалтай хэдий боловч  ард түмнээ гарал угсаа, яс үндэс, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан " ...улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийцүүлж" "... нийгэм журамт ба эв хамт ёс журмыг эрмэлзэх" зэрэг зорилго тунхагласнаас үзэхэд энэхүү үндсэн хуулийн эх сурвалж нь 20 дугаар зуунд дэлхийг социалист, капиталист лагерьд хуваасан коммунист үзэл номлол байжээ.
Монгол оронд 1921-1940 оны хоорондох өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт нь ямар нэг зүүн барууны нугалаа, алдаа завхрал, тагнуул туршуул, урвагчийг илчлэх хэрэг гэхээс илүүтэй коммунист үзэл номлолын дагуу 1924 оны Үндсэн хуулиар баталсан дээрх хөтөлбөрөө шат дараатай хэрэгжүүлсэн төлөвлөгөөт үйл ажиллагаа байжээ гэж дүгнэх эрх зүйн үндэслэл байна. 
Энэ тухай хожим тайлан, илтгэлд дурдахдаа "1925 онд хувийн аж ахуйтан ардууд 87 хувь, феодал болон бусад давхарга 13 хувь байсан бол эдүгээ манай орны хүн амын 58 хувийг ажилчин, албан хаагчид, 42 хувийг хоршоолсон ард эзлэх болов."  хэмээн дүгнэж байжээ.
1940 он гэхэд "жинхэнэ ард" гэсэн ангилалд багтах эрхгүй 36,0 мянган хүнийг хэлмэгдүүлэн буудан алах, хорих ялаар шийтгэснээр  1924 оны Үндсэн хуулийн "Улс төрийн хүрээний зорилт" биелсэн байна. 
Энэхүү 1924 оны Үндсэн хуулийн дээрх зорилт бүрэн биелсэн болохыг 1940 оны үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 1 дүгээр зүйлд: 
"Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол эзэрхэг түрэмгий ба феодлын дарлалыг устгасан /малчин, ажилчин, сэхээтэн/ хөдөлмөрчдийн тусгаар тогтносон бөгөөд цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн."  хэмээн тунхагласнаас тодорхой харагдаж байна.
БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуулиар цаашдын хөгжлийн хөтөлбөрөө төлөвлөхдөө "цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн."  хэмээн тодорхойлжээ.
"Тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч" гэсэн дээрх зорилт нь 1959 он гэхэд нийт 24 сая малын сүргийн 17 сая буюу 74 орчим хувийг улс даяар 289 нэгдэлд нийгэмчлэн, хувийн өмчийг устгаснаар хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх хөтөлбөр амьдралд хэрэгжсэн байна.
Ийнхүү хувийн өмчийг нийгэмчлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд цохон тэмдэглэсэн "Эдийн засгийн хүрээний зорилт" бүрэн биелсэн гэж үзэж болно.
Энэ тухай 1960 оны үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн  "Төрийн эдийн засгийн үндсэн зарчим ба үүрэг" гэсэн  наймдугаар зүйлд: 
"Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийн үндэс бол хөдөлмөрчид олон жил шаргуу тэмцэн, үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх журмыг халж хүн хүнээ мөлжих ёсыг устгасны үрээр тогтсон социалист системийн аж ахуй үйлдвэрлэлийн хэрэгслийн нийтээрээ өмчлөх социалист өмч мөн." хэмээн бататган өгүүлжээ.
1960 онд нам, засгаас өнгөрсөн 20 жилийн ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн, ирээдүйн хөгжлийн урт хугацааны хөтөлбөр боловсруулсан байдаг.
БНМАУ-ын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг 1960 оны Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд: 
"Социалист төр нь нийгмийн социалист өмчийг хамгаалж бэхжүүлэх, аж ахуйн соёлын байгуулалтад нийгмийн бүх гишүүдийг идэвхтэй оролцуулах, хөдөлмөрийн социалист сахилгыг бүх аргаар бэхжүүлэх, улс орныг империалист түрэмгийллээс батлан хамгаалах явдлыг зохион байгуулна." гэж тусгажээ.
БНМАУ-ын 1960-аас 1990 оны хөгжлийн үе бол нэг талаас  1960 оны Үндсэн хуульд заасан "социалист ухамсар-сахилга" бүхий иргэдийг төлөвшүүлэх, нөгөө талаас социализмын материал-техникийн бааз байгуулах гэсэн тав, таван жилээр төлөвлөсөн нийгэм-эдийн засгийн бодлогууд шат дараалалтай хэрэгжсэн түүхэн цаг үе юм.
Энэ тухай 1958 оны МАХН-ын гурав дахь программд "тус орны эдийн засагт байгаа феодализмын үлдэгдлийг бүрмөсөн устгахад, хүн ардын мэдрэлд байгаа феодализмын үлдэгдэлтэй тэмцэж, улмаар нийгэм журамд орох явдлыг бэлтгэхийн тулд тус орныг капиталын ёсны биш замаар хөгжүүлэх явдлыг хангах"  хэмээн тодорхойлж байжээ.
1960-аас 1990 оны хооронд хэрэгжүүлсэн нийгэм-эдийн засгийн бодлогуудын үр дүнд соёл-урлаг, боловсрол-мэргэжил, эрүүл мэнд, эдийн засгийн  салбарт хүрсэн амжилт-бүтээл нь 1990 оноос хойших Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн бааз-суурь болсон юм.
Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд тусгагдсан  "Нийгэм-Соёлын хүрээний" зорилтууд багагүй үр дүнд хүрсэн ажээ.
БНМАУ-ын  1924, 1940, 1960 оны эдгээр үндсэн хуулиуд хүний эрхийн тухайд хүнийг "гарал угсаа, яс үндэс, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор" нь ялгаварлан,  дан ганц социалист Марксист-Ленинист үзэл онол, ухамсар, зөвхөн ажилчин, малчин, сэхээтэн гэсэн нийгмийн давхаргыг хүлээн зөвшөөрдөг нийтлэг талтай байлаа.
Мөн төрийн байгуулалтын хувьд төрийн эрх мэдлийг эрх мэдэл хуваарилах зарчмаар биш, улс төрийн нэг намын удирдлагад төрийн эрх мэдлийг төвлөрүүлсэн, тоталитар (дарангуй) тогтолцооны эрх зүйн эх сурвалж болж байсны хувьд БНМАУ-ын Үндсэн хуулиуд нь социалист маягийн Хөтөлбөр үндсэн хууль байжээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Эцэст нь, БНМАУ-ын  1924, 1940, 1960 оны социалист Үндсэн хуулиуд нь Италийн Флоренцийн Их сургуулийн профессор Ж. Сарторийн ангиллаар "хуурмаг үндсэн хуул" -ийн төрөлд хамаардаг боловч   Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийн бааз-суурь болсон түүхэн ач холбогдлыг үгүйсгэх эрхгүй билээ. 
 
МОНГОЛ УЛСЫН 1992  ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭВ ЗАГВАР
 
А. Монголын ард түмний нийгэм-соёлын  үнэт зүйл - зорилго
 
Аливаа улсын Үндсэн хууль бол тухайн ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, хамтран амьдрах гэрээ болохын хувьд нийтлэг үнэт зүйл-зорилгыг хамгийн эхэнд тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн оршил хэсэг нь тухайн ард түмэн ямар улс төр, эдийн засаг, нийгэм-соёл, хууль, ёс суртахууны үнэт зүйлийг эрхэмлэж байгааг тусгасан хөтөлбөр хэсэг юм.
Хөтөлбөр хэсэгт оршлоос гадна "Бүхэн эрхт байдал" хэмээх тухайн улсын онцлогийг  (identity) тодорхойлсон бүлгийг багтаан авч үздэг.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь :
"Монголын ард түмэн бид:
- улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна"  гэсэн оршил хэсгээр эхэлдэг.
Үндсэн хуулийн оршил бол тухайн үндсэн хуулийн хураангуй агуулга юм. 
Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй тусгаар улсын Үндсэн хуулийн 85 % гаруй хувьд оршил гэж үзэж болохоор агуулга бүхий хэсэг байна хэмээн судлаачид үздэг. 
Үндсэн хуулийн оршил болон бүрэн эрхт байдлын агуулгаар үндсэн хуулийн хэв загварыг тогтоодог.
Иймээс судлаачид Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлан дэлхийн улс орнуудыг (1) Либерал, (2) Хөтөлбөр, (3) Түгээмэл хандлага бүхий Үндсэн хуультай гэсэн гурван загварт хуваан авч үздэг. 
 
Хүснэгт 1: Үндсэн хуулийн хэв загвар
Либерал Түгээмэл Хөтөлбөр
 
 
АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор  Дэвид С. Лоо дэлхийн улс орнуудын үндсэн хуулийг харьцуулан судалж,  Либерал, Хөтөлбөр, Түгээмэл  гэсэн хандлагад хуваах нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг   програмчилж,  өгөгдлөө "хиймэл оюун"-ны тусламжтай боловсруулах арга ашигласан байна.
Профессор  Дэвид С. Лоогийн судалгааны ажлын үр дүнд Үндсэн хуулийн хандлага тус бүрийн дэлгэрэнгүй үнэлгээ гаргасан байна.
 
Хүснэгт 2: Үндсэн хуулийн Либерал хандлага 
 
 
Хүснэгт 4: Үндсэн хуулийн Түгээмэл хандлага
 
 
Улс орнуудын Үндсэн хуулийн хандлагыг тухайн орны Улс төрийн үзэл суртал, чиг баримжаатай харьцуулан судалж үзэхэд профессор  Дэвид С. Лоогийн судалгаатай маш төстэй үр дүн гарч байна.
Улс төрийн Либерал үзэл номлол Үндсэн хуулийн Либерал хандлагатай, Реалист үзэл номлол Хөтөлбөр хандлагатай, Конструктивист үзэл номлол Түгээмэл хандлагатай  тохирч байна.
Конструктивист үзэл номлол гэдэг нь мөн Үндсэн хуулийн түгээмэл хандлагатай адилхан Либерал болон Реалист үзэл номлолын давуу талуудын авч, утгачилбал нэгтгэж угсарсан гэдэг утга илэрхийлдэг аж.
Профессор Дэвид С. Лоо Монгол улсын 1992 оны үндсэн хуулийн агуулгыг судлаад, түгээмэл хандлагатай үндсэн хууль гэж дүгнэжээ. 
 
