sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны байранд “Токио-1964 ба Токио-2020” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулна.
 
Монгол Улс, Олон улсын олимпын их хөдөлгөөнд нэгдэн орсноор 1964 оны өвөл, зуны олимпын наадмуудад анх удаагаа баг, тамирчдаа илгээн оролцуулж, олимпизмын үзэл санаанд нэгтсэн түүхийн алтан хуудсыг нээсэн юм. Өнгөрсөн 55 жилийн хугацаанд Монгол Улсын баг, тамирчид олимпын наадмаас 26 медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ. Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Зуны ХХХII  Олимпын наадам жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх гэж байна.
Хүн төрөлхтний соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэгт олимпизм, олимпын соёл, олимпын наадам ордог билээ. Дэлхий дахинаараа энх тайванч, харилцан найрсаг оршин тогтнож, ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагаа бэхжин хөгжих үйлст олимпизм, олимпын соёл, олимпын боловсрол ба биеийн тамир, спортын оруулж буй ач холбогдол, үүрэг, нөлөө өнөө үед улам бүр өсөн нэмэгдэж байна.
 
“Токио-1964” ба “Токио-2020” олимпын наадмууд нь Монгол Улсын хувьд түүхэн онцлох үйл явдал бөгөөд “Токио-1964” олимпын наадмаас хойшхи 55 жилийн түүхийг бид улам бүр тодотгон бэхжүүлж байх ёстой. Мөн “Токио-2020” олимпын наадамд улам бүр чамбай бэлтгэж, амжилт дүүрэн оролцох асуудал чухлаар тавигдаж байна.
МҮОХ, Монголын үндэсний олимпийн академиас Монгол Улсын баг, тамирчид олимпын наадамд анх оролцсоны 55 жилийн ойд зориулсан “Токио-1964 ба Токио-2020” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг