Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах, тэр дундаа өмнөд бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах төсөл дахин улс төрийн маргааны сэдэв болов.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Ц.Даваасүрэн нар уг төслийг шүүмжилж, аукционы нөхцөл, эх үүсвэрийн хүчин чадал болон өмнөд хөршийн эрчим хүчний системтэй холбогдох асуудлыг хөндөж байна.
Харин нөгөө талд энэ бол Оюутолгойн Хятадын цахилгаанаас хамаарах хамаарлыг бууруулж, Монгол Улсаас жил бүр гадагш урсаж буй валютыг дотооддоо үлдээх стратегийн төсөл гэсэн тайлбар бий. Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнөөдөр үндсэндээ БНХАУ-ын импортоос хамааралтай. Жил бүр их хэмжээний валют цахилгаан импортлоход зарцуулагдаж ирсэн нь зөвхөн эрчим хүчний бус, Монгол Улсын төлбөрийн тэнцэл, валютын нөөцтэй холбоотой асуудал юм.
Цахилгааны төлбөр нь Оюутолгойн үйл ажиллагааны зардалд ордог учраас Монголын талд ногдох эдийн засгийн өгөөжид ч шууд болон шууд бусаар нөлөөлнө. Тиймээс Оюутолгойг дотоодын эх үүсвэрээр хангана гэдэг нь нэг уурхайн цахилгааны асуудал төдий биш. Импортын эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэлээр орлуулах, валютын гадагшлах урсгалыг бууруулах, өмнөд бүсэд эрчим хүчний шинэ зах зээл бий болгох асуудал юм.
Төслийг эсэргүүцэгчдийн нэг гол шүүмжлэл нь аукционы мэдээлэл, тэр дундаа суурилагдсан хүчин чадлыг тодорхой зарлаагүй гэх асуудал.
Гэтэл аукционы зар Эрчим хүчний яамны цахим хуудсанд монгол, англи хэлээр нийтлэгдсэн. Салбарын удирдлагууд ч төслийн талаар олон нийтэд мэдээлж ирсэн. Тэгвэл олон нийтэд зарласан аукционыг “нууц” гэж нэрлэх үндэслэл юу вэ?
Аукцион гэдэг өөрөө өрсөлдөөнд суурилсан шалгаруулалт. Оролцогчид үнэ төдийгүй технологи, эх үүсвэрийн бүтэц, хуримтлуур, системийн найдвартай ажиллагааг хэрхэн шийдэх саналаараа өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл төрөөс “яг ийм хүчин чадалтай, яг ийм технологийн станц барь” гэж урьдчилан тулгах бус, шаардлагатай хэмжээний цахилгааныг тогтвортой, найдвартай, хамгийн өрсөлдөхүйц нөхцөлөөр хэн нийлүүлж чадах вэ гэдгийг шалгаруулах зарчим юм.
Энэ утгаараа “600 МВт-ын цахилгаан станц барих гэж байна” гэх мэтээр нэг тоо салгаж авч тайлбарлах нь аукционы үндсэн агуулгыг бүрэн илэрхийлэхгүй. Энд хамгийн чухал үзүүлэлт бол хэдэн мегаваттын станц барих тухай ганц тоо биш. Оюутолгойн шаардлагатай цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдвартай байдлаар хэн, ямар технологийн хослол, ямар үнээр нийлүүлж чадах вэ гэдэг нь өрсөлдөөний гол агуулга.
Яагаад найдвартай байдал ийм чухал вэ?
Оюутолгой бол газрын гүнд тасралтгүй ажиллагаа явуулдаг том уурхай. Цахилгаан тасрах нь зөвхөн үйлдвэрлэл зогсох асуудал биш бөгөөд уурхайн гүний ажиллагаа, агааржуулалт, өргөх төхөөрөмж болон ажилчдын аюулгүй байдалтай шууд холбогдоно.