Хүснэгт 5: Монгол улсын Үндсэн хуулийн хандлага 
 
 
Дээрх харьцуулалтаас дүгнэхэд Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь либерал болон хөтөлбөр хандлагын дунджаас доогуур, харин түгээмэл хандлагын дунджаас дээгүүр оноо авчээ.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн оршилд " эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно." хэмээн заасан нь Үндсэн хуулийн "түгээмэл хандлага" буюу улс төрийн "Конструктивист" үзэл номлолын илэрхийлэл юм.
Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал ямар учраас түгээмэл хандлага гэсэн ангилалд орсныг тайлбарлахын тулд Үндсэн хуулийн дараах заалтуудыг иш татъя.
Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн Бүрэн эрхт байдлын нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлийн 1-д :
"Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.",
Тавдугаар зүйлийн 1-д: 
"Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.", Мөн  зүйлийн 2-т " Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална."... хэмээн улс төр- эдийн засгийн либерал зарчмуудыг тунхаглажээ.
Гэтэл тавдугаар зүйлийн 4-д: "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна."
Зургаадугаар зүйлийн 2-д: 
" Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн." ...
гэсэн заалтаас үзэхэд Монголын ард түмэн 1992 оны Үндсэн хуулиар төрийн зохицуулалттай, олон хэвшил бүхий эдийн засагтай орон байхаар тунхагласан нь дан ганц хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн "цэвэр либерал" болон зөвхөн төр-нийгмийн эрх ашгийг хамгаалсан "туйлширсан хөтөлбөр" үзэл баримтлал бүхий үндсэн хуулиас татгалзаж, харин энэ хоёр хэв загварын аль алины онцлогийг шингээсэн "түгээмэл" хандлагыг сонгожээ.
Үндсэн хуулийн "түгээмэл" загвар нь нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хууль-тогтоомжийг өөрийн үндсэн хуулийн дээд эх сурвалж хэмээн үздэг. 
Олон улсын хууль-тогтоомжийн тухай Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 1-д:
"Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна."
Мөн зүйлийн 3-д:
"Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." хэмээн тус тус заажээ.
Аливаа улс төрийн үзэл номлолын цаана эцэстээ өмчийн харилцааны асуудал яригддаг. 
Либерал Үндсэн хуультай улсад хувь хүний эдийн засгийн эрх чөлөө, тодорхой хэлбэл газар эзэмших өмчлөлийн эрх газрын гадаргуугаас гадна түүний хэвлийд буй баялаг мөн хамаардаг.
Эсрэгээрээ Хөтөлбөр Үндсэн хуультай буюу Реалист улс төрийн номлолтой улсад амины өмчөөс бусад нь төр, олон нийтийн өмч хэмээн үздэг.
 Харин Түгээмэл Үндсэн хуультай буюу Конструктивист улс төрийн номлолтой  оронд газрын гадаргуу л зөвхөн тухайн иргэний эзэмшил, өмчлөлд хамаараахаас биш, газрын хэвлий дор байгаа баялаг бол нийт ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. 
Мөн эдгээрийн хандлагуудын холимог  хувилбар цөөнгүй байна. Тухайлбал, БНХАУ бол Улс төрийн  Реалист үзэл номлол, Хөтөлбөр Үндсэн хуультай боловч эдийн засгийн хувьд Либерал бодлого баримталдаг орон юм.
Монгол улс 1990 оноос хойш Ардчилалд шилжсэн энэ хугацаанд улс төр, эдийн засгийн либерал бодлого баримталсан боловч либерал шинэчлэл өөрөө Монгол Улсын Үндсэн хуулиар хязгаарлагдаж байгаа юм.
Учир нь Монгол Улс бол нэг үндэстнээс бүрдсэн, суурин амьдрахын зэрэгцээ нүүдлийн соёл, уламжлалтай орон учраас газар эзэмших, ашиглах, өмчлөх болон бусад эрхийн асуудалд өвөрмөц холимог хандлага баримталж иржээ.
Монгол Улсын 1992 оны үндсэн хуулийн оршилд тунхагласан ”эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно“ хэмээх хөтөлбөр бодит амьдрал дээр биелэх эсэх нь төрийн байгуулалтын бүлэгт улс төрийн системийн шийдвэр гаргах институцийн чиг-үүргийн хуваарь, дэд системийн чиг-үүргийн чадамжаас шууд хамаарна. 
 
Б. Хүний эрх, эрх чөлөө
 
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний тухай бүлгийн үзэл баримтлал нь олон улсын эрх зүйн эх сурвалжид тулгуурласан байдаг. 
Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний тухай хоёр дугаар бүлгийг бичихдээ: Францын Үндэсний хурлаар 1789 оны 8 дугаар сарын 26-ны өдөр баталсан "Хүний ба Иргэний Эрхийн Тунхаглал", 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1942 оны 12 дугаар сарын 10-нд баталсан "Хүний эрхийн түгээмэл тунхаглал", 
1966 оны 12 дугаар сарын 19-д баталсан "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт", болон "Эдийн засаг нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт"-ыг эх сурвалж болгосон байдаг. 
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний тухай бүлгийг судалсан доктор Ч. Өнөрбаяр "Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага" бүтээлдээ дараах 4 зүйлийг цохон тэмдэглэсэн байна.
"Нэгдүгээрт,  хүний эрх, эрх чөлөөний бүлгийг төрийн байгуулалтын бүлгээс өмнө нь гаргаж, хүний эрх бол төрөлх, салшгүй зүйл, харин төрийн байгуулал нь түүнийг хүндэтгэж, хамгаалахын тулд ажилладаг гэдгийг хууль зүйн техникийн хувьд шийдэж чадсан."
"Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг хүлээн зөвшөөрч, тус хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д : Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцан, хэмээн төр засагт анх удаа үүрэг хүлээлгэсэн."
"Гуравдугаарт, онц байдал дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах тухай Үндсэн хуульт ёсны суурь зарчмыг хуульчлан тогтоож, амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, түүнчлэн эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас хамгаалагдсан байх үндсэн эрхүүдийг үл хөндөгдөх эрх болохыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан.
-"Дөрөвдүгээрт, төрөөс үндсэн эрхийг хязгаарлахад зайлшгүй баримтлах ёстой Үндсэн хуульт ёсны нэг шаардлага бол эрх зүйт ёсны үндсэн зарчмуудыг Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 24-д: өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах,.. эрхтэй, Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно,хэмээн бэхжүүлж өгсөн байна."
Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь БНМАУ-н 1924,1940,1960 оны үндсэн хуульд тунхаг шинжтэй байсан хүний эрх, эрх чөлөөг  "үндэс, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй" эдлэх хууль зүйн бололцоог бүрдүүлснээрээ өмнөх социалист-хөтөлбөр үндсэн хуулиудаас үзэл баримтлалын ялгаатай юм.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, баталгаажуулсан заалт  Үндсэн хуульд тунхагласнаар тухайн орон ардчилсан орон гэсэн үг биш юм.
Төрөөс хүний эрхийг хамгаалах үүрэг хүлээхээс илүү хүний эрх, эрх чөлөөний баталгаа бодиттой эсэхийн гол хэмжүүр бол тухайн нийгэмд шударга ёс тогтсон уу, үггүй юу гэдэг асуудал юм.
Тухайн нийгэмд эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс гэсэн ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхийн тулд Нэгд, төрийн эрх мэдлийг хуваарилах, Хоёрт, эрх мэдэл хооронд чиг үүргийн хяналт- тэнцвэр тогтоох нь нэн чухал юм.
1789 оны 8 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Францын "Хүний ба Иргэний Эрхийн Тунхаглал"-ын арван зургаадугаар зүйлд:
"Нийгэм нь тодорхой эрх мэдлийн хуваарилалтгүй, хүн эрхээ эдлэх нөхцөлийг үл хангасан бол үндсэн хуульгүй байна."  гэсэн үг хэмээн тунхаглажээ.
Энэхүү тунхаглалд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нөхцлийг хангахын тулд  үндсэн хуулийн төрийн байгуулалтын бүлэгт "төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим”-ыг баримтлан Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн институцийн эрх, үүргийг харилцан тэнцвэртэй, хяналт хязгаартай тогтоох шаардлага тавигдаг. 
Өөрөөр хэлбэл, төрийн байгуулалтын бүлэгт хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд төрийн тогтолцооны аль нэг институцид эрх мэдэл төвлөрөх гажуудлыг хязгаарлах, эрх мэдлийг тараах, хүч нөлөөг сулруулах арга зарчим хэрэгжүүлэх шаардлага урган гардаг.
Эсрэгээрээ, аливаа ард түмний улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын хүсэл зоригийн хөтөлбөр бодит амьдрал дээр биелэх эсэх нь төрийн байгуулалтын бүлэгт улс төрийн системийн шийдвэр гаргах институцийн чиг-үүргийн хуваарийг системийн зорилгод зангидах, дэд системийн чиг-үүргийн чадамжийн чанарыг сайжруулах зэрэг дотоод хүчин зүйлсээс хамаарна гэдгийг өмнө дурдсан.
Дээрх хос зорилтоос дүгнэхэд төрийн байгуулалтын бүлгийн ач холбогдол үлэмж бөгөөд  хэд хэдэн шинжлэх ухааны огтлолцол, чиглэлээс судлах, хэлэлцэх ёстой асуудал юм.
 
 
Үргэлжлэл бий...
Б.Өлзийбаяр