Ийм объектод “нар гарвал цахилгаантай, наргүй бол цахилгаангүй” гэсэн энгийн сэргээгдэх эрчим хүчний загвар ажиллах боломжгүй. Нар, салхины эх үүсвэрийг хуримтлуур, системийн бусад эх үүсвэр болон шаардлагатай үед импортын цахилгаантай хослуулж байж тогтвортой нийлүүлэлт бий болно.
Монгол Улсын нар, салхины хамгийн их нөөцтэй бүсийн нэг нь говь. Нөгөө талд Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон хэрэглэгчид мөн өмнөд бүсэд төвлөрч байна.
Энэ хоёр давуу талыг холбох нь Монголын эрчим хүчний бодлогын логик дараагийн алхам. Дотооддоо сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд байгуулж, хуримтлууртай хослуулан уул уурхай, аж үйлдвэрийн хэрэглээг хангах боломжтой. Цаашлаад үйлдвэрлэл хэрэглээнээс давсан нөхцөлд өмнөд хөршийн том системтэй холбогдон цахилгаан экспортлох боломж ч нээгдэнэ.
Ийм системд Хятадын сүлжээтэй холбогдохыг дан ганц “Хятадын хараат байдал” гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Харин ч өнөөдрийн нэг чиглэлтэй импортын хамаарлыг дотоодын үйлдвэрлэл давамгайлсан, шаардлагатай үед импортолж, боломжтой үед экспортолдог хоёр чиглэлийн харилцаа болгон өөрчлөх тухай асуудал юм.
Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үедээ Багануурын цахилгаан станцын төслийг хүчин чадал илүүдэх эрсдэлтэй гэж үзэн гацааж байсан. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал, импортын хамаарлын асуудалтай хэвээр байна.
Тиймээс томоохон шинэ эх үүсвэр бүрийн өмнө “хэрэгтэй юу, хэрэггүй юу” гэсэн улс төрийн маргаан дахин давтагдах нь Монголын эрчим хүчний салбарт үнэхээр ашигтай юу гэдэг асуулт тавигдана.
М.Энхцэцэгийн хувьд ч эрчим хүчний салбарын тендер, түүний гэр бүлийн хамаарал бүхий компаниудын төрийн худалдан авалтад оролцсон асуудлыг тусад нь баримтаар тайлбарлах шаардлагатай.
Хэрэв салбарын бодлогыг шүүмжилж байгаа бол өөрийн болон хамаарал бүхий этгээдийн бизнесийн ашиг сонирхлын талаар олон нийтэд эргэлзээ үлдээхгүй байх нь улс төрчийн үүрэг.
Эцэст нь энэ асуудлыг “Хятад оролцох уу, үгүй юу”, “хэдэн мегаватт байх вэ” гэсэн ганц нэг тоогоор хязгаарлах нь өрөөсгөл.
Гол асуулт маш энгийн.
Оюутолгойн асар их цахилгааны хэрэглээг цаашид Хятадаас импортолсоор байх уу, эсвэл Монголын говийн нар, салхины нөөцийг ашиглан дотооддоо үйлдвэрлэж, импортын хамаарлаа үе шаттай бууруулах уу?
Монгол Улс өмнөд бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан уул уурхай, аж үйлдвэрийн том хэрэглэгчдээ хангаж чадвал дараагийн шатанд цахилгаан экспортлогч орон болох боломж ч бий.
Харин томоохон эрчим хүчний төсөл бүрийг улс төрийн маргаан болгож, эхлээгүй байхад нь гацаасаар байвал нэг зүйл өөрчлөгдөхгүй.
Оюутолгой цахилгаанаа гаднаас авсаар, Монголын валют гадагш урссаар байх болно.
Б.Батаа
Лхагва - 09 сарын 09,
2026
Сэтгэгдэл1
Ц.д бол жинхэнэ урвагч хорлон сүйтгэгч новш,ялаа үүрэх цаг н ирнэ лаларааа